Моодноос гардаггүй улстөрч

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

76:1

Моодноос гардаггүй улстөрч

Моодноос гардаггүй улстөрч

News агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн 76:1 буландаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржийг онцолж байна.


Монгол Улс парламентын засаглалтай болсон 1992 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 26 жил УИХ-ын гишүүнээр, гурван удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, тэргүүн дэд сайдаар нэг удаа ажиллаж байгаа Цэндийн Нямдоржийг танихгүй хүн үгүй. Парламентын түүхэнд тасралтгүй сонгогдсон хоёр гишүүний нэг. Өнөөгийн Монголын улс төрийн амьд архив ч гэж түүнийг хэлж болно.

Одоо ч тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй. 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгсч, ажлын гараагаа Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокуророос ажлаа эхлүүлжээ. Ийнхүү хуулийн байгууллагад ажиллаж байгаад 1992 оноос улстөрчийн гараагаа УИХ-ын гишүүнээр эхлүүлж, улстөрч Ц.Нямдоржийн намтар бичигдэж эхэлсэн түүхтэй. УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хорооны дарга, бүлгийн дарга гээд УИХ дахь бүхий л албан тушаалыг тэр хашиж байж. 1992 оноос эхлэн Ц.Нямдоржийг дагах баярт, бараан мэдээ хэвлэлийн хуудаснаа заларсаар.

Өнөөдөр ч тэр моодноос гаралгүй 65-ын бүлгийнхээ Засгийн газрыг огцруулагч нь болж, өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаараа ажиллаж байна. Сонгууль бүрээр Ц.Нямдорж сайдыг Хятадын тагнуул гэх дуулиан гарч ирдэг түүнийг дагах хамгийн бараан мэдээ. Энэ бол батлагдсан зүйл гэж Тагнуулын Ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурц хэлж байсан. Чухам ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үг улс төрийн зорилготой эсэхийг таашгүй. Дан ганц Б.Хурц гэлтгүй энэ талаар ярих хүн олон ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй нэгэн зүйл. Түүгээр ч барахгүй Ц.Нямдорж сайдыг орондоо хууль засдаг, зурагтгүй түшээ, өдийг хүртэл түрээсийн байранд амьдардаг, “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумын шахаа хийж байсан, увайгүй улстөрч, шударга үнэнийг ярьдаг ч шударга бусын хаан гэж өргөмжлүүлсэн түүнээс өнөөдрийг хүртэл Увсын сонгогчид нь урваагүй юм. Тиймээс парламентын түүхийн амьд гэрч болж, 26 дахь жилдээ төрд сонгогдон ажиллаж буй.

Хуулийн салбарыг ахалж, хуулийн байгууллагын удирдлагыг хольж, сольж эхэлсэн шударга сайдын цаад  зорилго нь өөр ч гэх батлагдаагүй яриа ч бий. Ялангуяа С.Зоригийн хэрэг болон ‘Эрдэнэт’ үйлдвэрийн асуудал дээр тэр хамгийн их дугарч, өөрийгөө шударга үнэний төлөө тэмцэгч гэж цоллож буй. Тиймдээ ч сүүлийн үед  “Эрдэнэт” үйлдвэр болон С.Зоригийн хэрэг гэсэн хоёрхон ярьдаг сэдэвтэй болсон Ц.Нямдорж сайдыг яллагдагчаар татаж магадгүй гэсэн дам яриа ч улс төрийн хүрээнд яригдах болсон. Насаараа хуулийн салбартай холбогдож, түүний гар хүрээгүй хууль үгүй энэ цаг үед түүнийг яллагдагчаар татаж, шүүхийн танхимд дуудах зоригтон байхгүй ч гэлцэх. Төрд ажилласан туршлага, жил, насыг нь бодвол энэ парламентын хамгийн зангарагтай нь тэр. Түүний талаарх олон бараан мэдээлэл үнэн эсэхийг цаг хугацаа харуулна. Гагцхүү энэ парламентын түүхэнд төдийгөөс өдийг хүртэл тасралтгүй сонгогдож, Хууль зүйн салбарыг гурван удаа толгойлсон улстөрч түүнээс өөр үгүй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1975 он: Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1981 он: ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль, Хуульч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1981-1988 он: Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
  • 1988-1990 он: Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
  • 1990-1992 он: Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
  • 1990 он: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
  • 1992-1996 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-2000 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2005 он: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2000-2004 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2007 он: Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2008-2012 он: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2008-2012 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 он: Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 он: Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
  • 2017 оноосМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

  • 2001 он: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2001 он: Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 он: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

  • Орос

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж