Тэсч үлдэх нь ХҮН-ын хамгийн том зорилт

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Тэсч үлдэх нь ХҮН-ын хамгийн том зорилт

Тэсч үлдэх нь ХҮН-ын хамгийн том зорилт

Хөдөлмөрийн үндэсний нам Дээд шүүхэд бүртгүүлээд төд удалгүй хагарч бутарсан ч Б.Найдалаа болон түүний нөхөд дахин нэг үзээд алдахаар шийдсэн бололтой. Учир нь ХҮН-ын шинэчилсэн дүрмийг  Дээд шүүх өчигдөр /2018.05.14/ улсын бүртгэлд бүртгэв.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн С.Ганбаатарыг даргаараа томилсноор ХҮН-ын хагарал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатарыг эсэргүүцэгчид намаа “хагалж”, эцэс төгсгөлгүй маргаан дэгдсэн юм. Ингээд зарим гишүүд нь С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг даргаараа сонгосон. Харин зарим нь С.Ганбаатар намын дарга хэвээрээ байгаа гэж ‘гүрийсэн’ нь амжилт олоогүй билээ. Ингээд тамгатай, тамгагүй дарга нар толхилцож явсаар УИХ-ын сонгууль ч болсон. Гэтэл Б.Найдалаа, Т.Доржханд нарын хүмүүс бие даагчийн статусаар, С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусаар сонгуульд өрсөлдөөд “өвдөг шороодсон” юм.

Тухайн үед ХҮН-д үлдсэн хэсэг гишүүд нь УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ илэрхийлсэн боловч тамга тэмдэг, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар СЕХ бүртгэхээс татгалзсан юм.

ХҮН анх байгуулагдах үедээ боловсон хүчний нөөц, бодлого зорилтоороо улстөрчдийн халаасны намуудаас ялгарч байсан ч хэдхэн сарын дотор хагарч бутарсан. Энэ асуудалд хоёр том намын хор гүйсэн гэж хардах нэгэн ч бий. Харин одоо Б.Найдалаа намаа тэргүүлж, 1000 гаруй гишүүдийн хамтаар 2020 оны сонгуулийн бэлтгэлдээ орлоо. Тус нам энэ оны гуравдугаар сарын 25-нд өдрийн ээлжит бус Их хурлаа хийж намынхаа дүрмийг шинэчилсэн аж. ХҮН-ын хувьд ирэх сонгууль хүртэл тэсч үлдэх нь эхний зорилт. Тэр ч утгаараа тус намынхан их л хашир “үзэх” бололтой.

Хаалгаа байтугай хаяа­гаа ч шууж үзээгүй улс төрд салхи оруулах цаг болсон гэж хаа сайгүй ярьдаг ч сонгууль болоход ард түмэн өнөөх л сонголтоо хийдэг. Судалгааны байгууллагуудын дүнгээс харахад хоёр том намын рейтинг навс унасан. Ийм үеийг ашиглан жижиг намууд идэвхжиж, ирэх сонгуулийн бие халаалтаа хийж эхлэв бололтой. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж