Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоно

Хуучирсан мэдээ: 2018.05.14-нд нийтлэгдсэн

Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоно

Н.Амарзаяа: Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. УИХ энэ хоёр төслийг хоёуланг нь дэмжиж, хоёр төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн мөнгийг зуун хувьд нь олгох уу, 80 хувьд нь олгох уу гэдэг асуудал ойлгомжгүй байна. Та ажлын хэсгийн зүгээс ямар нэг шийдэлд хүрсэн үү?

-Хүүхдийн мөнгөний төсвийн асуудлыг судлах саналыг ОУВС-гаас тавьсан. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ажлын хэсгийн хоёр дахь хуралдаанаа хийж,  хүүхдийн мөнгөний асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ОУВС-гийн төлөөлөлтэй хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох уу, 80 хувьд олгох уу гэдэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн уулзсан. Ингээд төсвийн нөхцөл байдлаас үүдэж хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох Засгийн газрын шийдвэр дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ шийдвэрийг Сангийн яам, Төсийн байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд аль аль нь албан бичгээр, тайлбар мэдээлэлтэйгээр хүргүүлсэн учраас ажлын хэсгийн хуралдаанаас 80 хувьд нь олгох шийдвэр гаргасан.

Засгийн газрын өргөн мэдүүлснээр хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор болсон учраас үүнд шаардагдах 41 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн багцад байгаа хүүхэд хамгааллын, халамжийн төсвөөс зориулалтыг нь өөрчлөөд олгох чиглэл гарсан байгаа.

-Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн дагуу хүүхдийн мөнгийг зуун хувьд нь олгох боломжгүй гэсэн үг үү?

-Тэгэхээр ажлын хэсгээс гарсан нэг дүгнэлт нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал дээр үндэслэж нэг заалт гаргасан. Энэ нь хүүхдийн мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлж олгох, төсвийн тодотгол хийхээр бол яаралтай 100 хувьд нь олгох. Хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байвал зардлыг танах зорилгоор 100 хувьд нь олгох асуудлыг УИХ-д удахгүй өргөн барих болно. Одоогийн байдлаар 80 хувьдаа олгоод явна. Цаг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Цаад тал нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нөхөж олгоно гэж харж байна. Хэрвээ наана нь олгох боломж гарвал төсөвт тодотгол хийгээд олгоно. Тэгэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад багтсан хүүхэд рүү чиглэсэн эх үүсвэр дээр тулгуурлан олгож байгаа. Ямар ч байсан одоогийн байдлаар бүх хүүхдэд олгох боломжгүй байна гэдэг дүгнэлт, шийдвэр гарсан.

-Та Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт багтсан. Ажлын хэсгийн ахлагчийг сольсон нь ямар шалтгаантай юм бэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болов уу?

-УИХ-ын даргын тогтоол, шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг. Ажлын хэсгийн ахлагч байсан Д.Дамба-Очир гишүүн өөрөө өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл байна.

-Та уг ажлын хэсэгт ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ?

-Ажлын хэсэг ойрын хугацаанд хуралдахаа түр хойшлуулсан байгаа. Учир нь ажлын хэсэгт есөн гишүүн байгаагийн тав нь дэд ажлын хэсгүүдэд хуваарилагдсан. Би л гэхэд хоёр дэд ажлын хэсэгт хуваарилагдаад ажиллаж байна. Тухайлбал, гэрээний үндсэн төсөв санхүү хариуцсан дэд ажлын хэсэг, бүс нутгийн хөгжил дэд бүтцийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Гэрээний үндсэн төсөв санхүү хариуцсан дэд ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Наранцогтоор ахлуулаад салбар яамны бүх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүн нэг сар ажиллана. Мөн бүсчилсэн хөгжил, дэд хөгжил дээр Барилга хот байгуулалтын яамнаас Магнайсүрэн оролцож байгаа. Ажлын хэсгийн хорь гаруй хүн баасан гаригт Оюутолгой дээр газар дээр нь ажиллаж байна. Засгийн газар, УИХ-ын хамтарсан дэд ажлын хэсэг дүгнэлтээ тавдугаар сарын 20-25-ны хооронд гаргасны дараа УИХ-аас бүрдсэн ажлын хэсэг тайланд дүгнэлтээ нягталж, УИХ дээр танилцуулах болно.

-Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс ажлын хэсэгт оруулсангүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Ажлын хэсэгт багтсан уу?

-Ажлын хэсэгт багтаад ажиллаж байгаа.

-Дэд ажлын хэсгүүд хуралдаагүй гэсэн шүүмжлэл мөн гарсан. Та үүнд тайлбар өгөөч?

-Миний ажиллаж байгаа дэд ажлын хэсэг 2-3 удаа хуралдсан. Бид ажлын хэсгийн ахлагч, төрийн нарийн бичгийн дарга нартайгаа байнга холбоотой, мэдээлэл солилцож байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж