Гишүүдтэй гишүүд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Гишүүдтэй гишүүд хариуцлага тооцно

Гишүүдтэй гишүүд хариуцлага тооцно

Монголд хэлсэн үг, хийсэн хэрэгтэй хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй хүмүүс бол парламентын гишүүд. Засгийн газрын гишүүд хариуцлагагүй ажиллабал огцрох асуудал хөндөгддөг бол УИХ-ын гишүүд ажилдаа ирэхгүй байсан ч, хүчирхийлэлийн хэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээсэн удаагүй. Монголын парламентын чадамж сонгуулиас, сонгуулийн хооронд муудаж байгаа талаар олон нийт шүүмжилдэг. Боов боорцог, архи тамхи, хүүхэн шуухан, зодоон цохионы хэрэгт холбогдох болсон парламентын гишүүд ажилдаа хариуцлагагүй, ирдэггүй гэх асуудал ч гарсаар удаж байгаа.

Өнөөдөр ч Монголын парламентад өдрийн од шиг үзэгддэг гишүүд бий. Зарим хуулийн төслийг арваадхан гишүүд хэлэлцээд баталж байгаа асуудал ч гарсаар байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн үндсэн гол ажил болох, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах үүднээс Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хандсан байна.

Уг төсөлд чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй, хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах зэрэг хариуцлагын зохицуулалтыг оруулсан байна.

Мөн гишүүдийг хурууны хээгээр ирцийг нь бүртгэж, саналаа өгөх асуудал ч хөндөгдөж байна. Хэрэв энэ хууль батлагдвал гишүүдийн хариуцлага нэмэгдэж, хувийн ажлынхаа хажуугаар хууль баталдаг явдал нь зогсоно гэж санаачлагчид нь үзэж байгаа юм. Дэгийн тухай хуулийг өөрчилснөөр дэггүй гишүүд дэгэнд орох бололтой.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж