Тендер болон мансууруулах донтой хүнийг албан эмчлэх төслүүдийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2018.05.12-нд нийтлэгдсэн

Тендер болон мансууруулах донтой хүнийг албан эмчлэх төслүүдийг өргөн барив

Тендер болон мансууруулах донтой хүнийг албан эмчлэх төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хоёр хуулийн төсөл өргөн барьжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсөл, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслүүдийг өчигдөр (2018.05.11) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2005 онд батлан 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуульд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хуульчлах практик шаардлага үүссэн байна. Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн байна. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ.

Мөн өргөн барьсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ. Хуулийн төсөл нь дөрвөн бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна. Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

Судалгаанаас үзэхэд гадаад улсад донтох өвчинтэй тэмцэх нь өндөр өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ шаарддаг хэдий ч уг үйлчилгээ нь нийгэмд хэмжихээргүй эерэг үр дүнтэй байдаг тул тухайн үйл ажиллагаанд хөрөнгө төсөвлөх хэрэгтэй гэж үздэг байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээв. Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заасан байна. Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж