Швейцар улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Швейцар улсын шигшээ баг

Швейцар улсын шигшээ баг

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд 1 сар үлдлээ. ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийн танилцуулгыг хүргэж байгаа билээ. Энэ удаа Е хэсэгт багтсан Швейцар улсын шигшээ багийг танилцуулж байна.

  • Дасгалжуулагч: Владимир Петкович
  • Багийн ахлагч: Штефан Лихтштайнер
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Хайнц Херманн 118 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Александр Фрэй 42 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 6
  • ДАШТ-нд оролцсон тоо: 10 удаа оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 5 удаа хэсгээс гарч байсан

Москва хүрэх замд:

Швейцарын шигшээ баг Европын шатны В хэсэгт Португалын араас 2-р гарч плэй-оффт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын харъяа Умард Ирландын багтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-0 харьцаатай хожиж Оросыг зорих эрхээ авсан. Тэрээр Умард Ирландын Бельфаст хотноо болсон тоглолтонд Швейцар улс Р.Родригесийн 11 м-н торгуулын цохилтоор оруулсан ганц гоолоор ялалт байгуулсан. Ийнхүү Швейцарын шигшээ баг сүүлийн 4 дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй болоод байна.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Швейцарын шигшээ багийг тийм ч сул бүрэлдэхүүнтэй гэж хэлэхгүй. Европын ТОП лигүүдэд тогтмол тоглож байгаа байрлал бүртээ шилдэг тоглогчид бий. 2014 оноос хойш Швейцарын шигшээг удирдаж байгаа Босни дасгалжуулагч В.Петкович Орос руу явах 23 тоглогчийг зарлах ёстой.

Хаалгач: Я.Зоммер (Боруссиа Мюнхенгладбах), Р.Бюрки (Боруссиа Дортмунд), М.Хитц (Аугсбург), И.Мвого (Лайпциг), Г.Кобел (Хоффенхайм). Хаалган дээр дандаа Германы клубуудэд тоглож буй хаалгачид бий. Тэдгээрээс Боруссиа Дортмунд болон Боруссиа Мюнхенгладбах клубуудын гарааны хаалгачид шигшээ багийн хаалгыг манах нь тодорхой. Харин үлдсэн 3 хаалгачдаас нэг нь шигшээ багтаа багтаж Оросыг зорино.

Хамгаалагч: С.Лихтштайнер (Ювентус), Й.Журу (Туркийн Антальяспор), Р.Родригес (АС Милан), Ф.Шер (Депортиво), М.Ланг (Швейцарын Базель), Ф.Мубанже (Тулуз), Т.Клозе (Норвич Сити), У.Гарсиа (Нюрнберг), Н.Эльведи (Боруссиа Мюнхенгладбах), М.Аканжи (Боруссиа Дортмунд). Италийн Ювентус клубт хүчин зүтгэж буй шигшээ багийн ахлагч С.Лихтштайнер болон АС Милан клубт тоглож буй Р.Родригес нар хамгаалалтын гол хөдөлгүүр юм.

Хагас хамгаалагч: В.Бехрами (Удинезе), Ж.Фернандеш (Айнтрахт Франкфурт), Б.Жемайли (Болониа), Г.Жака (Арсенал), Ф.Фрай (Швейцарын Базель), С.Цубер (Хоффенхайм), Р.Фройлер (Атланта), Д.Закариа (Боруссиа Мюнхенгладбах). Хүчирхэг чацтай Г.Жака бол Швейцарын дундын шугаманд гол тоглогч юм. Мөн Италийн лигийн Удинезе багт тоглож буй В.Бехрами шигшээ багийнхаа салшгүй нэгэн хэсэг болно.

Довтлогч: Ж.Шакири (Стоук Сити), Э.Дердийок (Туркийн Галатасарай), А.Мехмеди (Вольфсбург), Х.Сеферович (Бенфика), Й.Дрмич (Боруссиа Мюнхенгладбах), Б.Эмболо (Шальке04), М.Гарванович (Хорватын Динамо Загрекб), Д.Оберлен (Швейцарын Базель). Цагтаа Бавари Мюнхен клубт хүчин зүтгэж байсан Ж.Шакири 2-3 жилийн өмнө шигшээ багийнхаа гол довтолгооны хөдөлгүүр байсан. Одоо бол түүний орон зай нэгэнтээ багассан Германы лигт тоглож буй довтлогчид илүү байр суурь эзлэх болов уу? Тэр дундаа Боруссиа Мюнхенгладбах клубын Й.Дрмич болон Шальке04 клубын Б.Эмболо нар дасгалжуулагчийн тэргүүн сонголт болох магадлал өндөр юм.

ДАШТ-ний хэсэг:

Швейцарын шигшээ баг Бразилын шигшээ багийн араас Е хэсгээс хэсгээс 2-р гарах боломжтой. Е хэсэгт Швейцарын шигшээ багт Бразил хамгийн хүчтэй өрсөлдөгч байх бол Коста-Рика болон Сербийн шигшээ багийг хожих боломж өнөөгийн шигшээ багт бий. Босни дасгалжуулагч В.Петкович Швейцарын шигшээг тун сайн удирдаж байгаа. Үүнийг илтгэх нэг үзүүлэлт бол ДАШТ-ний сорил тэмцээнд хэсэгтээ ердөө нэг хожигдсон. Иймд Е хэсгийн “хатуу самар” байх болов уу?

Түлхүүр тоглогч:

Камерунд төрсөн 21 настай Б.Эмболо өнөөгийн Швейцарын шигшээ багийн гол “хөзөр” байх болов уу? Европын ТОП лигүүдийн том багуудын хараанд аль хэдий нь өртөөд байгаа хүчирхэг Африк гаралтай Швейцар залуу Оросод болох ДАШТ-ний нээлт байхыг үгүйсгэхгүй юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж