УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар дээрх нэр бүхий гишүүд өнөөдөр /2018.05.14/ мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар Богд хааны ордон музейд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эхээс эхлээд Жавзандамба хутагтын хэрэглэж байсан баринтаг тэргүүтэй 9000 гаруй нэн ховор үзмэр байгаа аж. Уг музейг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Богд хааны ордон музейн орчимд түүхийн үнэт өв, дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон аж.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж буйгаар “тус музейн хамгаалалтын бүсийг 5.7 га газар байхаар тогтоосон байдаг. Гэвч уг тогтоолыг 2.3 га-г нь 2010-2013 онд хууль зөрчин иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон. ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх, шар айраг борлуулах асар барих зэрэг асуудал үүссэн. Тиймээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Гишүүдийн зүгээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт дараах дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа юм.
Нэгдүгээрт, Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоол, Соёлын тухай хууль зөрчин Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулж, барилга барьж буй асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх.
Хоёрдугаарт, Богд хааны ордон музейн газарт хууль, тогтоол зөрчиж барьсан байгууламжуудыг нураах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах.
Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн музей, сонгодог урлагийн болон Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг нэн даруй гаргаж, хэрэгжүүлэх.
Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтын аманд байрлах Монгол Улсын сүүлчийн Их хатан Дондогдуламын бунхан, гэрэлт хөшөөг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлан, тус газрыг тусгай хамгаалатад авч, соёлын өвд бүртгэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.