МАХН-аас өнөөдөр /2018.05.15/ хэвлэлийн хурал хийлээ. Учир нь өчигдөр /2018.05.14/ Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан билээ. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН-ын зарим гишүүдтэй зодолсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын гишүүн Н.Удвал, Ц.Шаравжамц нар тайлбар өглөө.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:
-МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Улсын Дээд шүүхэд өгсөн. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана.
МАХН-ын гишүүн Н.Удвал:
-Шүүгч бол аливаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгчид бусдын нөлөөнд автагдсан үйл ажиллагаа явуулж байна. Намын дотоод асуудалд оролцож байна, бусдын захиалгаар ажиллаж байна. Монголын ард түмэн авлигын сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Тиймээс Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах ёстой.
МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж:
-Улсын Дээд шүүх дээр болсон үйл явдлын талаар ташаа мэдээлэл тарлаа. О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ юм. О.Баасанхүү шүүх хуралдааны дараа зүгээр л гараад явсан.
МАХН-ын гишүүн Н.Уламбаяр:
-Миний бие О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. Тиймээс би ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өргөдөл гаргана.