Циркийн хойно машинаа тавиад Гэрэлт гудамж руу зүүн талын хэсгээс нь алхаад ороход нохойгоо салхилуулах залуус, ролик унасан хүүхэд, залуустай тааралдах нь гэрэлт гудамжинд хүн сийрэг байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэв. Гэвч гудамжны төв хэсэг рүү ойртох тусам хүний хөдөлгөөн эрс нэмэгдэв.
Улаанбаатар хотыг Зүүн хойд азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох хотын даргын шийдвэрээр өнгөрсөн жилээс хотын энэ хэсгийг тохижуулж, автомашингүй гудамжийг бий болгосон юм.
Хоёр дахь жилдээ энэхүү гудамж нь зөвхөн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм. Ингээд тус гудамжны менежментийн багаас зарим зүйлийг тодруулахад “Гэрэлт гудамж нь долоо хоног бүрийн Баасан гаригийн 20.00 цагаас ням гаригийн 06.00 хооронд ажиллана. Энэ жил гудамжийг “Наран молл” их дэлгүүр хүртэл баруун тал руу сунгасан. Шинээр бий болсон гудамжид гэр бүлээрээ салхилах боломжтой хөтөлбөр, арга хэмжээтэй орчин бий болгоно. Нэг ёсны архи, тамхигүй орчин бүрдүүлнэ гэсэн үг. Харин өмнөх хэсэгт нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан байх бөгөөд тамхи татах цэгийг тусдаа байгуулж өгнө” гэлээ.
Гэрэлт гудамжинд ирсэн хүмүүсийг ажиглахад дийлэнх нь 16-25 насны залуус харагдах нь залуусын гудамж юм уу гэж бодогдохоор юм. Нэг сайшаалтай тал нь зохион байгуулагч менежментийн баг чанга яригч, радиогоор тамхи ил татахгүй байх, хог хаягдлаа гудамжинд хаяхгүй байх, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг уриалж байв. Гэвч бодит байдал дээр залуус тамхи татан, шар айраг барьсан залуустай тааралдах нь элбэг юм.
Иргэд ч “согтууруулах ундааг хараа хяналтгүй зарлаа. Гэрэлт гудамж архины гудамж боллоо” гэсэн шүүмжлэлийг дайж байлаа. Энэ тал дээр зохицуулалт хийхгүй бол оршин суугчдын амар тайван байдал алдагдаж болзошгүй юм.
Гэхдээ энэ удаад архидан согтуураад бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл гарсангүй. Эргүүлийн цагдаа нар ч сайн ажиллаж харагдав.
Гэрэлт гудамжийг чимсэн нэг тоглолт болж байсан нь сайн дурын залуу уран бүтээлчдийн тоглолт юм. Битбокс, бүжгийн тэмцээн гэх мэт тэмцээнүүдээр залуус хоорондоо өрсөлдөж байлаа.
Биднийг 22.00-00.00 цаг хүртэл гэрэлт гудамжинд байх хугацаанд иргэдийн хөл хөдөлгөөн төдийлөн буурах битгий хэл улам л нэмэгдэж байв. Гэхдээ гэрэлт гудамжид сонирхчихоор зүйл төдийлөн анзаарагдсангүй ээ. Хэдхэн аж ахуйн нэгжүүд түргэн хоол /бургер, шорлог, хөнгөн зууш/ ус ундаа, шар айраг зарахаас хэтэрсэнгүй гэж хэлж болно. Харамсалтай нь, автомашингүй, гэрэлт гудамжинд гэрэл нэмэхээс өөр олигтой зүйл нүдэнд торсонгүй. Цугласан олон залууст түргэн хоол, шар айрагаас өөр зориулсан энтертаймент үзүүлбэр, үйлчилгээ дутмаг байлаа.
Энэ үеэр Гэрэлт гудамжинд зайрмаг зарж буй Н. Дөлгөөнтэй хэсэг зуур ярилцлаа.
-Гэрэлт гудамжийг нээгээд хоёр хонож байна. Хүн хэр байна?
-Хүмүүс зөндөө байна. Нээлт хийсэн өдөр бол бүр их байсан. Өнөөдөр харин гайгүй байна гэхдээ л бас хүнтэй шүү.
-Чиний хувьд энэ гудамжинд хэдэн цаг зогсдог юм бэ?
-Бид энд ээлжилж зогсдог. Голдуу өглөө ирээд шөнийн 03.00 цаг хүртэл зогсдог. Амралтын өдрүүдэд замыг нь бүрэн хаадаг юм.
-Үйлчлүүлэгчдийн хувьд ямархуу хүмүүс байна?
-Ерөнхийдөө залуучууд байдаг юм.
Н. Ганбат