Киноны хөгжим бол хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг гайхалтай зүйл

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Киноны хөгжим бол хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг гайхалтай зүйл

Хорвоо дэлхийг уяраадаг хоёрхон чавхадасаараа үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглож, үзэгчдийнхээ сонорыг мялааж байдаг уран бүтээлчид бол “Морин хуурын чуулга”-ынхан юм. Тэр дундаа Монгол киноны хөгжмийг морин хуурын эгшиг, хөг аялгуугаас салгаж ойлгох аргагүй учир “Кино код” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Морин хуурын чуулга”-ын продюсер , морин хуурч А.Даваазориг оролцлоо. 



Яагаад Морин хуурын чуулга “Хайрыг хөгжимдэхүй” гэсэн том төслийг санаачилан ажиллах болов ? Мөн киноны хөгжим рүү анхаарлаа хандуулж буй шалтгаан? 

Морин хуурын чуулга байгуулагдаад 19-н жил болж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө киноны уран бүтээл тоглох гэсэн саналыг морин хуурын чуулгад тавьсан. Тухайн үед киноны хөгжим чуулгад маань тодорхой хэмжээнд байсан хэдий ч төслийг хэрэгжүүлэх хэмжээнд хараахан олон байгаагүй. Дэлхийн болон Монголын хөгжмүүдийг оруулан уран бүтээлийн тоглолт хийхээр болсон. Учир нь Монголын киноны хөгжим, дэлхийн киноны хөгжимөөс аялгуу ,бүтцийн хувьд илүү яруу тунгалаг, дуугаралтын хувьд дутахааргүй байдаг гэдгийг үзэгч, сонсогчиддоо ойлгуулахыг зорьсон. 

Манай орны хувьд киноны хөгжим гэж ярихаар голдуу 1990-иод онооос өмнөх хөгжим санаанд нь буудаг. Сүүлийн үед кинонд зориулагдсан бүтээл ховор болсон. Энэ талаар юу гэж боддог вэ? 

Бидний тоглосон хөгжмүүдийн ихэнх нь социализмын үеэс өмнө бүтээгдсэн бүтээлүүд байсан. Яагаад гэвэл тухайн үед улсаас кинонд хөрөнгө зарцуулж, илүү ач холбогдол өгдөг байж л дээ. Нэг хэсэг Монголын кино тодорхой хэмжээнд уналтанд ороод сүүлийн үед эргэн сэргэж байгаа. Дурьдвал “Үхэж үл болно”, “ Би чамд хайртай” , “Орхидос”, “Аравт” кинонуудын хөгжим маш сайн болсон санагдсан. 

Та “Монголын хөгжим дэлхийн хөгжмөөс илүү яруу, тунгалаг ер нь дутахааргүй” гэсэн. Үүний ард манай хөгжим дэлхийн хэмжээнд хүрсэн гэсэн уран бүтээлчийн омогшил байсан уу? 

Байлгүй яахав. Бид анхныхаа тоглолтыг хийж байх үедээ дотроо түгшиж байсан. Ажиглахад Монголын үзэгчид тэр болгон “ энэ бол тэр киноны хөгжим” гэсэн ойлголт хомс байсан л даа. Бид энэ төслөөрөө тоглоод байгаа хөгжим маань яг тэр киноны, тэр хэсэгт тоглодог шүү гэсэн ойлголттой болгохыг зорьсон.Өөрөөр хэлбэл хөгжмийн боловсрол олгох тал дээр анхаарч ажилласан. Тоглолтын дараа хүмүүс “яг энэ киног чинь л үзье ” гээд хайж байгаад үзсэн тохиолдол их байсан. 

Сүүлийн үед кинонд зориулсан хөгжим гэхээсээ илүтэйгээр дууг нь юм уу, дууных нь аяыг их ашиглах болсон байна. Үүнийг юу гэж боддог вэ? 

Мэдээж киноны хөгжимд дуу гэдэг маш их үүрэгтэй. Гэсэн хэдий ч дуу бол тэр киноны хөгжмийг бүтнээр нь илэрхийлж чадахгүй. Сүүлийн үед киноны хөгжим гэхээр поп дуу ч юмуу, ганц дуугаар төсөөлдөг болжээ. Киноны хөгжим гэдэг бол хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг маш гайхамшигтай зүйл. 

Ажиглаад байхад түүхэн киноны хөгжим илүү үлдэцтэй, алдаршиж үлдээд байгаа юм шиг санагддаг. Энэ талаарх таны бодол? 

Түүхэн сэдэвтэй кино илүү их хөгжмийн бүтээл арвинтай байдаг. Жишээлбэл хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав гуай нарын бүтээл түүхэн кинонд асар их зохицсон гэж боддог. Гэтэл одоо үеийн киноны хөгжим илүү барууны талруугаа чиглэлтэй ая хийгдээд байгаа. Монгол хүний сэтгэлгээгээр хийсэн бүтээл байхгүй болоод байгаа мэт санагддаг. З.Хангал гуайн “Тань руу нүүж явна”, “Би нисэж явна” зэрэг маш сайхан бүтээлүүд бий. Түүнчлэн “Би чамд хайртай” киноны хийлийн хэсгийг манай хамтлаг хөгжмийн бүтээл болгож тоглолтондоо оруулсан. Морин хуураар гадны бүтээлийг тоглох болсон зорилго нь тус хөгжмийг хөгжүүлэх нэн чухал, хаана ч , ямар ч аялгууг тоглох чадвартай байх хэрэгтэй гэж боддогтой холбоотой. Мөн бид Монголчуудын мэдэхгүй байгаа Латин Америк хөгжмийг сонсогчиддоо сонсгох гэж бэлдэж байгаа. 

Та нар саяхан “Playing love” тоглолтынхоо төгсгөлд “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны хөгжмийг тоглосон. Дэлхийн зах зээлд кино театруудыг шуугиулж байгаа уг киноны хөгжмийг тоглоход эмээх ч юмуу, омогших сэтгэл төрсөн үү?

Манай тоглолтын оргил хэсэг бол энэ киноны хөгжим байсан л даа. Хүн болгон энэ киног үздэг учраас хөгжим нь хүмүүсийн чихэнд илүү ойр байсан байх. Бидэнд их бэрхшээл байдаг. Гадны уран бүтээлийг өөрсдийн сонирхолоороо нотыг олоод тоглодог. Бүр олдохгүй бол манай уран бүтээлчид сонсож байгаад хөгжмийн найруулгыг хийдэг. Тэр бүтээлүүдээрээ СD гаргаж үзэгчдэд хүргэх гэхээр тухайн уран бүтээлчид нь зохиогчын эрхийн дагуу асар их мөнгө төлөх хэрэгтэй болдог. Ер нь бол бид эдгээр бүтээлээр СD гаргах гэж байгаа гол ач холбогдол нь үзэгчдэдээ Монголын сор болсон бүтээлийг үлдээх зорилготой. 

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны хөгжмийг тоглохдоо зөвшөөрөл авсан уу? 

Үгүй аваагүй л дээ. Хэрвээ бид гадны оронд тогловол, СD-гээ худалдаалбал эрсдэлтэй . Үүнд зохиогчын эрхийн газар тусалж, дэмжих байх. Дараа дараагийн уран бүтээлээ зохих ёсны дагуу туурвин гэж бодож байгаа. 

Морин хуурыг үндэсний хэмжээнд өрх бүр дээдлэн хоймортоо залах болсон. Энэ нь уран бүтээлээ туурвихад нөлөөлөх үү? 

Мэдээж байнга нөлөөлдөг. Манай морин хуур Юнеско-ын соёлын өвд Монголын өмч гэж бүртгэгдсэн байгаа. Тэр ч бүү хэл морин хуураар тоглох боломжгүй ая гэж байхгүй. 

“Морин хуурын чуулга”ын маргаашыг тодорхойлбол? 

Ер нь хүн болгон мэддэг, дэлхийд алдартай чуулга болоосой гэж дотроо мөрөөддөг. Манайх байгуулагдаад дэлхийн том том алдартай театруудад тоглосон. Тэр болгоныг бид хэвлэл мэдээллээр зарлаад байх боломж олддогүй.
“Морин хуурын чуулга” гадны том продессортой холбогдох шаардлагатай гэж боддог.  

“Кино код” нэтрүүлэг ард түмний сонголтоор бүтээгдэж буй “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч- Шилийн сайн эрс”-ийн тухай киноны гол дүр буюу “Ганган төгс”-ийг хараахан тодруулаагүй байгаа. Таны бодлоор “Ганган төгс”-д хэн байвал тохирох вэ? 

Би хувьдаа “Тусгай салаа” киноны П.Баттөрийг дэмжиж байгаа. Жүжигчний хувьд Г.Эрдэнэбилэг чадварлаг, туршлагатай жүжигчин хэдий ч П.Баттөр илүү санагдаад байгаа. 

Манай студидэд хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны бодож , сэтгэж байгаа бүхий л зүйл бүтэх болтугай хэмээн хүсье.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж