"Эмч, сувилагч нарын цалинг нийтээр нь нэмэх нь үр дүнгүй"

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

"Эмч, сувилагч нарын цалинг нийтээр нь нэмэх нь үр дүнгүй"

"Эмч, сувилагч нарын цалинг нийтээр нь нэмэх нь үр дүнгүй"

УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр /2018.05.15/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.Тодруулбал,“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үндсэн чиглэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм. Тухайлбал,

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Эмч сувилагч нарын төлөөлөл Сүхбаатарын талбай дээр суулт зарлаад хэд хонож байна. Бид энэ талаар чимээгүй суугаад байж болохгүй. Байнгын хороо энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн салбарын ажил хөдөлмөрийг ажлын үр дүнтэй нь уялдуулан цалинг нь олгоно гэсэн. Энэ нь цалин нэмэх бус хөдөлмөрийн нөхцөл, үр дүнтэй холбох учиртай. Эрүүл мэндийн цалингийн фондыг 73 тэрбум төгрөгөөр жил бүр нэмэгдүүлбэл ажлын үр дүнтэй цалинг нь уялдуулах боломжтой. Түүнээс нийтэд нь хавтгайруулж 5-10 хувиар цалин нэмэх нь үр дүнтэй арга биш юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам дангаараа шийдэхгүй.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

-Д.Сарангэрэл гишүүний тавьж байгаа асуудлыг дэмжиж байна. Манай шинжлэх ухааны байгууллагын ажиллагсад судалгаан дээр сууж байгаа юм билээ. Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэдгийг хэлсэн.

Ингээд гишүүд байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номттойбаярын санаачилгаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланг сонсох байсан ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ар гэрийн шалтгаанаар чөлөө авсан учраас энэ асуудлыг хойшлуулсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерваторийн үйл ажиллагаа, санхүүжилт, болон бусад нөхцөл байдалтай танилцах ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан юм.

Хөгжим бүжгийн коллежийг 2017 оны долдугаар сарын 24-ний өдөр БСШУС-ын сайдын тушаалаар Консерватори сургууль болгосон. Тус сургууль нь урлагийн бага, дунд, дээд төгсөлтийн дараах болон мэргэжлийн нэмэлт боловсрол олгох, мэргэшүүлэх зорилготой. Тус сургуулийг дээд сургууль болгохоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сургуулийн зардлыг төр хариуцаж жилд дунджаар 3,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож байх, сургалтын орчныг сайжруулахад 7,1 тэрбум төгрөг шаардлагатай зэргийг харгалзан БСШУС-ын яамнаас холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн 2019 оны төсөвт тус сургуулийн  засвар, шинэчлэлийн төсвийг тусгаж, сургалтын хувьсах зардлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан батлуулахаар боллоо. Үүгээр өнөөдрийн байнгын хорооны хурал өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж