Оюутолгойн дараагийн “хоригдлууд”

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Оюутолгойн дараагийн “хоригдлууд”

Оюутолгойн дараагийн “хоригдлууд”

-Хэлэлцээрийн ард суух бүртээ засгийн болон танхимынх нь гаргасан улс төрийн болоод бодлогын шийдвэрт буруутган хэн нэгнийг барьж хориод байх уу-

Эдийн засгийн өнцгөөс нь тайлбарлавал, ядуу хүн ойворгон байдгийг монголчууд бид яруу тодоор харуулж яваа хүмүүс. Яагаав, саяхан хэдэн монгол залуу Оюутолгойн оффис руу дайрч ороод 51 хувиа нэхсэн явдал үүний нэг тод жишээ. Олон улсын гэрээ хэлцлийн наад захын ойлголт монголчууд бидний талаас дээш хувьд нь байдаггүйн бас нэг жишээ.

Уул уурхайн үйлдвэрлэл, олборлолтыг газрын дор гулдмай гулдмай алт, зэс авдарт байж байгаагаар, түүнийг хүрзээр ухаад авчихдаг гэж төсөөлдөг нь, энэ салбар эдийн засгийн тулах цэг, асар их хөрөнгө хүч хөдөлмөр, шинэ технологи, шилдэг ноу-хау дээр үйлдвэрлэл нь өрнөдөг гэж ойлгодгоосоо олон. Монголчуудын ойлголтын зөрүү Оюутолгой дээр илүү тод илэрч буй. Ямар сайндаа л Оюутолгойн ордоос авдрын дайтай алт олсон гэх постод итгээгүй нь итгэснээсээ цөөхөн байхав.

Улс төрийн өнцгөөс нь харвал Оюутолгойн гэрээг дахин эхлүүлэх нь хэнд ашигтай вэ, эрх мэдэлтнүүд яаж хувь ашиг хүртэх вэ, тэнд хэний эрх ашиг нэгд тавигдах вэ гэсэн асуудал хөндөгдөж буй. Түүнээс гурван сая монголын эрх ашгийн төлөө Д.Тэрбишдагва Оюутолгойн ажлын хэсгийн ахлагчийн ажлыг Д.Дамба-Очироос булаасан гэвэл одооны хүүхдүүд ч үлгэрт итгэхээ больсон цаг.

М.Энхболдын даалгавраар Оюутолгойн гэрээг шалгах ажлыг хэсгийг УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд байгуулсан. Ахлагчаар нь Д.Дамба-Очирыг томилоод сар ч хүрэлгүй Д.Тэрбишдагваар сольсон нь улс төр дэх ашиг сонирхол, ялангуяа улстөрчдийн эрх ашигтай холбоотой нь нэн ойлгомжтой.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрөв таван удаа хуралдсан, тэд хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүг, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцож дүгнэх гэнэ. Мэдээж, энэ бүгдийг шалгах нь тодорхой. Шалгахад ч буруудахгүй.

 С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорих шалтгаан болсон, хуулийнхны тайлбарласнаар тэд илтэд бусдад давуу тал олгосон байж болзошгүй гэгдсэн, 17 мянган хүний амьдралын баталгаа болсон, Монгол Улсын топ татвар төлөгчдийн хоёрт жагсч буй Оюутолгойтой холбоотой хоёр ч гэрээг шалгах ажлын хэсэгт М.Энхболдын тушаалаар Н.Амарзаяа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтсан бол Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нар өөрсдийн хүсэлтээр нэмэгдэн оржээ. Тэд Оюутолгойн гэрээний зөв буруу, сайн мууг шүүнэ, нягтална, дүгнэнэ.

Гэвч тэд Оюутолгойн гэрээг шалгах хийгээд дүгнэх хэмжээний мэдлэг, мэдээлэл бүхий экспертүүд мөн эсэх нь эргэлзээтэй, тэр тусмаа манай парламентын  цуутай популистууд голдуу орсон ажлын хэсгийнхэн энэ төслийг анх яаж гэрээлсэн бэ, эдийн засагт өнгөрсөн хугацаанд ямар үр ашиг өгсөн бэ гэдэгт нь бус хэн гэрээ байгуулсан бэ, гэрээг байгуулахдаа авлига авсан байж таарна гэх улс төрийн зорилгоор шалгах юм бол өш хонзон авах “зэвсэг” болж үлдэнэ.

Гурван сая хүний сэтгэлд нийцсэн төгс гэрээг хэн ч, хэзээ ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Оюутолгойн гэрээг бурхан хийлээ ч чөтгөрүүд буруутгаж л таарна. Товчхондоо бол масст таалагдсан гэрээ байгуулахаас дүгнэлт гаргах нь илүү амархан биз.

Учир нь, Оюутолгойн гэрээг эдийн засгийн хөдөлгөх хүч, тусгаар тогтнолоо дипломат аргаар хамгаалах бодлого талаас нь биш зөвхөн мөнгө, эрх ашиг, олон нийтээс оноо цуглуулах PR болгосон нөхцөлд ажлын хэсгийнхний дүгнэлт ямархуу гарах нь ч тодорхой.

Хүн нь байвал хэрэг тохох амархан гэгчээр, хэдэн зуун хуудас гэрээнээс ямар нэгэн шалтаг, шалтгааныг хар мянгаар нь олоход ч хэцүү биш. Гэхдээ эцсийн эцэст гэрээг яг яаж хийвэл Монголд ашигтай байсан бэ гэх бүгдэд таалагдсан, бүх хүний дэмжлэг хүлээсэн төгс хувилбар байхгүй нь ч, төгс дүгнэлт гарахгүй нь ч мэдээж. Бизнесийн гэрээ битгий хэл хорвоо ертөнцийн уур амьсгал хүртэл минут секундээр өөрчлөгдөж байгаа үед зуун жилийн настай энэхүү төслийг хийсэн, хөдөлгөсөн болгоныг барьж хорино гэвэл шалгасан дүгнэсэн болгон, цаашдаа хэн ч дараагийн хоригдол болох эрсдэлтэй. Өчигдрийн гэрээ өнөөдрийн улстөрчдөд таалагдахгүй шиг, өнөөдрийн дүгнэлт, үг, үйлдэл маргаашийн улстөрчдөд ч таалагдахгүй. Тэр тусмаа Оюутолгой бол зуун жилийн төсөл. Зуун жилийн хугацаанд Монголын Засгийн газар Рио-Тинтотой хэдэн ч удаа хэлэлцээрийн ширээний ард сууж мэднэ. Хэлэлцээрийн ард суух бүртээ хэн нэгнийг  танхимынх нь гаргасан улс төрийн болоод бодлогын шийдвэрээр нь буруутган барьж хориод байвал шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж