Тавдугаар сарын 13. “Гэгээн муза” 14 дэх удаагийн олон улсын театрын шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ өнөөдөр орой УДЭТ-т болно. Энэ удаагийн наадам уламжлал ёсоор драм, дуулалт, хүүхдийн жүжгийн төрлүүдэд шилдгүүдээ тодруулах юм. Тус наадамд Архангай, Сүхбаатар, Төв, Баянхонгор, Орхон, Булган, Дорнод зэрэг аймгийн драмын театрын бүтээлүүд өрсөлдөж байгаа билээ.
Хөгжимт жүжгийн төрөлд Завхан аймгийн хөгжимт драмын театрын “Өндөр гэгээн”, Дорнод аймгаас “Манлай баатар” жүжгүүд нэр дэвшсэнээс гадна Өвөр Монголын өөртөө засах орноос “Алтан хундага”, “Хайр шингэсэн тоорой” жүжгүүд мөн өрсөлдөж байна.
Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжиг энэ удаа зургаан төрөлд нэр дэвшжээ.
Халхын тамгатай 13 хутагтын 10 нь мэндэлсэн Завхан аймагт анхдугаар Богд Жавзандамба хутагтын гэгээн дүрийг амилуулсан тус жүжиг нутгийн иргэдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж тус бүтээлээрээ Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ.
Энэ удаа “Өндөр гэгээн” хөгжимт жүжгийн Занабазарын дүрийг бүтээсэн Ч.Лхагвадоржтой ярилцсанаа хүргэе.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Завхан аймгийн театрт яагаад ажиллах болсон бэ?
-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат. Аймгийнхаа 2-р арван жилийн сургуулийг 2011 онд төгсөж, Соёл урлагийн их сургуулийн оюутан болж байсан. Ч.Найдандорж багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Тухайн үед аймгийн удирдлагууд театртай гэрээ байгуулсан болохоор нутгийнхаа театрт ажиллах зорилготой байсан. Театртаа ажиллаад гурван жил болж байна.
-Таныг урлагийн хүн болоход юу нөлөөлөв?
-Аав, ээж маань малчин. Бага байхын үлгэр сонсож, Монголын түүхийг уншиж байсан минь жүжигчин болоход их нөлөөлсөн байх. Манайх их өнөр айл. Би есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Таван ах, гурван эгчтэй. Багаасаа урлагтай холбогдсон. Хоёрдугаар ангийн сурагч байхдаа ахынхаа авчирсан модон дээр янзага сийлчихсэн. Гэтэл манайхан намайг гарын уртай юм байна гэж магтаж, дэмжиж эхэлсэн дээ. Тэр л үеэс өөрийгөө урлагийн мэдрэмжтэй гэдгээ харуулж чадсан байх. 2004 оны дунд сургуулийн сурагч байхдаа сийлбэрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Аймгийнхаа хөгжим бүжгийн коллежийн зураг, бүжгийн ангид сурч байлаа. Арван жилийн сурагч байхдаа хамт олноороо урлагийн наадамд оролцож, олон удаагийн шагнал хүртэж байсан. Одоо бодоход дуртай зүйлээ хийж, түүнийхээ төлөө залхууралгүй явжээ гэж хардаг. Хүүхэд насанд хийсэн тэр бүх зүйл маань өнөөдрийн энэ амжилтын эхлэл байсан.
-Аймгийнхаа театрт тавьсан анхны том дүр ямар дүр байсан бэ?
-Лхасүрэнгийн “Сар нуугдсан шөнө” хүүхдийн жүжгийн туулайн дүрд анх тоглож байлаа. Тухайн үед хүүхдийн гол дүр болоод ч тэрүү их хүнд санагдаж байсан. Түүнээс хойш олон дүрд тоглосон. Орон нутгийн театрын уран бүтээлчид олон зүйлийг хийдэг. Жүжиглэх, дуулах, хөгжимдөх гээд хийж чадах бүхнийг хийнэ. Ер нь тал бүрийн авьяасаа харуулна шүү дээ.
-“Өндөр гэгээн” жүжгийн гол дүрд тоглох боломж хэрхэн олдсон бэ?
-Залуу хүний хувьд энэ том дүрийг авна гэдэг их л ховор боломжийн нэг байсан. Сургуулиа төгсөөд удаагүй надад бол ахадмаар дүр шүү дээ. 2017 оны хавар зохиол ирж, уншлаганд орсон. Одоогоос яг жилийн өмнө Н.Наранбаатар найруулагч аймгийн театрт очиж, дүрийн сонголтыг хийж байсан. Миний хувьд хамт олныхоо дэмжлэгээр дүрээ бүтээлээ. Өндөр гэгээн дүр гэнэт надад ирсэн юм шиг. Эсвэл буян заяагаараа ирсэн байх гэж билгэшээдэг.
-“Өндөр гэгээн” жүжиг өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийгээд олон удаа тоглосон. Тэр үед таньд юу бодогдож байв?
-“Өндөр гэгээн” жүжгийн нээлт хоёр сарын өмнө албан ёсоор болсон. Тухайн үед аймагт 14 удаа тоглосон. Тоглолтын дараа хүн бүрийн сэтгэл ямар сайхан болсныг харах урамтай байлаа. Үзэгчдийн алга ташилтаар бидний хийж буй уран бүтээлийн үнэ цэнэ үнэлэгдэнэ. Нутгийн ард түмэн минь их сайхан хүлээн авч, урмын үгээ харамгүй хэлж байлаа. Өнөөдөр “Гэгээн муза” олон улсын том наадамд нэр дэвшигдлээ. Магадгүй энэхүү бүтээлээр дамжуулан манай театрын уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг харуулах боломж гарсан байх. Мөн залуу уран бүтээлчид хаана ч байсан юмыг хийж чадах юм байна гэсэн тэр том итгэлийг нийгэмд өгч чадлаа. Энэ удаа Улаанбаатарт Драмын театрын тайзнаа хоёр удаа тоглож, үзэгчдээс урмын үг сонсох сайхан байна.
– “Гэгээн муза” наадамд өрсөлдөж байгаа бусад бүтээлүүдэд багахан дүгнэлт өгөхгүй юу?
-Театрын уран бүтээлчдийг хүсэн хүлээдэг “Гэгээн муза” наадамд олон шилдэг бүтээлүүд байна. Бид хоёр хоног жүжгээ тоглосон. Өнгөрсөн өдрүүдэд олон жүжиг үзлээ. “Манлайбаатар”, “Алтан хундага”, “Би эндээс явахгүй” зэрэг жүжгийг зорьж үзсэн. Уран бүтээлч нөхдөөрөө бахархаж суулаа. Өнөөдөр залуучууд бид бие биедээ урам өгч уран бүтээлээрээ уулзаж байгаа нь их том боломж юм. Эндээс бид маш их зүйлийг сурч байна. Уран бүтээлч нөхдөөрөө бахархаж суулаа. Тэр дундаа “Өндөр гэгээн” бүтээл маань зургаан төрөлд нэр дэвшиж байгаад бүр их талархаж байна. Академик театраас Монголын сор болсон уран бүтээлчид төрөн гарсаар. Мөн энэ театр маш том сургуулилт, амьдралын их том гэрэл гэгээ болж байна. Теарт ирсэн хүн бүр сайхан зүйлийг тээгээд буцаж байна. Өнөөдөр сурагч, оюутан ахуй цагтаа шүтэн биширч явсан уран бүтээлчидтэйгээ мөр зэрэгцэж яваа нь бахархууштай санагдана. Бүр тэдэнтэй шилдэг бүтээл, дүрийн төлөө өрсөлдөнө гэдэг бол ховор завшааны нэг. Хамгийн гол нь би энэ мэргэжилд дурлаж, үүнийхээ төлөө хичээнгүйлэн яваадаа талархаж байна.
-“Өндөр гэгээн” хөгжимт жүжгийг бусад аймагт тоглох боломж хэр байна вэ?
-Драмын театрт хоёр удаа тоглосон. Мэдээж энэ том бүтээлийг олон хүнд хүргэх нь чухал. Аймгуудын хувьд Өвөрхангай, Орхонд тоглох боломж байгаа юм билээ.
‘Өндөр гэгээн’ дуулалт жүжгийг Завхан аймагт нийт 14 удаа тоглосон бөгөөд энэ жилийн ‘Гэгээн муза’ олон улсын наадамд зургаан төрөлд нэр дэвшжээ.
- Шилдэг найруулагч,
- Шилдэг хөгжмийн зохиолч,
- Шилдэг зураач,
- Шилдэг эрэгтэй гол дүр,
- Шилдэг эрэгтэй туслах дүр,
- Шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн номинациуд багтсан аж.
- Жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолыг Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т.Сэр-Од нар тус тус бичсэн
- Найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар
- Ерөнхий продюсерээр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан,
- Гүйцэтгэх продюсерээр Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын дарга Г.Солонго,
- Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг,
- Бүжиг дэглээчээр Завханы театрын бүжиг дэглээч СТА В.Энхтайван, А.Отгон
- Менежерээр З.Нямзул ажилласан байна.