Ийм байхад хот яаж хөгжих юм бэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Ийм байхад хот яаж хөгжих юм бэ?

Ийм байхад хот яаж хөгжих юм бэ?

“Монгол шиг хөгжил буурай, Улаанбаатар хот шиг өнгө зүсгүй нийслэл дэлхийн хаана ч алга” гэж шүүмжлэх хэрнээ байгаагаа сүйтгэлгүй шиг амьдрах ухаан монголчуудад үгүйлэгдэх болсоор удлаа.

Хаа таарсан газраа ‘морь харна’, нусаа нийж, шүлсээ хаяна. Ундаа, усны саваа хаа ч хамаагүй чулуудна. Хөрөнгө, хүч зарж, ур ухаан шингээж хийсэн хөшөө дурсгалуудыг эвдэнэ, сүйтгэнэ. Жишээ татвал, саяхан Сөүлийн гудамж дахь “Аз жаргалтай Улаанбаатар” баримлын нэгийг эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан. Камерт хэргийн эзний дүрс нь үлдсэн гэдэг ч одоо хэр нь олдоогүй. Эвдэрч хэмхэрсэн хөшөөтэй байлтай биш нийслэлээс дахин хөрөнгө гаргаж, сэргээн засварлав. Энэ мэтчлэнгээр хэчнээн хөшөө дурсгалууд сүйтгэгдэж, сэргээн засварлах хөрөнгийг ахин, дахин гаргуулсан бол… Мэдэгдсэн нь энэ болохоос мэдэгдэхгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрч буй нь  бас бий. 

Бэртэгчин авир дээрх зөрчлөөр хязгаарлагдахгүй. Хүүхэд багачууд, хөгшид улаан гэрэл асахаас урьтаж гарцаар гарчих гээд л сандарч явахад нь автомашиныхаа дохиог чангаар дуугаргана, зүтгэнэ. Цочсон нэгнийг хараад бах таваа хангаж шоолно. 

Бороо орсон үед авто замд тогтсон усан замаар хэргээр хурдтай давхин гарч, хажуугаар нь явж байгаа хүмүүсийг шавхайгаар булна.

Ид түгжрэлтэй үед жолоо барьж явж, биендээ хүлээцтэй хандах наад захын соёл байдаггүй. Хэдхэн секунд хүлээхэд л болох зүйл дээр биенээсээ өрсөх гээд л авто машинаа зүтгүүлнэ, мөргөлдүүлнэ.

Хэрүүл маргаан үүсгэж, дээрэлхүү хандах ч энүүхэнд. Эмэгтэй хүн жолоо барьж явбал бүүр элдэвлэнэ. Шахах, гүйцэж түрүүлэх бол наад захын жишээ.

Саяхандаа уур омгоо багтааж ядсан залуу УБД-3705 улсын дугаартай “Приус” маркийн машин жолоодож явахдаа эмэгтэй жолооч руу дайрч хүч хэрэглэхийг завдсан. Машиных нь толийг эвдэж, хаалгыг нь өшиглөсөн байдаг.

Бичлэг нь цахим ертөнцөд тавигдсанаар ийм үйлдэл гаргасан хүн ямар муухай харагддагыг бултаараа шүүмжилсэн. Ерөнхий байр байдал бол ийм л болсон.

Зөрчлийн хуулиар түүний гурван сар жолоо барих эрхийг хассаны зэрэгцээ 50 мянган төгрөгөөр торгосон. Өөр оронд бол гурван сар биш гурван жилээр жолоо барих эрхийг нь хасах байсан биз. Ингэж бодохоор энэ мэт балмад ааш авир гаргаж байгаа этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг улам чангалмаар ч юм шиг.

Хамгийн хачирхалтай нь, өөрсдөө ийм авир араншин гаргах хэрнээ гадаадын нэг хүн Сүхбаатарын талбайн зүлгэн дээр хувцсаа тайлаад амарч байсан зургийг хараад эвэртэй туулай үзсэн мэт шүүмжилцгээж, хэнд ч ямар ч гэм хийгээгүй байхад нь шийтгэл хүлээлгэх ёстой гэж цуурна. Бүр “Гадаадын иргэн даварч байна” гэж нүд үзүүрлэхийг яана. Тэгсэн хэрнээ гадаадын хөгжлийг гайхацгаана. 

Ингэхэд хэзээ монголчууд хотжиж, наад зах нь хогоо зориулалтынх нь саванд хийчихдэг, замын хөдөлгөөнд оролцохдоо биендээ хүндэтгэлтэй ханддаг. Үзвэрийн газраар үйлчлүүлэхдээ гар утсаа хангинуулж, бусдын эрхэнд халддаггүй болох юм болдоо.

Ер нь бол хот хөгжихгүй байна гэж гомдол тавихын оронд өөрөө би хэн болж байна вэ гэдгээ бодох цаг иржээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж