ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжин гарын үсэг цуглуулах ажлыг Оросын улс төрийн болон нийгмийн чиглэлийн ТББ-ууд зохион байгуулна гэж Төрийн Думын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Владимир Шаманов өнгөрсөн Пүрэв гаригт /2018.05.10/ мэдэгдлээ.
“ЗХУ-ын болон ОХУ-ын Баатар цолтнуудыг нэгтгэсэн ТББ, мөн Алдрын одонт хүмүүсийг нэгтгэсэн ТББ “Бессмертный полк” хөдөлгөөнтэй хамтран Владимир Владимирович Путины нэрийг Энх тайвны Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлэхийг дэмжих гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна” гэж Шаманов хэлсэн байна.
Ялалтын баярт зориулан дайнд амь үрэгдэгсдийн хувь заяаг тодотгох зорилготой үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо тэр ийнхүү хэлжээ.
Зөвхөн Орост төдийгүй бусад улс оронд зохиогдож буй “Бессмертный полк” хөдөлгөөнийг санаачлагч нь Владимир Путин бөгөөд өөрөө ч энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэдгийг Шаманов онцоллоо.
“Бессмертный полк” хөдөлгөөн анх 2012 онд Томск хотод орон нутгийн сэтгүүлчдийн санаачилгаар зохион байгуулагдсан юм. Энэ жагсаалд 6000 хүн эх орны дайнд амь үрэгдсэн аав, өвөө, ах дүү нарынхаа зургийг барин оролцсон юм.
Москва хотод энэ жагсаал 2015 оны тавдугаар сарын 9-нд болсон бөгөөд тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Путин дайнд амь үрэгдсэнг аавынхаа зургийг барин жагссан.
2015 онд зөвхөн нийслэл Москвад 500 мянга, ОХУ болон гадаад улс орнуудад нийт 12 сая хүн энэ хөдөлгөөнд нэгдсэн билээ. Тухайлбал, Австри, Азербайжан, Болгар, Их Британи, Герман, Ирланд, Исланд, Ливан, Норвег, Өмнөд Солонгос, АНУ, Эстонд “Бессмертный полк” жагсаал болжээ.