Нээвэл нээсэн шиг нээдэг аж

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нээвэл нээсэн шиг нээдэг аж

Нээвэл нээсэн шиг нээдэг аж

Хонконгтой хил залгаа Шеньжэнь хот дэлхийд алдартай. Энд Apple, Microsoft, Dell, Sony компаниудын гар утас, ноутбуукны жижиг хэсгүүдийг үйлдвэрлэдэг Foxconn компани бий. Гэхдээ Foxconn бол Шеньжэньд ажилладаг  зуу зуун үйлдвэрийн л нэг юм. Энэ хотод дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны 90 хувийг үйлдвэрлэж байна.

Хятад улс эдийн засгаа нээсний 40 жилийг энэ онд тэмдэглэж байгаа бөгөөд 40 жилийн дотор Хятадын нүүр царай хэрхэн өөрчлөгдсөн, эдийн засгийн хөгжлөө хэрхэн залснаа харуулах зорилго бүхий 10 хоногийн аялалд Азийн 10 орны сэтгүүлчдийг урьсан. Бээжингээс эхэлсэн энэхүү аяллын сүүлийн цэг нь  Шеньжэнь байсан юм. Энэ дунд бид Ханжоуд хоёр хоног саатаж дэлхийн гигант Алибаба компаниар зочилсон юм. Аялалд Монгол, Энэтхэг, Пакистан, Непал, Кампуч, Мьянмар, Бангладеш, Малайз, Индонез, Тайландаас тус бүр хоёр сэтгүүлч уригдсан байсан. Аяллыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгууллаа.

Хятадын өнөөгийн эдийн засгийн архитекторч гэгддэг Дэн Сяопинь иргэний дайн, коммунистууд гоминданьчуудын тэмцэл, соёлын хувьсгал гээд дараалсан цохилтуудад сөхөрсөн эдийн засгаа аврах ганц зам бол Хятад орон гадаад орнуудад үүд хаалгаа нээх гэж үзсэн. Ялангуяа Их Британийн мэдэлд байсан Хонконг арлын эдийн засгийн үсрэнгүй хөгжил эх газрын Хятадын дорой буурай байдал тэнгэр газар шиг байлаа. Тиймээс ч өмнөд нутгийн хятад иргэд олноор Хонконг руу дүрвэж байсан цаг. Энэ нь хил залгаа Шеньжэнь хотыг гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх анхны үүд болгон нээсэн байдаг.

Шеньжэнь бол Хятадын анхны Эдийн засгийн чөлөөт бүс гэдгээрээ алдартай. Гадаадын хөрөнгө оруулалтын гайхамшиг гэж юу вэ, татварын таатай хөнгөлөлт, хямд ажиллах хүч хоёр хосолбол юу бүтээж болдгийг харуулсан газар.

Өмнө дурдсан Foxconn үйлдвэр бол Тайванийн хөрөнгө оруулалттай. Шеньжэньд байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг харахад АНУ давамгайлж байна. Тухайлбал, АНУ-ын WalMart, Sam’s Club сүлжээ дэлгүүр, KFC, McDonald’s, Pizza Hut, Starbucks сүлжээ, IBM корпорацийн судалгааны төв, DuPont химийн үйлдвэр, HewlettPackard компанийн электроникийн үйлдвэр, PepsiCo-гийн үйлдвэр, хүүхдийн тоглоомын Ohio Art Company компанийн салбар, мөн Citibank ажиллаж байна.

Францын хөрөнгө оруулалтаас дурдвал супермаркетийн сүлжээ Carrefour, спортын барааны Decathlon дэлгүүр, эмийн Sanofi үйлдвэр, Crédit Agricole банкны салбар.

Японы хувьд электроникийн хэдэн үйлдвэр ажиллаж байна. Тухайлбал, Daikin, Ricoh, Hitachi, Sanyo, Seiko Epson, Fuji Xerox, Uniden компанийн үйлдвэрүүд. Үүнээс гадна Nitto Denko химийн үйлдвэр, супермаркетын JUSCO сүлжээ, Seibu их дэлгүүрийн салбар, The Bank of Tokyo-Mitsubishi UFJ,  Mizuho Corporate Bank гэсэн хоёр банкны салбар, санхүүгийн Tokio Marine, Sompo Japan Insurance, Mitsui Sumitomo Insurance, Nipponkoa Insurance компанийн төлөөлөгчийн газрууд ажиллаж байна.

Их Британийн хувьд хамгийн том хөрөнгө оруулагч нь British Petroleum юм. Үүнээс гадна Tesco болон B&Q супермаркетийн сүлжээ, электроникийн International Audio Group, Standard Chartered Bank байна. Герман мөн супермаркетийн Metro сүлжээгээ энд нээсэн. Үүнээс гадна ахуйн цахилгаан хэрэгслийн Severin Elektrogeräte компанийн үйлдвэр, даатгалын DKV Deutsch компанийн төлөөлөгчийн газар.

Голландын чихрийн Perfetti Van Melle үйлдвэр, электроникийн Spire Corp, ABN AMRO банкны салбар. Өмнөд Солонгосын Samsung, Швейцарийн электроникийн STMicroelectronics үйлдвэрийн салбар, Филиппинийн электроники Integrated Microelectronics үйлдвэрийн салбар, Philippine National Bank төлөөлөгчийн газар, Италийн DeCoro мебелийн үйлдвэр. ОХУ-ын Vantex электроникийн үйлдвэр, Тайландын хоёр банк Bangkok Bank болон Kasikornbank-ийн салбар, Сингапурын хоёр банк DBS Bank, United Overseas Bank Group, Вьетнамын Asia Commercial Bank, Бельгийн KBC Group банк, Энэтхэгийн Bank of India салбарууд ажиллаж байна.

40 жилийн өмнө Шеньжень нь ердөө 30 мянган хүнтэй загасчны суурин байсан бол одоо Хятадын өндөр хөгжилтэй таван хотын гуравт Бээжин, Шанхайн ард жагсч байна. Хөгжлөөрөө удахгүй Шанхайг гүйцэх нь тодорхой болжээ.

Өнөөдөр энэ жижиг хотод Монголын хүн амаас тав дахин их хүн амьдарч байна.Монголтой хавьтах зүйл бараг байхгүй ч түүхийн эх сурвалжаас үзэхэд XIII зууны үед Өмнөд Сүн улсын  сүүлчийн хаан Хубилай хааны мөшгөлтөөс зугтаж яваад Шеньжэнийн ойролцоо үрэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Арав хоногийн аяллын турш Хятадын харилцаа холбоо, өндөр технологийн хөгжлийг харуулах хөтөлбөрийг зохион байгуулсан байлаа. Аяллын явцад бид өмнө өгүүлсэн “Алибаба”, “Хуйвэй”, сансрын хиймэл дагуулын компаниудаар зочилсноос гадна дэд бүтцийн чиглэлээр дэлхийн хэмжээнд хүрсэн CCCC буюу China Communications Construction Company-д зочилсон. Тус корпорац Ази, Африкийн олон улс, мөн АНУ-д дэд бүтцийн нүсэр байгууламжуудыг барьсан туршлагатай. Эдний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд дотор Монголын нэг төсөл буй нь Тосонцэнгэл-Улиастайн 67 км автозамын төсөл байлаа.

Энэ зам нь Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх бөгөөд төслийн гүйцэтгэгчээр гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шеньжэнь Бэйшин Роуд энд Бридж групп” ХХК, Монголын дөрвөн компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгааг Зам, тээврийн яамны сайтад мэдээлжээ.

Эдийн засгаа нээсэн 1978 оноос хойш Хятадын эдийн засгийн өсөлт хориод жилийн турш 7-9 хувиас буугаагүй ажээ. Хятадын өнөөгийн удирдагч Си Жиньпиний эхлүүлсэн “Бүс, зам” санаачилга өмнөд хөршийн дараагийн 40 жилийн хөгжлийг тодорхойлох нь дамжиггүй болжээ.  Ийнхүү өмнөд хөрш маань 40 жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь эдийн засаг болж, тэрбум 400 сая хүнээ хүнсээр бүрэн хангадаг улс болжээ. Хамгийн бахархам дэвшлийг шинжлэх ухаан, өндөр технологид суурилсан салбарт хийсэн байна.

Биднийг газрын баялгаа ухах уу, булах уу, төмөр замаа тавих уу, тавихгүй юу гэж өөр хоорондоо маргалдсаар суух хооронд өмнөд хөрш сансарт нисэх чадалтай боллоо. Сансарт нарны үүсгүүр байрлуулж, хямд эрчим хүч авах тухай тэд ярьж сууна. 20 жилийн өмнө худалдааны эргэлтээр дэлхийн улс орнуудын 29-т байсан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр нэгд бичигдэж АНУ-ыг гүйцэж түрүүллээ гэж ярьж сууна. Мэдээж эдгээр амжилтаа түгээх зорилготой гадаад орны сэтгүүлчдийг урьсан нь ойлгомжтой ч “ядуу хөрштэй баймааргүй байна” гэсэн Си даргын Улаанбаатарт  хэлсэн үгийг давхар сануулах зорилготой.

Ардчилал, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн чөлөөт байдал гээд шүүмжлэл дагуулсан асуудлууд өмнөд хөршид бий. Гэвч цатгалан ходоодтой хүн, өлсгөлөн хүн хоёрын хэн нь түрүүлж өрвөлзөх бол? Хэнийг нь хүссэнээрээ чиглүүлэхэд амархан байх бол?

Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн мөнхийн асуулттай дүйх асуулт бол орчин үед эдийн засаг анхдагч уу, улс төр анхдагч уу болсон. Олон орны жишээ эдийн засаг нь улс төрөө чиглүүлж явааг бид харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж