Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод буй. Тодруулбал, Цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцан нарын хугацаа өнгөрсөн жил дууссан бол Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 9-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулиараа Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав, гурваар нь томилгоо хийдэг. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийдэг.
Ерөнхийлөгч Р.Бурмааг дахин нэр дэвшүүлнэ
Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэн томилсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дуусгавар болсон. Тодруулбал, цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагва нар юм. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Наранчимэгийг Ерөнхийлөгчөөс томилсон учраас түүнийг орлох хүнийг мөн л Ерөнхийлөгч санал болгоно. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сард Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналаа УИХ-д өргөн мэдүүлж байсан. Гэвч УИХ дахь олонхын бүлэг Р.Бурмааг цэцийн гишүүнээр томилох асуудлыг дэмжихгүй гэж байр сууриа нэгтгэсний дараа Ерөнхийлөгч өөрийн саналаа цуцлах шийдвэр гаргасан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс дахин УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналтай байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хувьд ч Ерөнхийлөгч өөрийг нь дахин нэр дэвшүүлбэл саналыг нь хүлээж авна гэдгээ ч илэрхийлээд байгаа юм. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагаас гадна МУИС-ийн багш цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
МАН Р.Сугарын орны хүнийг томилох хувилбараа яриагүй байна
УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Д.Сугарыг 2012 оны тавдугаар сарын 9-ний өдөр томилсон. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг учраас ийнхүү түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусгавар болж байгаа юм. МАН дотор Д.Сугарын оронд хэнийг томилох талаар одоогоор яригдсан зүйл байхгүй бөгөөд түүний оронд томилох хүний асуудал яригдаагүй талаар эх сурвалжууд мэдээлж буй. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол түүнийг орлох хүнийг томилтол гишүүн хэвээр байх юм. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдаг. Тиймээс дараагийн гишүүнийг УИХ томилтол Д.Сугар цэцийн гишүүнээр ажиллана гэсэн үг юм.
Ш.ЧИМЭГ