Найруулагч нарыг магтая | News.MN

Найруулагч нарыг магтая

Найруулагч нарыг магтая

Найруулагч нарыг магтая

“Гэгээн муза 2018” олон улсын наадмаас хийсэн цуврал сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн 14 дэх олон улсын театрын их наадамд драмын жүжгийн төрөлд Улсын драмын эрдмийн театрын “Адууны түүх”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, Хүүхэлдэйн театрын “Монгол ардын суут”, “Black box” театрын “Годо-г хүлээсэн нь” жүжиг болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Далан худалч” жүжгүүд нэр дэвшсэн юм.

Театрыг найруулагчийн урлаг гэдэг. Жүжигчид тайзан дээр зүгээр л жүжиглэдэггүй. Тэд хамтдаа хөгжиж, хамтдаа хөдөлмөрлөж байдаг. Биесээ хүндэлж, сэтгэл хөдлөлөө хуваалцаж, сэтгэл зүрхэн дэх жинхэнэ авьяасаа нээдэг. Үүнийг найруулагч л олж харж, бас нээж холбож өгдөг.

Энэ удаагийн наадмын драмын төрлийн шилдэг найруулагчийн төрөлд Ч.Түвшин “Жаргаагүй нар” жүжгээр, Н.Наранбаатар “Би эндээс явахгүй”, Б.Баатар агсан “Монгол ардын суут”, Б.Баатар, Г.Ган-Очир “Адууны түүх”, М.Боролдой “Годо-г хүлээсэн нь”, З.Далай “Далан худалч” жүжгээрээ нэр дэвшсэн юм. Ингээд шилдэг найруулагчийн шагналыг Б.Баатар агсан хүртсэн. Түүний шагналыг Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид гардан авч гэр бүлийнхэнд нь гардуулахаар болсон. Энэ үед театрт цугласан уран бүтээлчид Б.Баатар найруулагчийг хэсэг хугацаанд дурсан санасан юм.

Шилдэг найруулагчийн шагналыг гардуулахаас өмнө “Гэгээн муза” наадмын тайзнаа найруулагч нарын алдрыг магтан дуулсан. Энэхүү хүндэтгэлийн тайзнаас эрхэм найруулагчдадаа хүндэтгэл үзүүлэхээр Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, залуу жүжигчин, “Гэгээн муза 2018” наадмын шилдэг гол дүрийн шагналт Д.Оюунзул нарын бүсгүйчүүд найруулагч нараа магтан дууллаа. Ингээд тэдний яриаг хүргэе.

 З.ДАЛАЙ “ЖААХАН ШАРГА” ТЕАТРЫН НҮҮР ЦАРАЙ

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд

Театрын урлаг маш олон мэргэжлийн хүмүүсийн хүчээр оршин тогтнож байдаг. Тэр дотор хамгийн гол ноён нуруу багана нь болж байдаг хамгийн отгон мэргэжил гэж нэрлэдэг нь найруулагчийн мэргэжил юм. Найруулагч тэр уран бүтээлийг нуруундаа үүрч тухайн театрын нүүр царайг тодорхойлж, тухайн цаг үеийн нэрийг ардаа үүрч явдаг театрын багана нь болсон хүмүүс байдаг юм.

Бид энэ удаа нэгэн нэр дэвшигчийг онцолж байна. Найруулагч З.Далай энд хүрэлцэн иржээ. Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын нүүр царай болсон уран бүтээлийг тодорхойлогч та яахын аргагүй мөн. Танд улам их амжилт хүсье. 

ХӨТЛӨХ НАЙРУУЛАГЧИЙН АНХДАГЧ Г.ГАН-ОЧИР

Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа

Театрын ноён оргил болсон ууртай, ширүүн найруулагч нартаа загнуулж, чичлүүлэхгүй бол бид чинь элэгддэггүй ийм хувь тавилантай уран бүтээлчид байдаг шүү. Би хоёр хүнийг онцолж хэлэх гэсэн юм. Драмын жүжгийн залуу найруулагч Г.Ган-Очир энэ цагийн үеийн театрын хөгжилд түлхүү орж байгаа онцлог хөдөлгөөнийг Монголын театрын түүхэнд миний бодлоор хамгийн анхдагч нь. Чи үүнийг хийсэн шүү. Хөтлөх найруулагчийн анхдагч чамд амжилт хүсье.

Мөн бид бүгдээсээ холдоод бурхны оронд байгаа ч гэсэн үнэхээр найруулагчийн маань хийсэн бүтээсэн цаг үргэлж энэ тайзан дээр мөнх оршдог юм байна гэдгийн нэгэн илрэл харагдаж байна. Түүний хамгийн сүүлийн бүтээл, чөмгөө шавхаж, зүрхээ шаналан байж хийсэн хоёр бүтээл нь “Гэгээн муза” наадамд нэр дэвшлээ. Би олон зүйл хэлмээр санагдаж байсан ч үнэхээр хэцүү байна. Ганцхан зүйлийг хэлье. Би Б.Баатар найруулагчаас жүжигчин хүн тайзан дээр амьд байхын утга учрын увдисыг авсан юм шүү. Олон олон жүжигчин, уран бүтээлчийнхээ өмнөөс тандаа мэхийн ёсолъё.” гэлээ. Түүнийг танхимд цугласан олон түмэн энэ үдэш дурсаж байлаа.

Н.НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИЙН ТУХАЙ ЯРИХААР СЭТГЭЛД БАХДАЛТАЙ БАЙДАГ

Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг

Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе. Миний ярих гэж байгаа хүнийг та бүхэн гадарлаж байгаа байх. Энэ хүн бол Төрийн соёрхолт Н.Наранбаатар юм. 1989 онд есдүгээр ангийн охин би долдугаар ангийн хөвгүүн бид хоёр Улан-Үд хот руу аялан тоглолтоор хамт явж байлаа. Гэтэл тэр цагаас хойш тэр хүүг миний найз болно гэж төсөөлөөгүй. Түүнээс хойш их сургуулийн кино драмын ангийн оюутан байхдаа энэ хүүтэй нэг ангид орсон. Эхний жилийн бүтээл дээр бид онц авсан. Оюутны наадамд орсон бүтээлээрээ түрүүлсэн. Магадгүй дараа нь Драмын театрын алтан тайзан дээр үргэлжлүүлэн тоглох, хамтдаа ажиллах тэр боломжийг хүүхэд насны минь учрал бидэнд илгээсэн юм болов уу? Үнэхээр Н.Наранбаатар найруулагчийн тухай ярихаар сэтгэлд бахдалтай байдаг. Түүнд худлаа юм байхгүй. Өөртөө итгэлтэйг нь хэлмээр байна. Яагаад гэхээр найруулагч маань хэзээ ч туршлагаар биш онгод, нарийн торгон мэдрэмжээрээ уран бүтээлээ туурвидаг. Тэр жүжигчин нартай хүйн холбоо тогтоож чаддаг. Дүрдээ ороход нь нөлөөлж сэтгэл зүрхэнд нь хүрч чаддаг. Түүний жүжигт тоглосон жүжигчин өөрийгөө шат ахисанд тооцдог. Н.Наранбаатар найруулагч хэзээ ч цаг үеэсээ хоцорч байгаагүй. Хэзээ ч гандан буурахгүй. Магадгүй энэ цагт ажиллаж байгаа уран бүтээлч нарын найруулагч юм. Түүний бүтээлд тоглосон уран бүтээлч өөрийгөө дахин нэг сорьж, ахиулж чадсанаа харуулсан байдаг. Үнэхээр биширмээр. Магадгүй миний хамтдаа ажилласан 22 жилийн хугацаанд бидний ажилласан бүтээл “Би таны Смеральдина, Би таны Шубира”. Та гайхалтай бүтээлүүдийг надад зориулж хийжээ. Тандаа баярлалаа. Таныг үргэлж хүндэлж явдаг шүү.

Ч.ТҮВШИН НАЙРУУЛАГЧТАЙ 30 ЖИЛИЙН ӨМНӨ ТАНИЛЦАЖ БАЙЛАА

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарь

Миний ярих хүн бол бие нь жижиг ч бэлчээр нь том хүн юм. Энэ бол Ч.Түвшин найруулагч. Тэр бол үнэхээр гайхалтай. Би энэ хүнийг уран бүтээлээр биш 30 жилийн өмнө Соёлын яамны харьяа зусланд амарч байх үеэс нь мэднэ. Тэр үед би зургадугаар ангийн урт гэзэгтэй охин байсан бол Ч.Түвшин шар дэлдэн хөөрхөн хүү байлаа. Эргээд харахад 30 гаруй жил өнгөрсөн байна. Түүний уран бүтээлд оролцож байгаадаа би баяртай байдаг юм. Хийсэн уран бүтээл нь гайхалтай байж, бүтээл бүрээс нь жүжигчин хүн өөрийгөө таньж чаддаг. Үүний нэг жишээ бол 1989 онд “Үзэсгэлэн” жүжгээр эмэгтэй шилдэг дүрийн шагналыг авч байсан. Энэ бол таны шагнал байсан юм шүү. Энэ удаа “Жаргаагүй нар” жүжгээрээ нэр дэвшлээ. Таны уран бүтээлд тоглосон уран бүтээлчид хийморь сайн давхих болтугай. Баярлалаа танд.

М.БОРОЛДОЙ НАЙРУУЛАГЧИЙН БОДСОН ЗҮЙЛ ОЛОН УЛСАД ХҮРДЭГ

“Гэгээн муза 2018” наадмын драмын жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн Д.Оюунзул:

Та бүхэндээ оройн мэндийг дахин хүргэе. Би энэ удаа “Black box” театрын найруулагч М.Боролдойн тухай ярих юм. Энэ бол маш залуу хүн. Гэхдээ тэр залуу хүн гээд  маш их мэдлэгтэй найруулагч. М.Боролдой олон улсын сургуульд мэргэжил эзэмшсэн. Энэ нь бидэнд их нөлөөлдөг. Энэ хүнтэй 2013 оноос хойш хамтран ажиллаж байна. “Black box” театр цөөн тооны жүжигчинтэй. Харин аав, хүү хоёр найруулагчтай. М.Боролдой найруулагчийг ярихын тулд С.Мягмар гэдэг хүний тухай ярихгүй байхын аргагүй. Энэ хүн юу гэж бидэнд хэлдэг вэ гэхээр “Битгий юм бод. Хоосон бай. Битгий ухаараад бай”. Энэ нь нэг талдаа СУИС-ийг төгссөн хүний хувьд өөр нэг эсрэг зарчим болох ч учраа олж чадахгүй төөрч яваа олон жүжигчид үүнийг ойлгоосой. Бид postmodern урлагийг зөв өнцгөөс нь ойлгож Монголын уран бүтээлчид хийх ёстой ажил юм байна гэдгийг ойлгосон. Би энэ бүгдийг Олон улсын наадамд оролцохдоо ойлгож авсан. Найруулагч бүр өөрийн өөрийн онцлогтой. Би олон найруулагчтай ажиллаж байсан. Энэ удаа М.Боролдой найруулагчийн тухай ярьж байгаа учраас онцлог шинжийг нь хэллээ. Энэ хүнтэй эхлээд ажиллахад хэцүү ч удалгүй амархан болно. Арга барил нь өөр байдаг. Харин би нэг зүйлийг хэлэхэд “түүний бодсон зүйл, зорьсон бүхэн” олон улсад хүлээн зөвшөөрөгддөг юм.” гэж найруулагч нарыг магтан дууллаа. 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-05-14 193.108.117.236

Магтъя гэж үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж