"Тендерийг цуцалснаар вакцины үнэ буурсан"

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

"Тендерийг цуцалснаар вакцины үнэ буурсан"

"Тендерийг цуцалснаар вакцины үнэ буурсан"

“NEWS” агентлаг “Нэг сэдэв, найман эх сурвалж” буланг өнгөрсөн долоо хоногт уншигчиддаа хүргэсэн. Энэ дугаараараа бид малын гоц халдварт шүлхий өвчний эргэн тойронд хөндсөн юм. Иймээс Шүлхий өвчинтэй тэмцэх арга нь зөвхөн вакцин уу, ОХУ-аас нийлүүлж байгаа вакцины чанар ямар байна вэ? Монгол Улс дотооддоо шүлхий өвчинтэй тэмцэх вакцин үйлдвэрлэх боломжтой юу зэрэг асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягтай ярилцлаа.


-Шүлхий өвчинтэй тэмцэх арга нь зөвхөн вакцин хийх л юм уу. Дэлхий нийт энэ төрлийн өвчинтэй ямар аргаар тэмцдэг юм бэ?

-Вакцин бол шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаа тогтоодог болохоос тэмцдэг арга биш. Шүлхийн вирус нь А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн дархлаа төрүүлэх чанараасаа хамаарч дотроо 40 гаруй дэд хэвшилд задардаг.

Мал энэ өвчний халдвар авсан тохиолдолд аль хэвшлийнх вэ гэдгийг дээж авч, олон улсын лавлагаа лабораториор шинжлүүлсний дараа түүнд нь тохирсон вакциныг захиалж, тарьдаг. Вакцин тарихад малд 100 хувь дархлаа тогтдоггүй, 80 гаруй хувийн л дархлаа тогтдог. Өөрөөр хэлбэл, шүлхий өвчин гарсан тохиолдолд тэмцэх гол арга нь хорио цээр гэж ойлгох хэрэгтэй.

Аль ч улсад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарахад тухайн газарт нь хорио цээрийг хатуу чанга тавьдаг. Хорио цээрийг хэдий сайн тавина, халдварыг цааш тархаахгүй тухайн орчинд нь нам дарах боломжтой.

-Монголд өнөөдөр 13 аймгийн 40 гаруй суманд малын шүлхий өвчин дэгдсэн нь хорио цээрийг сахиулж чадсангүй гэж дүгнэж болох уу. Нийслэлд хүртэл шүлхий өвчин гарсан?

-2010 онд анх Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт шүлхий өвчин дэгдэхэд хорио цээрийн дэглэмийг маш сайн тавьсан. Тухайн бүс рүү хүн нэвтрүүлдэггүй, гаргадаггүй. Хоол ундыг нь хилийн цэсэд хүргэж, цаанаас нь зориулалтын хувцастай хүн ирж аваад, тээврийн хэрэгслийг бүрэн ариутгаж, ажиллаж байсан. Богино хугацаанд зардал багатай дарж чадсан.

Одоо бол хариуцлагагүй байдал дэндсэн. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс өвс, тэжээл зөөнө, отор нүүдэл хийнэ. Хурал хийнэ, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн гүйцэд хийдэггүй. Өвөлжөө, хаваржааг 100 хувь ариутгах ёстой ч энэ ажлыг дутуу дулимаг хийдэг. Иргэдээс “Улаанбаатар хотоос гарч байгаа болон орж ирж байгаа авто машины дугуй руу уусмал цацаад гишгүүрийг үлдээлээ” гэдэг гомдол ирдэг. Ариутгал халдваргүйжүүлэлтийг ямар төвшинд хийж байна вэ гэдгийг л харуулсан бодит үнэн.

Мөн хүмүүсийг уураар ариутгаад явуултал хатгаа авах, тэндээс эхлээд асуудал үүсэх гээд хаа, хаанаа хариуцлагатай хандах шаардлага тулгараад байна.

-Цаашдаа яах вэ. Бүх малаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр урьдчилан сэргийлж вакцинжуулалтад хамруулах юм уу. Эсвэл өвчин гарсан тохиолдолд л Орос руу вакцин захиалж тарина гэсэн үг үү. Хариуцлагыг ч бас чангатгах шаардлага тавих ёстой болж байна?

-Хуучнаа санагалзаж байгаа юм биш шүү. 1990 оноос өмнө жил бүрийн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20-ний хооронд Монгол Улсын мал аж ахуйн салбарт хийх хаврын 13 ажил, намрын найман ажил хуульчлагдсан байсан. Хөдөөд амьдардаг найман настнаас 80 настан бүгд мэддэг, түүндээ бэлтгэдэг байлаа. Энэ тогтолцоо руу орох хэрэгтэй.

Эхнээсээ зарим ажил хийгдэж байна. Засгийн газар, салбарын яам мал, амьтны гоц халдварт өвчинд онцгой анхаарал хандуулж, шат, шатанд үүрэг хариуцлага хүлээдэг байх тогтолцоонд шилжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүд, Онцгой комиссын гишүүн нэг бүрийг аймаг хариуцуулъя. Улиралд хоёроос доошгүй удаа хариуцсан аймагтаа ажиллана. Ажлын хэрэгжилт ямар төвшинд байгааг газар дээр нь очиж шалгана. Аймаг бүрийн сумдын тоо өөр. Зарим аймаг 26 сум, зарим нь 13 сумтай. Аймаг болгон дээр тухайн аймгийн Онцгой комиссын дарга нь шат, шатны агентлагийн дарга нараар сумдыг хариуцуулна. Төлөвлөсөн ажил хугацаандаа хийгдээгүй бол шат, шатанд нь хариуцлага тооцно.

Мал эмнэлэг, үржлийн газар тарилга хийх календарчилсан төлөвлөгөө гаргаснаа бүх аймаг, нийслэлийн хувийн мал эмнэлэг, төрийн мал эмнэлэгт хүргүүлж байгаа. Тэр календарьт заасан хугацаанд багтааж вакцинаа хийнэ.

Хэрэв бид шүлхийн, цусан халдвартын, боом, бруцеллёз зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, төр даадаг вакцинаа цаг хугацаандаа олгоогүй, тасалдуулсан, чанаргүй вакцин хүргүүлсэн бол хариуцлагаа хүлээнэ.

Хүргүүлсэн вакциныг цаг хугацаанд нь тариагүй бол малын эмч нар хариуцлагаа хүлээнэ. Тарилга зохион байгуулахад малаа бүрэн хамруулаагүй, барьж хүлж өгөөгүй, хашаа хороогоор хангаагүй бол малчин хариуцлага хүлээнэ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд бүх хариуцлагыг заасан байгаа. Тухайлбал, хотонд нь шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ гэхэд малын эмчдээ хоёр цагийн дотор мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ тухай мэдэгдээгүй, хорио цээрийн дэглэм тогтоосон байхад нүүсэн, үзлэг шинжилгээнд хамрагдаагүй малыг өөр аймгийн нутаг руу аваад явсан, үүнээс болж, мал, амьтны өвчин дэгдээсэн, энэ нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдох юм бол малчинд нөхөн олговор олгохгүй. Харин ч дээрх өвчний улмаас гарсан ажиллах хүчнээс эхлээд бүхий л зардлыг малчнаар төлүүлнэ.

-Төр хариуцдаг вакцины тухай та ярилаа. Ямар вакциныг төр, ямар вакциныг малчин хариуцах үүрэг хүлээдэг юм бэ. Жилд хэдий хэмжээний зардал төсөвт суулгадаг вэ?

-Малын 77 нэр төрлийн өвчин байдаг. Эдгээрээс гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаруй вакцин, туулгалтыг төр, 20-иод төрлийнхийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг. Үлдсэн 20 орчим өвчний эсрэг туулгалт, угаалга, вакцин зэргийг малчин хариуцдаг.

Энэ жил 25.6 тэрбум төгрөг тавигдсаны 14 тэрбум төгрөгөөр дотоод, гадаад вакцин худалдан авч байна. Дотоодоос буюу Биокомбинатаас 40 гаруй нэр төрлийн вакцин авдаг.

-Шүлхийтэй тэмцэхэд төсвөөс хэдэн тэрбумыг зарцуулж байна вэ?

-Гоц халдварт өвчин, халдварт өвчинд 14 тэрбумыг зарцуулна. Одоогийн байдлаар 4.3 тэрбумыг зарцуулаад байгаа. Үйлчилгээний зардал мөн багтсан.

-ОХУ-аас буцалтгүй тусламжаар вакцин нийлүүлж байна. Энэ нь хэчнээн толгой мал вакцинжуулах боломжтой вакцин бэ?

-Бид 4.5 сая тун вакцин авсан, арилжааны журмаар 3.2 сая тун вакцин авна. Ирэх есдүгээр сард арилжааны вакцинаа хүлээн авна. Тэрний наана ОХУ-ын буцалтгүй тусламжаар 1.4 сая тун вакциныг таван сардаа багтаан авна.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа вакцин нь зөвхөн энэ оноос эхэлсэн юм биш.

Засгийн газраас малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2011-2016 оны хооронд ОХУ-аас 23 сая тун вакцин авч, малдаа тарьсан. Энэ нь 100 хувь буцалтгүй тусламжаар ирсэн вакцин юм. Нийт өртөг нь 8 сая гаруй ам.доллартай тэнцэнэ. 60 гаруй сая толгой малыг вакцинжуулсан. Дээрх хугацаанд шүлхий өвчин гараагүй.

-Шүлхийн вакцин чанартай эсэх асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд хөндөгдлөө. Нийлүүлэлт нь мафийн системд шилжсэн ч гэх шиг эрүүгийн чанартай зүйлүүд ч нэлээд яригдлаа. Бодит мэдээллийг өгөөч, вакцины чанарт хяналтыг хэрхэн тавьдаг юм бэ?

-ОХУ-аас мэргэжлийн хүмүүс нь манайд ирж, шүлхий гарсан таван аймгаас 1800 дээж авч, нийлүүлсэн шүлхийний эсрэг вакциных нь идэвх ямар байна вэ гэдгийг судлаад, мэдээгээ ирүүлсэн. Үйлчлэл нь 86 хувьтай байгаа. Дээрээс нь бид тусламжийн вакциныг ч арилжааны вакциныг ч шалгах ёстой. Мэргэжлийн хяналт, цагдаа, лабораторийн хүмүүс оруулсан хөндлөнгийн хүмүүс гаргаж ажлын хэсэг томилоод огт шүлхий гараагүй 500 малыг тусад нь ялгаад ОХУ-аас нийлүүлсэн вакциныг тарьсан. Цус ийлдсийг авч өсөлт бууралт нь ямар байна вэ гэж вакцины идэвхийг тогтоож байгаа. Бид ч оролцдоггүй, хөндлөнгийн байгууллага шалгадаг юм.

Ер нь бол энэ асуудлаас болж, хоёр улсын харилцаанд ч сөргөөр тусаж байна. Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэх хуудас ирүүлсэн. “Хамтын ажиллагааны хүрээнд вакцин нийлүүлсэн. Гэтэл танай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мафижлаа гэх мэдээлэл цацагдлаа, шалгаж тогтоо” гэсэн.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандан вакцинтай холбоотой асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Шалгалтын дүн гарсан, зөрчил гараагүй.

Хоёр дахь шалгалт дахиад саяхан хийгдэж эхэллээ. Цагдаа, мэргэжлийн хяналтынхнаас бүрдсэн баг. Нэгэнт энэ асуудлыг шалгаж байгаа болохоор вакцин хуурамч гэж ярьсан, мэдээлэл цацсан хүмүүсийг ч давхар шалгах ёстой.

-Вакциныг анхны үнээс нь хоёр, гурав дахин нугалж, “шахдаг” гэдэг нь үнэн юм уу?

-Юуг нь нуух вэ, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гарахаас өмнө вакциныг дэндүү өндөр үнэтэй төрд шахдаг наймаа байсан. Улсад хохирол учруулдаг байсан учраас 2017 онд нэг ч тун вакциныг тендерээр худалдаж аваагүй.

Бид Засгийн газраас вакциныхаа чанарт хариуцлагаа хүлээе, шууд худалдан авалтыг бидэнд өгчих. Тендер зарлах хугацаа ч үгүй байна гэдгээ хэлсэн. Худалдан авахын өмнө Засгийн газраар шийдвэр гаргуулдаг. Чанарыг нь түрүүн ярьсан горимоор шалгуулдаг.

-Тендергүйгээр шууд вакцин авахаар үнэ хэр буурч байна?

-Тендерээр шүлхийн нэг тун вакциныг 1600 төгрөгөөр авч байсан бол шууд худалдан авалтаар 813 төгрөг болсон. Тендерээр мялзангийн эсрэг нэг тун вакцин 154 төгрөгөөр авч байсан бол шууд худалдан авалтаар 51 төгрөг болж буурсан. Өмнө нь тендерээр авч байсан үйлдвэрээс авахад үнийн ийм ялгаа гарсан.

-Вакцин тээвэрлэлтэд хяналт тавьж чаддаг уу. Малчны хотонд хүрэх хүртэл ч нэлээн зайтай шүү?

-Вакциныг оросууд өөрсдийн тээврийн зардлаар Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд тээвэрлэж авчирдаг. Мэргэжлийн байгууллагуудаас оролцсон хүмүүс хяналт тавьж, вакциныг хүлээн авдаг. Бүх индикатор нь дотроо байгаа, шалгалтын тестүүд нь ирж байгаа. Тэр бүгдийг нь хянаад шалгана. Онгоцноос буулгаад бүх аймгийн төвийн лаборатори хүртэлх процесс чанарын хяналттай, технологийн орчинд, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэдэг. Харин аймгаасаа суманд, сумаасаа Дорж гуайн суурьт хүргэхэд асуудалтай. Энийг би нуухгүй.

-2 градус хүртэлх орчинд байх ёстой вакциныг сумын малын эмч мал тарихаар -35 градусын хүйтэнд мотоцикл дээрээ дүүрээд л аваад явдаг. Гадаа -25 хэм зааж байхад айлын орон доогуур өнөөх вакцин байж байх жишээтэй. Оросууд манайд өвөл вакцин өгөх сонирхолгүй. “Яагаад танайх өвөл вакцин тариад байгаа юм бэ? Тавдугаар сараас хойш вакцин авч, тарьж байгаач ээ. Өвлийн хүйтэнд вакцин тарих чинь чанарт нөлөөлнө” гэж хэлдэг.

Гэвч өвлөөр шүлхий дэгдэхээр яах ч арга байдаггүй. Аймгийн Засаг дарга нар өдөр, шөнөгүй утасдаж, вакцин нэхдэг. УИХ-ын гишүүн нь хүртэл вакцинд оролцдог болсон.

Бид энэ жилээс тавдугаар сарын сарын 1-ээс наймдугаар сарын 20- гэхэд вакцинаа татан авч дуусгана. Үе шаттай авч эхэлж байна.

-Дотооддоо шүлхийний эсрэг вакцин хэзээнээс үйлдвэрлэдэг болох вэ. Биокомбинат үйлдвэр вакцин үйлдвэрлэдэг, энэ үйлдвэр шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэж чадахгүй байгаа нь технологи нь хоцрогдсоных уу, эсвэл гадаадад захиалснаас өндөр үнэтэй тусдаг юм уу?

-Биокомбинат 1972 онд ашиглалтад орсон үйлдвэр. Өнөөдөр барилга нь актад орсон ч үйлдвэрлэл нь явж байна. 44 нэр төрлийн эм, био бэлдмэл үйлдвэрлэдэг. Тус комбинатын одоогийн үйлдвэрлэж байгаа вакцины чанар, савлагаа нь хоцрогдсон, муудсан.

Вакцинаа 500 граммын савлагаатайгаар үйлдвэрлэдэг. 200 хоньтой айлд очоод өнөөх вакциныг тарихад 200 грамм нь хаягддаг. 50, 100 граммын савлагаатайгаар үйлдвэрлэх боломжгүй байдаг. Шинжлэх ухаан хөгжсөнөөр улс орнууд нэг вакцинаар 2-3 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой вакцин үйлдвэрлэдэг болсон. Энэ тал дээр манайх хоцрогдсон. Тийм учраас Унгарын Засгийн газарт хандаад 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинатыг шинэчлэх асуудал тавьсан юм. Харамсалтай нь, шийдэж чадалгүй арван жил ярилаа. Унгар улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгоё гээд тендер зарлагдах шатан дээрээ очиход тухайн үеийн Биокомбинатын удирдлагууд “ашиггүй” гээд зогсоосон.

Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас 25 сая ам.доллар дахин яригдаад аль, аль нь техникийн шийдлүүддээ хүрсэн. Одоо Биокомбинатын хуучин барилгыг өргөтгөн шинэчлэх биш тусдаа шинээр вакцины үйлдвэр барина. Хуурай болон шингэн вакцин үйлдвэрлэнэ. Жилдээ 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдах юм. Дагаж Олон улсын лавлагаа том лабораторитой, тэнд ажиллах боловсон хүчнээ сургах зэрэг хэд, хэдэн ажил давхар явна. Ажил төгсгөлийн шатандаа буюу тендер зарлахад бэлэн болж байна. Бүх бичиг баримт, техникийн тодорхойлолт дээрээ хоёр тал тохиролцсон. Болж өгвөл ирэх зургадугаар сард барилгын шавыг нь тавиулах санаатай байна.

-Үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд шүлхийний эсрэг вакцин үйлдвэрлэх үү?

-Шүлхийнээс бусад вирусын төрлийн бүх вакциныг үйлдвэрлэдэг болно. Шүлхийг үйлдвэрлэхэд технологи нь гайгүй ч аюулгүй орчин өндөрт тавигддаг учраас 25 сая ам.долларт шүлхийний вакцин үйлдвэрлэх боломж байхгүй байгаа.

Эхний ээлжинд бусад вакцинаа шийдье. Экспортолдоггүй юм аа гэхэд ядаж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болох нь нэн чухал юм. Дараа нь Унгар улстай дахин яриад шийдэж болно. Арга бий, бүр болохгүй бол захиалаад, хуурай бэлдмэлийг авч ч болно. Өөрөөр хэлбэл, шүлхийн омог хэвшилд нь таарсан хуурай вакциныг захиалж авчраад, энд ээ шингэлээд вакцинаа үйлдвэрлэдэг технологи байж болно.

Шинэ үйлдвэртэй болоход Ерөнхийлөгч ч анхаарал хандуулж, Засгийн газар ч шахаж ажиллаж байгаа, биднийг. Ажил болгочихвол маш том асуудлыг шийднэ.

-Шүлхий гарлаа гэж мэдээлэх нь хэр зөв юм бэ. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Шүлхий өвчний талаарх мэдээллийг түгээх нь тодорхой журамтай байдаг. Эхлээд тухайн өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд малын эмч болон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагад мэдэгдэнэ. Лабораторийн шинжилгээний дүнг баталгаажуулсны дараа Монгол Улсын Малын ерөнхий эмч Б.Цолмон дээр бүх шинжилгээ болон холбогдох байгууллагын захирамжууд ирсний дараа хэвлэл мэдээллээр мэдээлж болно гэсэн журам үйлчилж байгаа. Энэ журамд өөрчлөлт орж болзошгүй. Учир нь, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 оны арванхоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Энэ хуулиар мал, амьтны халдварт өвчин гарсан, сэжиг илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг тусгаж өгсөн. Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг уг хуулиар илүү тодорхой болгож өгсөн. Мөн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори, иргэн, хуулийн этгээд тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан. Уг хууль ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

Г.Нэргүй, У.Оргилмаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж