Суудал ганхах эсэхэд санаа зовохгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Суудал ганхах эсэхэд санаа зовохгүй байна

Монголын Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн талаар их ярьдаг болсон. Гэсэн ч иргэдэд энэ сэдэв нэг л хүрэхгүй байх шиг?

-Хөрөнгийн зах зээл гэдэг чинь асар том, санхүүгийн нэг сектор. Хүмүүс эдийн засаг, санхүү хоёрыг хо­лиод байдаг. Санхүү гэдэг бол эдийн засагт мөнгө гэдэг “цус”-ыг шахаж өгдөг механизм. Харин энэ механизмын нэг нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлийг сан­хүүгийн механизм гэж ойлгохгүй Хө­рөн­гийн бирж гэж ойлгоод байх юм. Манайхны сэтгэхүй, хө­рөн­­гийн зах зээлийн талаарх мэдлэг үнэндээ учир дутагдалтай байна. Хөрөнгийн бирж гэдэг чинь үнэт цаасыг бүртгэж, арилждаг байгууллага. Үнэт цаас арилжих замаар хөрөнгө босгохыг хөрөнгийн зах зээл гэж нэрлээд байгаа юм. Гэтэл энэ асуудлыг буруу ойлгоод байна. Брокерын пүүсүүдийг манай харьяа байгууллага гэж хүмүүс ойлгодог. Үнэт цаасны төлбөр тооцоо будил­вал мөн л Хөрөнгийн биржийн бу­руу гэнэ.  “Би энэ талаар мэдэхгүй учраас засаг л ойлгуулах ёстой” гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байна. Иймд “Энэ бүхнийг мэдэж байж та амьдарна” гэж хэлмээр байна.

-Засгийн газраас Хөрөнгийн бир­жийн үйл ажиллагааг сайж­руулах шийдвэр гаргасан. Үүнийг таны “суудал ганхаж эхэллээ” гэж тайлбарлах нь бий?

-Миний суудал ганхах эсэх дээр би огт санаа зовохгүй байна. Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлыг 19 жил хаясан байсан. Өмч хувьчлалын ягаан тасалбартай цуг Хөрөнгийн биржийг байгуулчихаад дараа нь хаячихсан. Эргэж анхаарал тавиагүй. Харин сүүлийн таван жилд одоо хамт зүтгэж буй ажилтнуудтайгаа хамт­раад хөрөнгийн зах зээлийг хөг­жүүлэх шаардлагатай гэдгийг Зас­гийн газарт ойлгуулж чадлаа шүү дээ, би. Харин ч би баярлаад байгаа байхгүй юу. П.Жасрай гэдэг буянтны ачаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлээр мэргэшсэн анхны гурван мэргэжилтний нэг нь би гэдгийг хүмүүс мэдэхгүй дээ. П.Жасрай гуайн тушаалаар доктор, профессор Ядамсүрэн, доктор Сэржамц бид гурав Үнэт цаасны анхны хороог байгуулж байсан юм.

-Засгийн газар олон удаа бонд гаргасан. Үр дүнг хэн ч мэдрээгүй өнгөрсөн. Удахгүй бас бонд гаргах гэж байна. Хөрөнгийн биржийн захирлын хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Бонд бол зөвхөн төсвийн алдагдлын үед гаргадаг санхүүгийн эх үүсвэр биш шүү дээ. Бонд бол тухайн улс орны санхүүгийн аюулгүй байдлыг байнга хамгаалж байдаг хэрэгсэл. БНСУ-ын төсөв нь алдагдалгүй мөртлөө 1997 оны хямралаас хойш жил бүр гурван тэрбум ам.долларын бонд гаргаж байна. Санхүүгийн ямар нэгэн хүндрэл гарахад түүнийг нөхөх санхүүгийн эх үүсвэр байнга бэлэн байх ёстой учраас тэр. “Бондыг байнга гаргахгүй, нэг жил гаргаад болиод байвал дэлхий дахинаа бонд худалдан авдаг түншүүдээ алддаг” гэж солонгосууд ярьдаг. Бонд гаргаж болно. Хамгийн гол нь түүнийг худалдан авах хөрөнгө оруулагч байна уу гэдэгт асуудал байна. Дээр нь бондод хэчнээн хувийн хүү өгөхийг тооцох ёстой. Мөн бонд гаргаж байгаа байгууллагаас хэдэн хувийн шимтгэл авах вэ гээд зөндөө асуудал байна. Өмнө нь 170 гаруй тэрбумын бонд гаргаж үзсэн. Тэгэхэд тэр бондуудыг дандаа манай банкууд л авч байсан. Харин өнөө үед бондыг манай улсын  банкууд худалдан авах чадваргүй, өөрийгөө яая гэж байгааг бүгд мэднэ.

-Засгийн газар бондоо га­даадынханд зориулж, гадаа­дад худалдана гэж төлөвлөж байгаа. Монголынхоо Хөрөнгийн биржээр борлуулж болдоггүй юм уу?

-Хөрөнгийн бирж бол үнэт цаасны “дэлгүүр”. Энэ бонд манай “лангуу”-н дээр байж л байг. Хэзээ нэгэн цагт хүн худалдаж авна. Гэтэл Монголд хүн худалдаж авахгүй гэж яриад байх юм. Үгүй байхгүй юу. Хүмүүс “Авъя” гэж ирж байна. Харин Засгийн газар бондоо багцалж гаргадаг учир үнэтэй байдаг. Нэг багц нь 200 эсвэл 500 саяын үнэтэй. Гэтэл “Надад 100 мянган төгрөг байна. Энэ мөнгөндөө Засгийн газрын бонд авч болох уу” гэж иргэд сураглаж ирдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд бондыг сонирхож байна гэсэн үг. Сүүлийн гурван сард Монгол Улсын зах зээлийн үнэлгээ, топ индекс асар хурдацтай өслөө. Нэг талаас манай улс хямралаас гарч байгааг илэрхийлж буй нэг үзүүлэлт болов уу. Нөгөө талаар гадаадынхан манай улсын ашигт малтмалын компаниудын хувьцааг худалдаж авдаг болсонтой холбоотой байх. Маш их хөрөнгө оруулалт хийж байна.

-Тэгвэл Засгийн газар яагаад гадаадын бирж дээр зарна гээд байгаа юм бол?

-Би Засгийн газрын гишүүн биш, яаж мэдэх вэ. Би чинь үнэт цаасаа зарах гэж байгаа хүнийг инээж угтаад үнэт цаасыг нь бүртгээд, арилжаанаас нь шимтгэл авчихаад л суудаг байгууллагын дарга шүү дээ.

-Та Засгийн газарт дотоо­дынхоо бирж дээр арилжаалах саналаа хэлж байсан уу?

-Зөвхөн би ч биш. Төрийн өмчийн хороо хүртэл хэлж байсан.

-Засгийн газраас танай бай­гуул­лагыг хувьчлах шийдвэр гар­гасан. Зарим орноос хувьчилж авах санал ирж байгаа гэж дуул­сан. Тухайлбал, аль улсаас санал ирсэн бэ?

-УИХ дээр хувьчлалын талаар их маргасан. Хувьчлах тухай асуудал бол дараагийнх гэж би бод­дог. Хөрөнгийн биржийн үйл ажил­лагааг сайжруулсны дараа хувь­чилна гэж шийдсэн байгаа. Үүний тулд хөрөнгийн зах зээлээ хөг­жүүлж чадсан орнуудын туршлагыг судлах хэрэгтэй. Хө­рөн­гийн биржийг хувьчлах асуу­дал дээр хэд, хэдэн зүйлийг чухалчилж үзэх ёстой. Дээр нь бүртгэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тендерт оролцох журам гаргана. Франкфуртаас “Хамтарч ажиллая” гэсэн санал ирсэн. Сүүлийн хоёр жилд 16 томоохон биржтэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тэд­энд тендерт оролцох журмыг та­рааж өгнө. Засгийн газраас сая 11 байгууллагыг хувьчлах шийд­вэр гаргасан. Гэхдээ энэ бүгд бод­логын хэмжээнд яригдаж байгаа асуудлууд шүү. 

-“Эрдэнэт” үйлдвэрийг хувь­чилж, хувьцаа гаргах хэрэгтэй” гэх саналыг ямар байдлаар хэрэгжүүлбэл зохистой вэ?

-Эхлээд “Эрдэнэт”-ийг ХК болгох ёстой гэж би үздэг. Нээлттэй ХК болгочихвол 60 хувьд нь хувьцаа гар­гаад иргэддээ борлуулах бо­ломж нээгдэнэ. Ордуу­дын хувьд ч ижил. Тухайл­бал, Та­вантолгойн орд дээр гур­ван компани үйл ажиллагаагаа явуулж байна. “Тавантолгой транс”, “Энержи ресурс” болон Азийн нэг компани бий. Дээр нь төр энэ ордыг түшиглэж шинэ компани байгуулна. Эдгээрийн хувьцаанаас Монголын Хөрөнгийн бирж дээр 10 хувийг нь арилж гэж төр шаардах ёстой. Оюутолгойн ордын хувьд шинээр байгуулсан “Оюутолгой” ХХК-ийг хувьцаат компани болгоосой гэж би хүсдэг. Тэгээд мөн л 10 хувийг нь бирж дээрээ арилжих хэрэгтэй.  
   
-Та сүүлийн үед Хөдөө аж ахуйн бирж байгуулах тухай санал дэвшүүлэх болсон. Ач холбогдол, шаардлага нь юу вэ?

-Саяхны мэдээллээс харахад найман мянга гаруй өрх малгүй бол­сон байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Хөдөө аж ахуйн бирж байгуулах талаар ярилцаж байгаа. Уг яам бүтээгдэхүүний жагсаалт гаргаад гэрээг нь боловсруулах юм. Тэр гэрээг нь бид биржээрээ арилжаална. Түүнээс биш зах дээр зогсдог шиг бүтээгдэхүүнээ зарна гэсэн үг биш. 
 
-Яриагаа улс төр рүү хан­дуулья. Та бол МАХН-ын “Уламж­лал-шинэчлэл, Ард­чи­лал-шударга ёс” жигүүрийн анх­дагчийн тань хувьд МАХН-ын XI бага хурлын өмнөхөн жигүүрээс мэдэгдлийн талаар асуумаар байна. Жигүүрийнхний олонх нь уг мэдэгдлийн талаар сонсоогүй байсан. Та ийм мэдэгдэл гаргах талаар мэдэж байсан уу?

-Үгүй. Жигүүрийг үүсгэлцсэн 14 гишүүний нэг нь яах аргагүй би. Жигүүр бол улс төрийн байгууллага доторх байгууллага. Намдаа бай­гуулсан гавьяаг нь МАХН-ын XXV Их хурлаар дүгнэчихсэн. Бүр тогтоол гаргасан. Жигүүр цаашид ч байх ёстой байгууллага. Харин мэдэгдэл гаргасныг сонсоод “Цаг үеэ мэдрээгүй явдал боллоо” гэж би их харамссан. Манай жигүүрийн таван нөхрийн л гаргасан шийдвэр юм билээ. Албан ёсны мэдэгдэл биш. Бага хурлаар энэ хүмүүс хэн байв гэдгийг илрүүлж, гаргах болсон шалтгааныг нь тодруулсан. Нөхдүүд өөрөө “Бид гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Цаашид жигүүрийг элдэв шидийн ашиг сонирхол хайсан бүлэглэл, улс төрд хорогдох хүсэлтэй хүмүүсийн үүр, уурхай болгохыг хүсэхгүй байна.

-Хэн байсныг нь хэлж болох уу?

-Энэ бол намын дотоод асуудал. Тэгээд ч асуудал нэгэнт шийдэгдчихсэн учраас эргэж сөхөөд хэрэггүй биз дээ.

С.Баяр Ерөнхий сайд С.Батболдод намын даргынхаа үүрэгт ажлыг хүлээлгэж өгснийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-С.Баяр бол миний найз. Бид хоёр эрчүүдийн сайхан үерхлээр нөхөрлөдөг. Түүнийг “Атрын III аян” эхлүүлсэнд нь талархдаг. Сая намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөд нь би үнэн сэтгэлээсээ өрөвдсөн. Миний найз бол жинхэнэ лидер гэж би боддог. Гэхдээ хүнд хамгийн чухал зүйл нь амь нас шүү дээ. Ерөнхий сайд С.Батболд бол миний дүү шиг л хүн. Нэгэнд нь “Биеэ сайн эмчлүүлээрэй”, нөгөөд нь “Ажлаа сайн хийгээрэй” л гэж хэлсэн.

Б.УЯНГА
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж