Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Прокурор ба фактор

Прокурор ба фактор

Нэгэн прокурор бүсгүй анх удаа хэвлэлийнхний өмнө мэдээлэл хийхдээ асуулт тавьсан сэтгүүлчид рүү “прокурор харц”-аар харж, “юун олон асуулт тавьдаг юм бэ” гээд хэлчихэж. Хэд хоног “прокурор ундууцлаар” наадав. “Үнэний эрэлд” баримтат кино 20 гаруй жилийн дараа дахин “үзэгдэв”. “Прокурор” гэдэг чинь ийм “аюултай” хүн байдаг юм уу, аа муу хэлмэгдүүлэгчид” гэж зэвүүцэцгээлээ. Яагаад, яах гэж ч энэ киног гэнэт гаргаж ирж үзүүлсэн юм бэ.

Харамсалтай нь, үүнтэй зэрэгцэн “хайртай Ерөнхий сайд асанууд”-ыг нь цагдан хорих 461 дүгээр ангиас яг суллах гэж байхад нь прокурор эсэргүүцэл бичиж шүүхийн шийдвэрт нөлөөлөөд гэр рүүгээ биш камер руугаа алхах нь тэр. Энэ бүхэн тохиолдлоор ч юм уу давхцаад “прокурор муухай” гэдэг ойлголтыг лавшруулах кампанит ажил хянахад амаргүйгээр нь сошиалаар давалгаалж эхлэх нь анзаарагдав.

Тэгвэл прокуроргүйгээр шударга ёсны тухай төсөөлж чадах уу. Прокурор гэдэг байгууллагын ерөөсөө цагдаа, шүүх, шорон гурвын дундаас аваад “хаячихвал” ямар байх вэ бодоод үзээрэй. Та ямар нэг гомдол, хохирлын улмаас цагдаагийн газрын хаалга татаад хэрэг бүртгэгчид бүртгүүлдэг. Тэр гомдол, хохирол чинь шалгагдаж шийдвэрлэгдэх үү, эсвэл хэрэг бүртгэгчийн “бодож байгаа” үндэслэлээр, эсвэл “үзэмжээр” шүүхээр шийдвэрлэгдэхгүй алга болчих болов уу. Энэ нь гэмт хэрэг мөн байсан уу, мөн бол гэмт хэрэгтэн хэрхэн шийтгүүлж, та хохиролгүй болж чадах уу гэдгээс прокурор танд хэрэг болдог. Шүүхээр хэрэг шийдвэрлэгджээ. Гэтэл таны шийтгүүлсэн гэж бодож байгаа хүн орой бүр гэртээ сэмхэн хариад өглөө тоо бүртгэхэд ирдэг бол яах вэ. Эсвэл үүр цүүрээр нисээд явчихвал яах вэ. Мөн ял эдэлж байх хугацаандаа хэн нэгэн хоригдолд хорлогдвол, зодуулж тарчилдаг бол яах вэ. Мөнөөх л прокурор санаа тавих үүрэг хүлээдэг. Нэг ёсондоо гомдол гаргасан танд ч, хэргээ хүлээсэн ялтанд ч үйлчилсээр байдаг прокурор гэгч тэр хүн хууль сахиулах бүх талын “универсаль” үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг нь “хуулийн хэлээр” тайлбарлахдаа “Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий байгууллага” гэж хуулиар тодорхойлдог. Энэ утгаараа хуулийн хэрэгжилтийг хангуулдаг субъектийн хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хууль зөрчигдсөн бүх асуудлыг хянах хяналт тавих үүрэгтэй. Өмнө нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэг гомдол, мэдээллийг шалгаад мөрдөгч өөрөө эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татдаг байсан бол одоо энэ эрхийг прокурорын бүрэн эрхэд хамааруулснаар хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хангалттай үндэслэл бүрдсэн үү, үгүй юү гэдгийг прокурор хянаж, шалгаж байж яллагдагчаар татна гэсэн үг. Үүгээрээ “цагдаагийн байгууллагад дуудагдаж, үүргийнхээ дагуу очсон бүхэн яллагдагч мэт зарлагддаг”-ийг цэгцлэх гэсэн нь энэ юм болов уу даа.

Харин цаг үе, нөхцөл байдлын фактороос шалтгаалж хувь прокурортой холбоотой алдаа гардаг явдал байсаар ирж. “Үнэний эрэлд” кинонд гардаг Л.Отгонбаяр гэдэг прокурорын тухайд бараг л “зах зухаас нь гаргасан тэр” гэх үү дээ. Учир нь, тэрхүү прокурорын хэлмэгдүүлсэн Авирмэдийн тухайд удаа дараа цаазын ял авч байсан ч ёстой л “ясны заргач” байсны хүчинд өөрийгөө өмгөөлсөөр “толгойтой үлдсэн” тухай домог мэт яриаг өөрөөс нь сонсож байж билээ. Бидний мэдэх “220 мянгатын нэгэн орон сууцанд гэргийтэйгээ хамт инээд баяслаар дүүрэн амьдардаг тэр эр ингэж амьдарч байгаа минь үлгэр шиг тавилан байгаа биз. Гэхдээ энэ бол нэг л прокурортой холбоотой хэрэг юм шүү. Энүүхэндээ түүнтэй хамт ажилладаг прокуроруудыг “надад таарахгүй яав аа” гэж дэргэдэх сэжигтнүүддээ ямар их атаархдаг байсан гээч. Отгонбаяр прокурорт гомдох багаддаг ч хожим нь ингэж жаргалтай амьдарч чадна гэдэг итгэл минь намайг авч гарсан” хэмээн ярьж билээ. 

Одоо бол прокуроруудын өмнө тулгардаг бэрхшээл ч, тэдэнтэй таардаг гэмт хэрэг ч, үйл ажиллагаа явуулах хууль ч өөр болжээ. Прокуроруудын ажлын ачааллыг өмнөх оныхтой харьцуулбал 40 орчим хувиар өссөн нь шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой аж. Учир нь шүүхэд олон тооны санал гаргаж шийдвэрлүүлдэг болсонтой холбоотойгоор үндсэндээ техник ажиллагаа их нэмэгдсэн гэнэ.

Зөвхөн нийслэл, дүүргийн хэмжээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 106 мянга гаруй материалыг хянаж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад учирсан 280 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан гэсэн тоог хэлж байсан. Аймгуудыг оруулахгүйгээр шүү. Эндээс үзвэл, шинэ хуулиуд нийгэмд эергээр нөлөөлж байгаа ч нөгөө талаасаа прокурорын байгууллагад маш их ачаалал өгч байгаа юм байна. Жишээ нь, Нийслэлийн прокурорын газрын нэг прокурор хамгийн багадаа 6-200 хүртэлх хавтастай хэргийг хянаж шийдвэрлэдэг. Нэг хавтаст хэрэг нь 250 хуудастай. Энэ их материалыг уншихын хажуугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирсэн материалтай танилцаж хянаж байж шийдвэр гаргадаг. Ийм ачаалал дунд ажилладаг нэг эмэгтэй л анх удаа хэвлэлд ярилцахдаа асуултад түвэгшээж “хэлц үг үйлдвэрлэчихээд” явж байгаа нь тэр. Тэр бүсгүй ажлаа л хийж явсан юм. “Talk show”-д оролцож байгаа мэт бүх асуултад сонсч уриалгахан, бүрэн дүүрэн хариулт өгөхөөс өөр үүрэгтэй хүн л дээ.

Нэг жишээ дурдъя. АТГ-аас бүх яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны удирдах байгууллагыг шалгаж байгаа. Мөн иргэдийн мэдээллийн дагуу ч шалгадаг.  Шалгалтаар илэрсэн зөрчлийг cap бүрийн 25-нд олон нийтэд мэдээлэхдээ, зарим зөрчлийг прокурорт шилжүүлсэн гэсэн. Яг энэ мөчөөс эхлээд “шалгуулагчдыг” олон нийт хууль бусаар “яллаж” эхэлдэг. Гэтэл прокурорын байгууллага хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, хувийн эрх ашигтай холбогдолтой мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдэг. Хэргийг шалгаж дууслаа, шүүх хурлаар хэлэлцээд гэм зэмгүйг тогтоосон ч “шалгуулагч” иргэн “яллагдагч” мэт сэтгэл санааны хохиролтой, нэр хүнд нь хохирсон байдалтай үлддэг. Үүний төлөө хэн ч уг хохирлыг барагдуулдаггүй. Яг энэ байдлыг ашиглаж өс хонзонгийн сэдлээр, эсвэл өрсөлдөгчөө “намнах” зорилгоор, шалгуулах өргөдлөө өгөхдөө л урьтаад сошиалаар бэлтгэл ажлаа хангасан байх, шалгуулж эхэлсэн мөчөөс яллагдагч шиг үзэн ядуулах тактик хэрэглэх болсон. Энэ ажилдаа ч зарим албан хаагчийг татан оролцуулдаг, хэдхэн үг хэлүүлээд түүнийг нь давтан хоногшуулж сөрөг сурталчилгаа хийдэг болсон. Энэ бүхэн өнөө цагийн прокуроруудтай нүүр тулсан фактор юм уу даа.

Наад зах нь л “наяад оны” прокурорууд одоогийнх шиг “Г.Доржзодовын аудио бичлэг дээрх дуу хоолойг таниулах харьцуулан шинжлүүлэхийн тулд Ц.Сандуйг дуудаж ирүүлээд түүний дуу хоолойг хамт шинжилгээнд өгөх” мэтийн “хүнд даалгавартай” учирч яваагүй. Олон байгууллага “хакерийн халдлагад өртөж хохирлоо” гэсэн гомдол гарч тэр бүхнийг прокурор дэнсэлж явсангүй.

“Зөвхөн 60 тэрбумын хэрэг ч гэлтгүй цахим ертөнцөд бусдын нэр хүндэд халдсан бичлэг ихээр цацагдаж байна. Ийм төрлийн гэмт хэргийг шалгая гэхээр Шүүхийн шинжилгээний байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасан “Шинжилгээний объект нь эх хувь байна” гэсэн заалтыг хангаж ирүүл гэдэг.

Гэтэл энэ нь хэрэг шалгаж шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал бий болгодог учир Нийслэлийн прокурорын газраас Хууль зүйн сайд болон Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлагуудад дээрх хууль тогтоомжийг эргэн харах, Шүүхийн шинжилгээний байгууллагыг дэлхий нийтийн жишигт.нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн утга бүхий албан бичгийг есдүгээр сард хүргүүлсэн” хэмээн Нийслэлийн Ерөнхий прокурор хэвлэлд ярьсан байдаг.

Энэ бол энэ цаг үеийн прокуроруудад л учирч буй онцлог. Хойч үеийн прокуроруудад шинэ фактор тохиолдоно. Тэгэхээр “прокурор ерөнхийдөө л муухай” гэж ойлгохоос илүүтэй, тухайн цаг үед гэмт хэргийн шинэчлэл юугаараа онцлогтой байсан юм бэ, улстөрчдийн зүгээс прокурорын байгууллагад нөлөөлөх боломж хэр хэмжээнд байв гэдгийг анзаарахад илүүдэхгүй болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж