Б.Энхзул Аргентинийг зорих эрхтэй болов

Хуучирсан мэдээ: 2018.05.13-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимп-2018 ( Аргентин, Буэнос-Айрес)

Б.Энхзул Аргентинийг зорих эрхтэй болов

Б.Энхзул Аргентинийг зорих эрхтэй болов

Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах Узбекистаны нийслэл Ташкентэд болж байна. Энэхүү тэмцээн ирэх аравдугаар сард Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрх олгож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд Азийн 10 гаруй оролцож байгаагаас манай улсаас хөвгүүд, охидын бүтэн багаараа оролцож байна.

Өчигдөр охидын 43 кг-ын жинд өрсөлдсөн Б.Энхзул мөнгөн медаль хүртэж, залуучуудын олимпийн эрхийг авлаа. Манай бөх жингийнхээ шилдэг наймд үлдэн БНХАУ-ын Тан Чун Жиог оноогоор цэвэр /10-0/ ялж, финалд Японы Анна Юнод 0:5-аар ялагдлаа. 

Манай бусад бөхчүүдээс 49 кг-д Д.Отгонжаргал /Женко/, 57 кг-д Б.Хонгорзул /Баянхонгор/, 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ /БТСДС/, 76 кг-д Б.Намуунзаяа /Налайх/ нар хүрэл медаль хүртлээ. Манай тамирчид финалд үлдсэн бол Аргентингийг зорих эрхээ авах байсан юм.

Ташкентийн дэвжээнд манай охид бүтэн багаараа буюу 10 жинд хүч үзсэнээс гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 154 оноогоор хоёрдугаар байрт орлоо.

Охидоос 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, өсвөр үеийн улсын хошой аварга, Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул залуучуудын олимпийн наадмын эрхийг авч чөлөөт бөхийн тамирчдын буухиаг тасалсангүй. Тэрбээр тус наадамд өрсөлдөх чөлөөт бөхийн гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь Баатарзоригийн Батцэцэг “Сингапур 2010”-с алт, Болормаагийн Дөлгөөн “Наньжин 2014” наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм.

Хөвгүүдийн тэмцээн өчигдөр эхэллээ. 65 кг-д О.Сүлдхүү, 71 кг-д М.Тэмүүжин, 80 кг-д Э.Батмагнай нар эхний даваанд ялагдаж, цааш дагах барилдаан хийсэн ч ялагдал хүлээжээ. Өнөөдөр хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 100 кг-ын жингийн барилдаан болж, тивийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөнө. Эдгээр жингээс мөн Аргентинийг зорих эрхийг олгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж