Казахстан улсын Астана хотод тавдугаар сарын 14-15 хооронд Сирийн асуудлаарх ес дэх удаагийн олон улсын уулзалт эхэлнэ. Ес дэх удаагийн уулзалтад Иран, ОХУ, Турк зэрэг улсаас гадна Сирийн Засгийн газрын төлөөлөгчид, сөрөг хүчин, НҮБ-ын төлөөлөгчид болон ажиглагчаар АНУ болон Иорданы төлөөлөгчид оролцохоор төлөвлөгдөж байсан.
Астанагийн уулзалтад оролцох Башар Жаафари тэргүүтэй Сирийн Засгийн газрын төлөөлөгчид Астанад хүрэлцэн ирээд байгаа аж. Харин Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Стаффан де Мистура өнөөдөр үдээс хойш Астанад газардана гэлээ
Мөн маргааш буюу тавдугаар сарын 15-нд Сирийн зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчид Астанад хүрэлцэн ирнэ гэдгийг Казахстаны Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.
Харин энэ удаагийн уулзалтад АНУ-ын төлөөлөгчид анх удаа оролцохгүй гэдгээ мэдэгдэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Хизер Науэрт Зүүн Гута хот дахь нөхцөл байдлыг тайлбарлахдаа Сирийн асуудлаарх Астанагийн санаачилга амжилтгүй боллоо гэж мэдэгдэж байсан удаатай.
Астанад зохион байгуулагдах ес дэх удаагийн уулзалт Сирийн бүрэн эрхт байдал, үнэт зүйл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах зарчим, терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэх ажээ.
А.АНИР