С.Баярыг рингэн дээр дуудав уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

С.Баярыг рингэн дээр дуудав уу?

С.Баярыг рингэн дээр дуудав уу?

Улс төрөөс ‘time out’ авснаа зарлаж суусан С.Баярыг эргээд улс төрийн рингэн дээр дуудаж авчирснаараа эрх баригчид эргээд өөрсөд дээрээ гал дуудаж байна гэж гэвэл буруудахгүй. Тэр тусмаа АНУ-д авсан долоон байрны асуудлаар нь биш Оюутолгойн гэрээгээр, бүр тодруулбал, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэх үндэслэлээр прокуророос явуулсан хүсэлтийн дагуу шүүх хоёр ч удаа хорих хугацааг сунгасан нь С.Баярыг улс төрийн рингэн дээр эргэж ирэх гол шалтгаан болж магадгүй байна.

Хууль дуудсан цагт, даашинзны хормой, бөхчүүдийн зодог, гишүүдийн халдашгүй дархан эрхийн дор нуугдалгүй зангиагаа зүүгээд явж очсон түүнийг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайханыг барьж хорьсон нь, хорих хугацааг нь дахин, дахин сунгасан нь  тэд тийм аюултай гэмт хэрэгтнүүд, гэмт хэргийн сэжигтнүүд мөн үү, мөн байсан уу гэсэн асуулт хуулийнханд, АТГ, проукрор, шүүгч нар тавигдах нь зайлшгүй. Олон нийтийн сүлжээнд олон ч хүн хуулийнхнаас энэ асуултад хариу нэхэх болсон.

Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн алдаа, оноо хэдийгээр С.Баярын Засгийн газар, тэр тусмаа энэ хэргээр шалгуулж буй түүнд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нартай холбогдох ч төслийн үр өгөөжийг монголчууд бүгдээрээ, өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, эх орончид, популистууд, хууль цагдаа, шүүгч, прокурор бүгд хүртэж яваа.

Гол нь улс төрийн нэг бүлэглэл өрсөлдөгчдөөсөө салах улс төрийн зэвсэг нь Оюутолгой болох вий гэсэн болгоомжлол, бүр энэ төсөл 1937 оны хэлмэгдүүлэлтийг эргээд авчрах вий гэсэн айдас, цаашлаад Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй гадаадынхны явуулга байж болзошгүй гэх эргэлзээ нийгэмд байгааг нуух юун.

Үнэндээ С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг анх хориход бүгд шуугиж байсан. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг мөн хориход бүгдээрээ “хэлэлцсэн”. Харин тэдний хорих хугацааг сунгахад өмнөх шигээ дуулиан болоогүй нь нийгмийг дасгаж байгаад дараагийн үйлдлээ хийх гэсэн хуулийнхны арга заль ч байж мэднэ.

Оюутолгойн асуудлаар, АТГ-д баривчлагдан хоригдохын өмнө С.Баяр “Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагын талаар би хангалттай олон ярьсан. Тэдгээр хардлагыг одоо шалгаж байна. Гэхдээ одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр “Рио Тинто” компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой” гэж байр сууриа илэрхийлж байв. Харин энэ төсөлд оролцсон хүмүүсээ хорих “даалгавар” хаанаас, хэнд ирсэн  нь хамгийн их сонирхол татахаар байгаа бөгөөд, ардчилсан улсын иргэний хувиар хэрэвзээ хардах эрхээ эдлэх юм бол  Х.Тэмүүжингийн хэлснээр “Үүний цаана юу болоод байна вэ гэдэгт жаахан ч гэсэн эргэлзэж, бодитойгоор асуудалд хандмаар байна”.

Жилийн өмнө Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замыг барих явцад Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг ‘Монроуд” компанид шилжүүлж өгсөн хэрэгт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг буруутган, АТГ-аас баривчлан хорьж асан бөгөөд уг хэргийг жил шахам шалгаж байж прокуророос буруугүй гэдгийг саяхан зарласан. Тэгвэл хэдэн жилийн өмнө Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг АТГ сүр дуулиантай барьж хорьсон ч бас гэм буруугүй нь тогтоогдсон.

Зарим хэргүүдийг олон нийтээс хав дардаг АТГ, прокурор зарим хэргүүдийн талаар хэвлэлийнхнийг зориудаар, зохион байгуулалттай дуудаж байгаад мэдээлдэг нь улс төрийн зорилготой гэж харагддаг  болсоор удаж байгаа.

Харамсалтай нь, бусдыг гэмт хэрэгтэн гэж зарлаж, барьж хорьж, нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндээр  нь тоглосон ч Монголын хуулийнхан, АТГ, прокурор, шүүхийнхэн “Бид алдаа гаргажээ” гэж нэг ч удаа хэвлэлийнхний өмнө залруулга хийж байгаагүй билээ. Тухайн хүн нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод өнгөрдөг.

Энэ нь магадгүй УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлсэн “Хүнийг гэр бүл, ойр дотныхноос нь хол байлгаж, сэтгэл зүйгээр нь дарамталж байгаа явдал бөгөөд анх хорьсон хэрэг биш гэхэд өөр хэргийн сэжүүр олдож ч магадгүй гэсэн горьдлоготойгоор, за бүүр болохгүй байлаа гэхэд хэрэг болоогүй бол чамайг яавал ч яах байсан шүү, чамайг хэрэг хийгээгүй байсан ч хорьж болж байгаа биз” гэх асуудал,  манай хуулийнхны сүрдүүлэг байж мэднэ.

Нөгөө талдаа өнөөдөр хэн нэгэн махны машиныг атгаж өшөө авахдаа  баярлаж байгаагаа олон нийтийн сүлжээнд нууж хаалгүй зарлах болсон зарим нэг төрийн албан хаагч, улс төрчид өөрөө нэгэн өдөр энэхүү махны машиндаа хэрчүүлж магадгүй юм. Учир нь тэдэнд ‘Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч, өөр нэгэн өдөр чи гуньж, нөгөөдөх дуулах болно’ гэсэн Д.Дашбалбар агсны алдарт шүлгийг сануулахад буруудахгүй болов уу!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж