“Хасын Хүлэгүүд” түрүүлж, 50 сая төгрөг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

“Хасын Хүлэгүүд” түрүүлж, 50 сая төгрөг хүртлээ

“Хасын Хүлэгүүд” түрүүлж, 50 сая төгрөг хүртлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн финалын цувралын тав дахь тоглолт өчигдөр /2018.05.14/ Спортын төв ордонд болж, ялагч тодорлоо. Цувралыг 3:1-ээр тэргүүлж байсан “Хасын хүлэгүүд” өрсөлдөгч баг болох “Авт Төв ургац”-ыг 107:104 онооны харьцаагаар хожиж, лигийн аварга боллоо. Тоглолт өрсөлдөөнтэй болж, сүүлийн дөрөвдүгээр үед хоёр багийн аль аль нь хожил авахад ойр байсан. ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нарын хувийн алдаа гүйцэж, талбайг чөлөөлсөн ч ОУХМ О.Сэргэлэн, М.Отгонмөнх, С.Өрнүүнбилэг нар тэдгээрийн орон зайг нөхөж чадсан юм.

Өчигдрийн тоглолтод “Төв Ургац” заавал хожих даалгавартай талбайд гарсан. Тэд цувралыг цааш үргэлжлүүлэхийн тулд дахин хожих учиртай. Гэхдээ гурван хожил авсан “Хасын хүлэгүүд”-ийн тоглогч нарт давуу байдал их байлаа. Тэд ч энэ байдлаа ашиглаж чадсанаар ялалт байгуулсан юм.  Гэхдээ “Төв Ургац”-ийн гол тоглогч Энтони Харрис өмнөх тоглолтоос хөөгдсөн нь тоглолтын үр дүнд нөлөөлсөн болов уу. 

Тоглолтын эхлэлийг “Төв Ургац” сайн хийж эхний хагаст 54-48 харьцаатай тэргүүлсэн. Харин сүүлийн хагаст “Хасын Хүлэгүүд” зөрүүг ойртуулсан бөгөөд тун өрсөлдөөнтэй төгсгөлийг хийлээ. 

Тоглолтын төгсгөлд “АВТ Төв Ургац” багт тоог тэнцүүлэх боломж гарч холын шидэлтийг хэд хэдэн удаа гүйцэтгэсэн ч амжилтгүй болсноор 107-104 онооны харьцаатай “Хасын Хүлэгүүд” хожсон. Ийнхүү “Хасын хүлэгүүд” баг өнгөрсөн жилийн амжилтаа дахин баталж, лигийн аварга цолыг жил дараалан хүртлээ. Тоглолтын шилдэг тоглогчоор ОУХМ С Б.Билгүүн нэрлэгдсэн байна. Тэрбээр 25 оноо 5 самбар, 3 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жөү Рэйд 23 оноо, ОУХМ М.Отгонмөнх 17 оноо, Т.Санчир 16 оноо, 8 самбар авчээ. Харин ялагдал хүлээсэн “Төв  Ургац”-аас ДиАнжело Хамилтон 33 оноо авсан бол довтлогч С. Эрдэнэдалай, Маркус Хэммондс нарын дөрвөн тоглогч 10 дээш оноо авчээ.

Ийнхүү зургаан сарын хугацаанд үргэлжилсэн 19 дэх удаагийн Дээд лигийн тэмцээн өндөрлөлөө. Лигийн тэмцээний хүрэл медалийг Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны дэргэдэх “Алдар Танан Гарьд”  баг хүртсэн бол мөнгөн медалийг “АВТ Төв Ургац”, аваргын алтан медалийг “Хасын хүлэгүүд” хүртлээ. Мөн лигийн шилдэг гадаадын тоглогч шагналыг “Хасын Хүлэгүүд” багийн америк легионер Жөү Рэйд хүртсэн байна. Харин хувь тоглогчид очдог хамгийн нэр хүндтэй шагнал болох Тэргүүн тоглогч шагналын эзнээр “Хасын хүлэгүүд” багийн довтлогч ОУХМ Тунгалагын Санчир тодорчээ. Тэрбээр ийнхүү хоёр жил дараалан энэхүү шагналын эзэн боллоо.

Сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээний аварга баг “Хасын Хүлэгүүд” 50 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж