"Эхнэр, нөхөр бие биеэ сексээр дутааж байна"

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

"Эхнэр, нөхөр бие биеэ сексээр дутааж байна"

"Эхнэр, нөхөр бие биеэ сексээр дутааж байна"

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар жил бүрийн тавдугаар capын 15-ныг ‘Гэр бүлийн өдөр’ болгон тэмдэглэх тогтоол баталсан байдаг. Энэ дагуу 1994 оноос энэ өдрийг тэмдэглэж болжээ. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл.

Дэлхийн гэр бүлийн өдрийг энэ жил Монгол Улс 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Эл өдөр сүйдтэй баярлаад байх биш, хүн бүр гэр бүлийн харилцаа руугаа өнгийж хараасай гэдэг үүднээс Гэр бүл судлаач, Шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжилтай гэр бүлийн харилцаа болон зөрчлийн талаар илэн далангүй ярилцлаа. 


-Юуны түрүүнд гэр бүл тогтвортой байх цөм суурь юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

Гэр бүлийн тогтвортой, сайн сайхан, аз жаргалтай байхыг уг сурвалж нь хайр сэтгэл юм. Гүн зузаан, бат бөх хайр сэтгэлтэй байж гэмээнэ бат бөх тогтуун гэр бүл амьдарч чадна. Нэгэнт хуримаа хийж эхнэр, нөхрийн ариун холбоонд зангидагдсан бол хайраар дутаахгүй, дутахгүйн тулд гэр бүлийн харилцааны хүрээнд бие биеийнхээ өмнө харилцан үүрэг, хариуцлага хүлээж, түүнийгээ биелүүлэх нь бат бөх гэр бүл байхын баталгаа болдог. Таны бие сэтгэл дотор  хань нөхрөө хайрлах хүсэл ердийн байдлаас илүү хүчтэй болох тусам хань нөхрөө өөрөөсөө илүү хайрлаж эхэлдэг.  Эсрэгээрээ  бие биеэ дотоод талаас нь гүйцэд таниагүйгээс зөрчил үүсгэдэг. Өөрийнхөө “би”- гээ мэдэх нь хань нөхөр, үр хүүхэдтэйгээ харилцах арга барилаа зөв сонгох боломжийг олж авна. Хоёр хүн бие биедээ итгэж аажмаар өөрсдийнхөө дотоод шинжийг гаргаж цаад хүнийхээ “би”-г мэддэг болсны дараа бие биедээ түшиглэж, өөрсдийн зан чанар, хүслийг халамжаар дамжуулснаар нөгөө хүсэж буй хайраа бий болгож чадна. Хайраар дүүрэн гэр бүл харилцан итгэлцэл, хамтдаа байх гол цөм нь харилцаа сэтгэлд тулгуурлагдана. Өөрөөр хэлбэл, бор зүрх, оюун санаа хоёрын нэгдэл юм.

Хосуудын харилцааг тогтвортой байлгах тулгуур үндэс нь жинхэнэ хайр, халамж, сексийн харилцаа. Энэ гурвын аль нэгийг дутаах эсвэл хэтрүүлж болохгүй. Дутааснаар зөрчил үүснэ. Өнөөдөр гэр бүл, залуу хос зөрчилтэй байгаа нь дээрх гурвын аль нэгийг эсвэл гурвуулыг нь дутаасантай шууд холбоотой.

-Гэр бүлийн дунд жинхэнэ хайр, халамж, сексийн харилцаа гурвын аль нь  илүүтэй орхигдож байна вэ?

Хосууд бие биеэ ихэвчлэн сексийн харилцаагаар дутааж байна. Өөрөөр хэлбэл, бие биеэ хангаж байгааг мэдрэхгүйгээр дутаадаг. Үүнээс болж голж эхэлдэг. Эндээс л нууц амрагийн харилцаа эхэлж байгаа юм. Зарим хүүхнүүд хэлдэг л дээ. “Би нөхрөө юугаар ч дутаагаагүй” гэж. Дутаахгүйн тулд юу хийв гэхээр хэлбэр төдий буюу материаллаг зүйлтэй дандаа холбогддог. Гэтэл сексээр бие биеэ хангаж чадахгүй байгаагаа ихэнх хос мэддэггүй. Бэлгийн таашаал сэтгэл ханамжид тулгуурлагддаг. Сексээр хангаж чадаагүйгээс сэтгэлзүйн хямрал үүсдэг. Тэгэхээр хосууд маань хайр, халамж, сексээр дутааж эсвэл хэтрүүлж байна уу гэдгээ байнга анхаарах хэрэгтэй.

-Хэтрүүлнэ гэж байх нь ээ?

-Байлгүй яахав. Хэрээс хэтэрсэн хайр, байнгын “уяатай” байх хэлбэрээс ангид байхыг хэлж байгаа юм. Ийм сэтгэл хүнийг боол мэт болгодог. Та өөрийн залуу эсвэл эмэгтэйд хэт шунаж, уягдсан бол энэ чинь жинхэнэ хайр дурлалаа олоход саад болно. Чамгүйгээр би амьдарч чадахгүй гэж хэлсээр байгаад л эхнэр, нөхөр болчихдог. Гэтэл гэр бүл тогтворжиход тодорхой үе шат гэж байна. Эхний гурван жил бие биеэ таньж мэдэх хугацаа. Үүний дараагийн 3-5 жилд тогтвортой гэр бүл болох суурь нь тавигддаг. Ингэхдээ өөр өөрийн зан араншингийн онцлогоос хамаарч хайрын хэл нь өөр өөр байдаг гэдэг. Магадгүй зарим нь сайхан үг сонсох, үнсүүлэх, тэврүүлэх, хамтдаа зугаалах гэх мэт олон янзын мэдрэмжээр ойлголцдог. Харин зөрчилдөөний гол шалтгаан нь юу хүсэж байгааг нь төдийлөн асуудаггүйд алдаа гаргадаг. Энэ үед  харилцаагаа яаж авч үлдэх үү гэдэг нь хамгийн чухал.

Зөрчилдөөний эх үүсвэрийг гаднаас хайх бус надтай л холбоотой гэдгийг өөртөө зоригтой авч сур. Манай хүүхнүүд үүнийг зөвшөөрдөггүй. Манай нөхөрт л буруу бий гэдэг. Энэ бол алдаа.

Болж байгаа, болохгүй байгаа юм бүхэн нэг үүсгэгчтэй. Үүсгэгч нь надаас шалтгаалдаг гэдгийг хосууд дор бүрнээ хатуу ойлго. Асуудалтай битгий тэмц, битгий тэмцэлд. Үүний оронд тэвч. Тэвчиж чадахгүй гэж бодож байгаа бол асуудлын үүсвэр нь чамд байна гэсэн үг. Үүнийг л хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.

-Хань, нөхрөө хайраар дутаахгүй, хайраар дутахгүйн тулд давын өмнө юуг харилцаандаа анхаарах нь зүйтэй вэ?

-Гэр бүлийн харилцаанд хайраар дутах, дутаах асуудал сөрөг агуулгатай үг, хэллэгээс үүсдэг. Хөгшин, залуугүй  өдөр тутам таван зүйлийг харилцаандаа анхаарах хэрэгтэй. Хосууд илэн далангүй ярилцаж бай. Эхнэр, нөхрийн ёсоор бие биеэ хүндэтгэ. Сэтгэлийн аз жаргал эдлүүл. Харилцан итгэ. Итгэлцэл тогтсон цагт сэтгэл түвшин байна. Итгэлцэлтэй болж, хоорондоо чөлөөтэй харилцдаг болсон бол өөрийгөө нээн харуулдаг.

-Ямар гэр бүлийг аз жаргалтай гэр бүл гэх  вэ?

-Сэтгэл түвшин амьдарч буй гэр бүлийг хэлнэ. Зөрчил үүсэх шалтгаан байхгүй, ойлголцлын шатыг давсан гэр бүл.

-Халамж, хайраар  дутсан нөхцөлд эхнэр, нөхөрт ямар байдлууд илэрдэг вэ?

-Монгол эрчүүдийн эхнэртээ үзүүлэх халамж нь үйл ажиллагаагаар илэрдэг. Ингэхдээ халамж гэдгийг эд материалтай холбож ойлгодог. Гэтэл халамж гэдгийн цаана хайрлах харилцааны үндэс нь холбогддог. Сүүлийн үед хосуудын сексийн харилцаанд түгээмэл хэд хэдэн асуудал гарч байна. “Би секстээ ханаж чадахаа болилоо” гэж ихэнх хүүхнүүд хэлдэг. Эрэгтэй нь өөрийнхөө зорилгоо биелүүлчхээд л буруу хараад унтчихдаг. Эхнэрээ ханаж байна уу, таашаал авч байна уу гэдгийг огт анхаардаггүй. Нэгэнт гэр бүл болсон бол сексийн харилцаанд илэн далангүй ярилцах хэрэгтэй. Сексийн ханамж авахгүй байгаа  тохиолдолд  энэ нь сэтгэлзүйгээр шууд илэрдэг. Урд орой нь сайхан ааштай байснаа маргааш өглөө нь хаврын тэнгэр шиг болчихдог хүүхнүүд зөндөө бий. Энэ нь бэлгийн таашаал авч чадахгүй байгаагийн илрэл юм. Энэ тохиолдолд эхнэр, нөхрүүд сексийн харилцаандаа бид хоёр ойлголцож чадахгүй байна гэж  ойлгох хэрэгтэй. Халамжаар дутсан хүн үг хаях, үг мушгих, уурлах, тайван бус байх, дуугаа хураах, гомдоллох, хардах сэтгэл төрөх, өөртөө итгэх итгэл сулрах зэрэг шинжээр илэрдэг.

-Гэр бүл юунаас болж зөрчилдөж улмаар салахад хүрч байна вэ?

-Гэр бүлийн амьдралд сайн, сайхан, аз жаргалтай үе зөндөө байдаг ч мөн хэрүүл маргаантай хэцүү үе ч тохиолддог. Зөрчлийн гол шалтгаан нь насны онцлог, нийгмийн нөлөө, оюун санааны хэмжүүр, үндэс угсааны ялгаа, санхүүгийн чадавх нөлөөлдөг. Эдгээрээс гадна гэр бүлийн харилцаанд үгийн сонголт тун чухал. Гэр бүлийн зөрчил хайраар дутах, дутаах асуудал сөрөг агуулгатай үг, хэллэгээс үүсдэг. Харилцан бие биедээ аль болох эергээр нөлөөлөх үг хэллэгийг сайтар бодсоны эцэст хэлж занших хэрэгтэй. Энэ нь харилцан бие биедээ таатай сэтгэгдэл төрүүлж байх үндэс нь болдог. Мөн харилцан бие биедээ нээлттэй байдаггүйгээс үл итгэж, хардах сэрдэх. Сексийн чадвар ямар шүү байгаагаа хосууд дор бүрнээ цэгнэж боддоггүй, эсвэл итгэл эвдэж мэхлэгдсэн зэрэг олон шалтгаанаас зөрчилдөөн үүсдэг.

-Тэгвэл гэр бүлийн харилцаа хэврэг болсон нь юутай холбоотой вэ? 

-Ханилах нь маш хурдан болчихсон. Өөрөөр хэлбэл хэнтэй, ямар зан ааштай хүнтэй  гэр бүл болж байна гэдгээ таньж мэдэлгүйгээр гэр бүл болчихдог. Анхан буюу дурлалын явцад хүний сайн, муу нь мэдэгддэггүй. Ер нь хүн өөрийгөө бусдын зан чанарт тохируулж гэрлэдэг атлаа гэрлэсний дараа өөрийнхөө зан чанарт ханиа тохируулахыг хүсдэг. Ингэснээс болоод харилцааны зөрчлүүд үүсэж эхэлдэг. Хойшид монгол гэр бүлүүд сексийн харилцаандаа ихэд анхаарах цаг нь ирсэн. Нээлттэй байх ёстой энэ сэдэв нь хаалттай болох тусам эрсдэлтэй. Хань нөхрөө сексээр дутааж болохгүй. Дутааснаас зөрчил, асуудал үүснэ. Үүнээс гадна бэлгийн амьдралыг дөрвөн улирлын онцлогтой уялдуулах нь ч бий.  Тухайлбал, хаврын хахир цагт хүн, малгүй ядардаг. Энэ үед бэлгийн амьдралаа цөөрүүл гэж анагаах ухаанд үздэг. Долоо хоногт 1-2 удаагийн давтамжтай. Өөрөөр хэлбэл хавар, зундаа бэлгийн ажлаа цөөрүүлэх. Энэ нь тухайн улирлын шинж байдалтай уялдуулж байгаа хэлбэр. Намрын цагт хүүхэд олох нь сайн гэж ярьдаг нь үүнтэй холбоотой.

-Сүүлийн үе хожуу гэрлэх тохиолдол элбэгшиж байна. Гэрлэх тохиромжтой насны тухайд яривал? 

-Хөгжингүй орнуудын хувьд хожуу гэрлэлт буюу 25 наснаас хойш гэрлэх нь түгээмэл. Манайд ч гэсэн энэ хандлага ажиглагдаж байгаа нь үнэн. Монгол эмэгтэйчүүд 22-23 насандаа, эрчүүд нь 24-27 насандаа гэр бүл болоход ихэд тохиромжтой нас. Яагаад гэвэл 25 нас хүрэхэд тухайн хүн бүх талаараа дээд зэргийн чанартай болдог. Үрийн чанар, сэтгэлзүй, бие бялдрын хувьд бүрэн гүйцэт хөгжсөн гэсэн үг. Эрдэмтийн хэлж байгаагаар, 25 наснаас хойш үр боловсруулах чанар нь буурдаг гэж үздэг. Эмэгтэй хүн өөрөөсөө 3-4 нас ах хүнтэй гэрлэвэл сайн. Сүүлийн үед гэрлэлтэд ашиг сонирхол давамгайлдаг болчихсон байна. Жишээ нь, 25 настай бүсгүй өөрөөс 10 насаар ах хүнтэй гэрлэлээ гэхэд залуу, бүсгүй хоёрын сонирхол болоод, алхаа гишгээ, идэж уух, үзэж харах сонирхол нь огт өөр. Тэгтэл 30 нас гарсан эр хүний хувьд амьдралд хэдийнээ хашир суусан, бүх зүйлд туршлагатай болчихсон байдаг. Ингэснээр “дүү” эмэгтэйгээ өөрийн дураар байлгахыг илүүд үздэг. Харилцан бие биеэ нөхөх бус нөгөө талд харилцаа шилжчихдэг гэсэн үг л дээ. Манайхан үе дотроо гэж ярьдаг нь ийм учиртай.  Наад зах нь алхаа гишгээ, санал бодол, хандлага нь харилцан нийлэхийг хэлж байгаа юм.

-Насны зөрүүтэй гэрлэлтэд хайр байх нь ховор гэж ярих нь элбэг. Судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?

-Яахав, ханилах явцдаа хайр үүсэх магадлал бий. Миний судалснаар гэрлэлтийн 10 гаруй хэлбэр бий. Үүний нэг хэлбэр нь гэсэн үг. Хайр сэтгэлд нас хамаагүй гэж ярьдаг. Гэвч бодит байдалд насны зөрүү ихэд гардаг. Хэрэв та нас хол зөрүүтэй хүнтэй гэр бүл болсон бол амьдрал чинь бодож байснаас тэс өөр байж магадгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь олон нийтийн дунд орж байж л ханиа сонгоно доо.

Ганц бие залуус гадуур яв, уулз, нарги, цэнгэ, хөгжилд, ярилц, сэтгэлээ нээ. Ингэж байж л ханиа олно.

-Биднийг бага байхад настнууд “Сайн эхнэр болох эмэгтэйг алхаа гишгээгээр нь шинждэг’ гэж ярьдаг байсан. Энэ нь хэр үнэний ортой вэ?

-Тийм ээ. Эрт цагт бидний өвөг дээдэс бэр болох хүнээ олон аргаар шинждэг байсан. Удмаа үлдээх чадвартай эсэхийг нь барын алхаатай зүйрлэхээс гадна шээсний хэлбэрээр нь шинждэг байсан гэдэг. Бие, хэл, сэтгэл гурваар шинжих ёсон ч гэж бий. Монгол эрчүүд дээр үеэс эхнэр болох бүсгүйгээ сайхан бүсгүй, гоё бүсгүй, хөөрхөн бүсгүй гэж хэлж заншсан. Сайхан гэдэг нь цогц ойлголт юм. Тиймээс эхнэр болох хүнээ сэтгэл сайхантай эсэхийг нь мэд гэж буурлууд зөвлөдөг байсан. Орчин үед удам судар, ар талыг нь харах чухал болж байна. “Хулгайчийн хүүхэд хулгайч болдог” гэдэг үг оргүй зүйл бас биш шүү. 

-Ярилцсанд баярлалаа.                                                                                  

Ш.АДЪЯАМАА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж