“Монголоо сонсъё” үндэсний аян өнөөдөр нээлтээ хийлээ. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллана. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон ҮБХ-ны гишүүд, орон нутагт ажиллах менежерүүд, аймгийн Ардчилсан намын дарга нар оролцсон юм. “Монголоо сонсъё” аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ирэх сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор тус аяныг зохион байгуулж байгаа гэдгээ Ардчилсан намын удирдлагууд нээлтийн үеэр онцолж байлаа.
З.Нарантуяа: Энэ бол ард түмнийг хамрах үндэсний хэмжээний аян
-Ардчилсан нам хоёр жилийн хугацаанд намаа шинэчлэх маш их ажилтай байлаа. Энэ хугацаанд хийсэн ажлаа ард түмэнд ойлгуулах, таниулах, амьдралд нь тулгамдаж байгаа гол асуудлыг тодорхойлоход аяны зорилго оршиж байна. Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулж байгаа ажил биш, монголын ард түмнийг хамрах үндэсний хэмжээний аян. Улстөрийн намууд сонгуулийн үеэр ард түмэнд маш сайхан амлалт өгдөг. Харамсалтай нь бодит байдал дээр амлалт нь огт хэрэгждэггүй. Энэ удаагийн УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа 65-ын бүлэг, түүний Засгийн газар амлалтаа огт биелүүлэхгүй байгаа талаар ард түмэн ярьж байна. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулж, аяны хүрээнд иргэдээ сонсч, бодит байдалтай газар дээр нь танилцах юм.
Б.Төмөрхуяг: “Монголоо сонсъё” аян энэ сарын 19-нд Дорноговь аймагт эхэлнэ
/Дорноговь аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга/
-“Монголоо сонсъё” аян Дорноговь аймагт энэ сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Манай аймгийн хувьд 14 сум, аймгийн төвийн долоон баг нийт 21 нэгжид төлөвлөсний дагуу арга хэмжээ зохион байгуулж, Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна тэдний санал, хүсэлтийг сонсох юм. Дорноговь аймагт Ардчилсан намаас хийж, хэрэгжүүлсэн ажлын алдаа, оноо, ард түмний амьдралд тулгамдаад байгаа асуудалтай газар дээр нь танилцаж, тэднийг сонсох, хүсэлтийг нь уламжлах зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.