Хүчээ нэгтгэх уриалга

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Хүчээ нэгтгэх уриалга

Хүчээ нэгтгэх уриалга

Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдах болсонтой холбоотой сайн муу мэдээ, мэдээлэл гарч эхэлсэн тул би зарим бодлоо энд хуваалцах нь зүйтэй гэж үзлээ.

2005 оноос эхлэн Монголд иргэний хөдөлгөөн идэвхжиж, улсын хөгжил, нийгэм, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын асуудлаар тодорхой санал дэвшүүлж, тэмцэл өрнүүлсэн билээ. Хэд хэдэн том бизнесийн төлөөлөл тухайн үед санаачлага гарган ярилцаж, өөрийн дуу хоолойг нийгэмд, төр засагт хүргэдэг цомхон бүтэц хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, МҮХАҮТ-ын тухайн үеийн удирдлагатай зөвшилцөн 2007 онд CEO Club буюу Гүйцэтгэх Захирлуудын Клубыг үүсгэн байгуулсан түүхтэй. Яг тэр үед Монголын Бизнесийн Зөвлөл байгуулагдсан нь энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг батална.

Бид Дэлхийн банктай зөвшилцөн 2008, 2009 онуудад Монголын Эдийн засгийн бодлогын чуулганыг зохион байгуулахад нь оролцож ажилласан бол 2010 оны эхээр анхдугаар Монголын Эдийн Засгийн Чуулганыг ‘Бид Чадна’ уриан дор амжилттай зохион байгуулж чадсан юм. Тэрхүү чуулганы амжилт нь тухайн үеийн нийгэмд эргэлзээ төрүүлж байсан асуудлаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтдийн төлөөлөл тойрон суун олон түмэндээ нээлттэй мэтгэлцээн өрнүүлж, бие биенээ биш улс орны өмнө тулгараад байгаа асуудлаа хэлэлцэж чадсанд оршдог гэж би үздэг. Энэ хуралд Ерөнхий сайд өөрийн кабинетээ тэргүүлж бүтэн оролцсон бол УИХ-ын дарга үг хэлж, Ерөнхийлөгч хүндэт зочноо урьж авчран бид бүгдийнх нь санал бодлыг сонсож, тойрч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Форум зорилгодоо хүрч чадсан. Бид үүнийг хамтдаа хийж чадсан юм. Үр нөлөө нь зөвхөн Монголоор зогсоогүй – бид олон улсад нэр хүндээ асар хурдтай өсгөж чадсан бөгөөд Монголчуудтай хамтарч ажиллаж болох юм байна гэж дэлхий биднийг хүлээн зөвшөөрсөн. Манай эдийн засаг түүхэн дээд өсөлтийг 2011 онд гаргасан. Энэ бол бидний олон жилийн хамтын ажиллагааны бахархалтай үр дүн байсан.

Энэ оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ‘Хүчээ Нэгтгэе’ уриатай Монголын Эдийн засгийн чуулган явагдах гэж байгаа. Энэ бол Хүрэлсүхийн тэргүүлсэн нэг нас хүрээгүй засгийн бодлогыг олуулаа тойрч хэлэлцэн дараагийн 2 жилд энэ засгийн үүд хаалгыг нээлттэй байлгаж, эргэх холбоотой ажиллуулах сайхан боломж мөн. Дарга нар зөвхөн ярьж заадаг биш жилдээ нэг ч гэсэн удаа баялаг бүтээгч иргэдээ бас сонсдог арга хэмжээ болох учиртай. Хүнийг бус асуудлыг хэлэлцдэг хурал бол энэ мөн. Улстөрийг арагш тавьж байгаад бид Улсаа, Хүнээ яаж хөгжүүлэх тухай бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлэх учиртай. Энэ бол бидэнд олдож байгаа нэгэн том боломж. Энэ боломжоо бид авах ёстой бөгөөд хувийн амбиц, явцуу эрх ашиг, улстөрийн зөрчлийг энэ арга хэмжээнд оруулахыг зөвшөөрч яавч болохгүй. Бидэнд улстөржилт багадаагүй ээ.

Сайхан Монгол Улсынхаа төлөө хүчээ нэгтгэе!

 

Хутагт овгийн Чулууны Ганхуяг,

Монголын Эдийн Засгийн Форум НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
Гүйцэтгэх Захирлуудын Клубын Ерөнхийлөгч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж