Дэлхий дээрх хамгийн хаагдмал улс болох Хойд Солонгос хагас зууны дараа олон улсад “үүдээ нээх”-ээр зэхэж байна. Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Жон Ун олон улстай энхийн яриа хэлэлцээ эхлүүлж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаа амласан юм. Тэрбээр ирэх зургадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар зэхэж байна. Тэгвэл энэ уулзалтын өмнө Хойд Солонгос ирэх долоо хоногт цөмийн хөтөлбөрийн талбайгаа хаах ёстой. Мөн Хойд Солонгос цөмийн зэвсэг, баллестик пуужин болон түүний материалын нөөцөө улсаасаа гаргасан нөхцөлд Вашингтоноос Пеньяны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлана гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Пеньян цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоосноор хөрш Өмнөд Солонгос улстай жишихүйц эдийн засгийн өсөлтөд хүрч чадах гэнэ.
Майк Помпео “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг аль нэг улсад туслахад зарцуулж чадахгүй боловч Хойд Солонгосын эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт тавьсан хоригоо цуцалж чадна” гэжээ. Мөн АНУ-аас хөрөнгө оруулалтыг Хойд Солонгос руу чиглүүлэхээ амлажээ.
Хойд Солонгосын талаас хараахан ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна. Хэрэв Хойд Солонгос шаардлагыг хүлээж авбал цөмийн зэвсгийн бүх мэдээллээ устгаж, 10 мянга гаруй цөмийн эрдэмтдийг гадаад руу илгээх ёстой болох гэнэ.
ХОЙД СОЛОНГОСТ ТАВЬСАН ХОРИГ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын нүүрс, төмрийн хүдэр, далайн бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл гэх мэт гол нэрийн экспортод хориг тавьсан юм. Эдгээр нь Хойд Солонгосын экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг учраас Пеньянд том цохилт болжээ. Үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард Хойд Солонгос руу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарласан байв. Хойд Солонгос нь гадаадын улсаас ялангуяа БНХАУ-аас жилд дөрвөн сая баррель түүхий газрын тосыг импортоор авч 1,2 сая баррель газ, дизель, керосин үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангадаг. Гэвч Хойд Солонгосын 280 мянган тээврийн хэрэгслийг хөдөлгөх, ахуйн хэрэгцээгээ хангахын тулд дахиад 1.7 сая баррель газрын тосны бүтээгдэхүүн шаардлагатай. Хойд Солонгосын гадаад худалдааны 90 гаруй хувь нь зөвхөн Хятад улстай явагддаг. Гэвч Пеньяны худалдааны гол хамтрагч Хятад улс ч НҮБ-ын хоригийн дагуу импортын хэмжээгээ танасан нь Хойд Солонгосын нүүрс, төмөр, зэсийн уурхайн олборлолтоо хоёр дахин багасгахад хүргэжээ. Улмаар уурхайн ажилчдын цалинг тавихад ч хүндрэлтэй болж ирсэн байв. Хоёр орны худалдаа өнгөрсөн онд Хятадын хоригоос шалтгаалан гуравны нэг хувиар буурч, 1.65 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн сүүлийн саруудад гадаад худалдааны хэмжээ 60-95 хувь хүртэл багассан байна.
Гадаад валютын нөөцгүйгээр Хойд Солонгос улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэрийн түүхий эдийг импортоор авахад хүндрэлтэй. Ялангуяа хаврын тариалалтын үе ирсэн энэ үед үр тариагаа худалдан авч чадахгүй бол Хойд Солонгос улсад ирэх жил дахиад их өлсгөлөн болно.
Пеньянд очоод ирсэн Өмнөд Солонгосын сэтгүүлчид тус улс шөнийн цагаар гудамжны гэрлээ асааж чадах хэмжээний эрчим хүчтэй, иргэд нь бүгд шахуу гар утастай, эмэгтэйчүүд нь загварлаг гэж ярьжээ. Гэвч Хойд Солонгосын иргэдийн хүнсний хомсдол, өлсгөлөнгийн талаар тус улсад очоод ирсэн хүмүүнлэгийн ажилчид үргэлж олон улсад анхааруулдаг.
Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлээр Хойд Солонгосоос Сөүл рүү зугтаж ирсэн цэргийн гэдэс шимэгчдээр дүүрсэн байснаас харвал тус улсад эм тарианы хангамж муу гэдгийг харж болно. Гэхдээ Хойд Солонгос улс өнгөрсөн онд хууль бус наймаа буюу зэвсгийн худалдаанаас 200 сая ам.долларын орлого олсон гэж НҮБ-ын хуралд АНУ-ын шинжээчид мэдэгджээ. АНУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард хоригт багтсан бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, хөлөг хооронд зөөвөрлөлт хийсэн зэргээр 56 хөлөг онгоцыг хар жагсаалтад оруулсан юм.