“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Х.ТЭМҮҮЖИН: 1937 ОНЫГ АВЧРАХ МАШ АМАРХАН
-АТГ-ын даргыг сая санал асуулгаар тодрууллаа. Сүүлийн үед АТГ, шүүх, хуулийн байгууллагыг чиглэсэн улс төр их явж байна. Тодорхой хугацаанд хуулийн салбарыг толгойлж явсны хувьд та үүнийг хэр зөв үзэгдэл гэж харж байгаа вэ?
-Яг одоо Туркт болж байгаа үйл явцын өрнөлийг аваад үзье л дээ. Нийгмийг хэр зэрэг их бухимдуулж, хөөсрүүлж чадсан нь улс төрийн эрх мэдэл авна. Улс төрийн эрх мэдэл авсан бол дараа нь нийгмийг айдаст автуулах замаар олон нийтийг шахаанд оруулж, эрх мэдлээ өргөтгөнө. Тэр айдас нь цорын ганц аврагчийг заана. Энэ аврагч л байхгүй бол энэ улс байхгүй юм байна гэх хуурмаг итгэлийг бүрдүүлнэ. Эрх мэдлээ бататгаж авсны дараа чамд хоёрхон зэвсэг хэрэгтэй.
-Хууль, шүүх үү?
-Өрсөлдөгчөө насан турш нь дуугуй байлгах нь шоронд хорино гэсэн үг биш. Шоронгоос гараад асуудлыг сөхөж, цагийг эргүүлж болдог. Энэ асуудлыг байхгүй болгох арга бол цаазын ял. Цаазын ялыг сэргээх төдийгүй түүнийг хэрэглэдэг хуулийн байгууллагыг атгах хэрэгтэй. Өөрөө цааз өгөөд байвал олон улсын тавцанд ил цагаан дарангуйлагч болж харагдана. Тийм учраас “би биш манай шүүх ингэж шийдсэн” гэдэг үгтэй байх хэрэгтэй. Тэгэхийн тулд цагдаа хуулийн байгууллага руугаа дайрч, өөрийн болгож авахыг хүсдэг. Орчин үеийн соёлт иргэншил дотор үүнийг хийхээс өөр аргагүй байсан мэт нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэх. Үүнийг мэдээж эрүүл саруул хүмүүс шүүмжилнэ. Тэгвэл тэр хүмүүсийг бас цэвэрлэх хэрэгтэй. Нийгэм аажимдаа дуугуй болж, нөгөө хүнд зөвхөн өөрийг нь дагалдан аялдсан алга ташилт л сонсогддог болно. Ийм үйл явц бэлээхэн Туркт өрнөж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
‘Зөрчлийн хууль эдийн засагт гай болж байна’
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Одоо татварын дөрвөн том хуулийг шинэчлэх ажил явагдаж байна. Хууль эрх зүйн шинэчлэл аж ахуй нэгжид ач тусаа өгч чадах уу?
-Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн бол НӨАТ-ын систем, татварын системийг томоор нь харж чадаагүй. Тэр утгаараа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэрийн доор зарим төрлийн татварыг нэмж, татварын системийг хойш нь татсан асуудал бий. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газартай хамтраад татварын гурван хуулиа боож өгч байна. Татварын шинэ хуулийн гол зорилго бол орлогыг компанид үлдээхэд оршиж байгаа юм.
-Х тайлан өгдөг аж ахуй нэгжээс улиралд 60 мянган төгрөг авахаар хуулийн төсөлд тусгасан байсан. Орлого олоогүй компани жилд 240 мянган төгрөгийн татвар төлнө гэхээр хэр зохимжтой вэ?
-Ер нь аж ахуй нэгжүүд байгалийн жамтай адилхан. Үүсдэг, хөгждөг, өтөлдөг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд цэцэн цэлмэг ухаанаар шүүх байх. Эрүүгийн болон Зөрчлийн хууль бол аж ахуй нэгжийг хамгаалдаг маш том зэмсэг юм. Гэтэл өнгөрсөн жилийн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн эдгээр хууль эдийн засагт гай чирч байна. Яагаад гэвэл Зөрчлийн тухай хуулиар прокурорт хэт давамгай байдал өгсөн. Уг нь Эрүү, Зөрчлийн хууль чинь Х.Тэмүүжингийн хууль шүү дээ. Х.Тэмүүжин өөр маягаар хийсэн ч жил гаруй хэрэгжээгүй ингээд Х.Нямбаатар гишүүн авч ажилласан. Тэр үеэс философийг нь өөрчилсөн болов уу гэж харж байгаа. Өнөөдөр юм л бол прокурор дээр очдог болсон. Монгол Улсад татварын, гаалийн, нийгмийн даатгалын, мэргэжлийн хяналтын нийлээд 8800 байцаагч байна. Тэд дандаа прокурор дээр очиж акт тавьсан асуудлаа шийдэх зохицуулалттай болчихсон.
Монгол Улсад эдийн засгийн асуудал эрхэлсэн 66 прокурор бий. Гэтэл 8800 байцаагч асуудлаа шийдвэрлүүлэхээр прокурорт хандахад 66-хан хүн хаанаа ч хүрэхгүй. Х тайлантай компани хоёрдугаар сарын 15-нд тайлангаа өгөөгүй байхад татварын байцаагч Зөрчлийн тухай хуулиар 1,5 сая төгрөгөөр торгох заалттай. Торгохгүй бол байцаагч өөрөө прокурор дээр асуудалд орно. 1,5 сая төгрөгийн торгууль ногдуулна гэхээр орлогогүй компани алуулна биз дээ. Жинхэнэ алуур чинь татварын хууль биш ээ, Зөрчлийн тухай хууль шүү. Эрүү, зөрчлийн хуулийг эргэн харах хэрэгтэй. Эцэс сүүлдээ татварын байцаагч нар жижиг авлигач болно гэсэн үг шүү.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
“Бүх намуудыг төсвөөс санхүүжүүлэх хамгийн зөв хувилбар”
Улс төрийн намуудын санхүүжилтийн талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгээс тодрууллаа.
-Улс төрийн намуудын санхүүжилт тойрсон элдэв шүүмжлэл байнга гардаг. Олон нийт, улстөрчид ч өөрсдөө намуудын санхүүжилт авлигыг бий болгох “тор” нь болж байгааг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?
-Сүүлийн үед улс төрийн намын жирийн гишүүд намдаа итгэх итгэл буурч байгаа нь намын санхүүжилттэй шууд холбоотой. Одоо хэрэгжиж буй хуулиар санхүүжилтийн систем нь сайн зохицуулагдаагүй учраас намууд хөрөнгөлөг, чинээлэг хэсэг бүлэг хүмүүсээс санхүүждэг. Улмаар намдаа голлох хандив өгсөн хүмүүс нь эрх мэдлийн эзэд болдог. Жирийн гишүүд доторх ардчиллын асуудлыг яаж бэхжүүлэх үү, иргэд намынхаа санхүүжилтэд хэрхэн хяналт тавих уу гэдгийг цогцоор нь шийдэх цаг үе нь ирээд байна.
-Намуудын санхүүжилтийг ил тод болгосноор улс төрийн хүрээнд эргэлдэж буй их мөнгийг хянаж чадах уу?
-Одоогийн хуулиар Аудит ерөнхий газар, Сонгуулийн хороо, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавьдаг. Гэвч яг ямар түвшинд хяналт тавих нь хуульд нарийн тусгагдаагүй. Тиймээс нэр төдий хяналт л үүссэн байна. Авлигыг нар тусгаж, нян бохирдлыг арилгаж байж бууруулна гэж ярьдаг. Гэтэл манай улсад хамгийн хаалттай мэдээлэл нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал болсон. Яаж ч хөөцөлдөөд энэ мэдээлэл ил тод болохгүй байна. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилтийг хэн, ямар хэлбэрээр ил болгох ёстойг хуульд маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Улс төрийн намуудын санхүүжилт ил болохгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь бас сул. Манай улсын Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт ороогүй, маш хуучирсан. Энэ нь яагаад ч өнөөгийн нөхцөлд тохирохгүй болсон хууль. Шинэчлэгдэж байж бид цааш алхана.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
“Ойд ургасан модыг Улаанбаатарт шилжүүлж тарих нь зөв”
“Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орж, тарьсан суулгацаа эргэлээ. Одоо сийрэгжүүлэлт хийх шаардлага тулгарч байна” гэж ярих эрхэм бол “Болд” ХХК-ийн ерөнхий захирал Х.Болдбаатар юм. Түүний байгуулсан “УБТ Гарден” ХХК ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Ойжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд эл салбарт ямар бодлого хэрэгтэй, мөн ууланд ургаж байгаа модыг Улаанбаатар хотод шилжүүлэн тарих нь хэр зөв бэ зэрэг асуудлыг хөндөж, ярилцлаа.
-Мод тарих үндэсний өдөр энэ амралтын өдөр тохионо. Иргэд мод тарих ажилд бэлтгэж байна, нийслэлд энэ чиглэлийн ажил эхэллээ. Ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний компаниуд хэр бэлтгэл хангасан байгаа бол? Жишээлбэл, “УБТ Гарден” ХХК хичнээн мод нийлүүлэх боломжтой вэ?
-Арваад жилийн өмнө Монгол улсын хэмжээнд тулгамдсан хэрнээ хэн ч анхаардаггүй асуудал бол ойжуулалт байлаа. 2010 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар хүн бүр мод тарих хэрэгтэй гэдгийг мэддэг болж, жил бүрийн хавар, намар бие биенээ мод тарихад уриалдаг болжээ.
Ой модны яаманд ажиллаж байсан болон энэ чиглэлийн ажил эрхэлдэг хүмүүс ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр нөхөрлөл, хоршоо, компани байгуулсан нь 300-д хүрсэн болов уу. Манай компани тэдний нэг нь. Нэг үеэ бодвол аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогссон.
“УБТ Гарден” ХХК–ийн үйл ажиллагааг эхлэхэд амаргүй л байлаа, одоо ч бас бэрхшээл бий. Гэвч анх тарьсан суулгацуудаа ургасныг харахаар 20, 30 жилээр тоологдох ирээдүй харагдаж эхэлж байгаа. Сэтгэл сэргэмээр шүү. Манай хүлэмж бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1 сая мод нийлүүлэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд 3 сая орчим мод гаргасан.
Бид үрээр мод тарьж, ургуулдаг. Эхний үрээр тарьсан мод 20см-ээс 1 метр гаруй өндөр ургасан. Хүүхдээр бол хөлд орж байна. Бүхий л төрлийн модыг тарьдаг. Хамгийн богино настай нь хус, 50 жил амьдрах чадвартай, бусад мод 50-200 жилийн настай байдаг. Үр дүн маш сайн байна.
-Тарьсан моднууд нь хаана хаана ургаж байна вэ?
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1 сая гаруй мод тарьсан. Үрээр тарьсан мод бут нь хамгийн багадаа 2017 оны тарилт 10-аад см ургасан байгаа. Саяхан амралтын өдрүүдээр эргэлээ. Сийрэгжүүлэлт хийгээд өөр талбайд гаргах шаардлага ч тулгарч байна. Шувуун фабрикт болон Сэлэнгэд 2014-2016 оны хооронд таригдсан модыг 3-4 жилийн дараа бут хэлбэрт хэлбэржүүлэн гаргаж байна.
2013 онд Туул голын эх, Галтайн Булнай голын урсацыг сайжруулах зорилгоор нийт 2400 га нөхөн сэргээх шаардлагатай ойжуулалтын талбай байгаагаас “УБТ Гарден” ХХК 30 га талбайд тухайн нутгийн унаган байгалийн онцлогийн дагуу шинэс, хус модны тарьцаар ойжуулалт хийсэн. 2017 оны байдлаар 35,000 мод 90 гаруй хувьтай ургаж байна.
Одоо энэ ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай. Бид төслөө бэлэн болгосон. Хамтран ажиллах компанийн удирдлагуудтайгаа ч уулзаж байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзаж чадахгүй байна. Уулзах хүсэлт тавьсан байгаа. Хэрэв зөвшөөрвөл Туулын эхэнд ойжуулах шаардлагатай байгаа талбайд тэхийн шээг, өрөл, бургас, монос, долоогоно, шинэсний тарьц суулгацаар ойжуулалт хийхэд бэлэн байна. Ажил хэрэг болчихвол Туул голын урсац сайжрах юм.
Мөн энэ ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрнээс уруудаад Био комбинат хүртлэх Туул голын дагуу элс хайрганы олборлолт хийж байсан болон бургасыг нь огтлолсон газрыг нөхөн сэргээх зорилгоор 10-с дээш га талбайг хашиж ард иргэдээ мод тарихыг уриална. Мод тарих газар нь бид очоод байрлана. Амралтын өдрөөр иргэд ирээд мод тарих боломжтой. Зөвлөгөө өгөх хүн нь байна, тарих модыг нь худалдаалж байна, хар шороо бордоо нь байна. Тарих мод нь 5000-50,000 төгрөгийн үнэтэй. Модны өртөгт 3 жилийн арчилгаа хамгаалалт, бордооны зардал багтсан.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
“Миний туршлагыг үндэслэн цэцийн гишүүнд нэр дэвШүүлсэн байх”
УИХ-ын гишүүн асан Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед юу хийж байна вэ. Улс төр болон намын үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Ардчилсан намд шинэчлэл хэмээх идэвхтэй үйл ажиллагаанууд өрнөж байна. Намын гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. Хувь хүнийхээ хувьд өв соёл, түүх, ёс заншлын чиглэлээр судалгаа бүтээл уншиж, судалж байна.
-2016 оны сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан нам дотор шинэчлэлийн үйл явц үргэлжилж байна. Намынхаа шинэчлэлийг хэр дэмжиж байна вэ?
-Намынхаа нийт гишүүдээс санал авч, бүх түвшний намын удирдлагуудаа сонгосон. Өмнө нь цөөхөн хүний хүрээнд, фракциудын хүрээллээс намын удирдлагаа сонгодог байсан бол одоо намын гишүүн бүрээс санал авч, шийдэж байгаа нь ахиц, дэвшил шинэчлэл юм. Намын даргад нэр дэвшигч, Ерөнхийлөгчид нэр дэвшигч, намын залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагаа бүх гишүүдээсээ санал авч шийднэ гэдэг бол бусад намаасаа ялгарах шинэчлэл. Түүнээс гадна бодлогын зөвлөлүүдийг байгуулж, салбар бүрт идэвхтэй санал дүгнэлт гаргаж байна. Залуучуудаа маш сайн дэмжиж, тэдний санаачилсан бодлогыг дэмжиж, хамтарч ажиллах чиглэлээр шинэ дэвшлүүд гарч ирж байгаа нь намд шинэчлэл сайн хийгдэж байгаагийн илрэл байх.
-Ардчилсан намын шинэчлэлийг нэг хүний, тэр дундаа хоёр фракцын нам боллоо гэх шүүмжлэл бас олон нийтийн дунд явж байна. Та үүнийг юу гэж дүгнэж байна?
-Шүүмжлэлийг сонсч л байна. Гэхдээ аливаа шинэчлэл ногоон гэрлээр явна гэж байхгүй. Шүүмжлэл байгаа нь өөрөө амьд байгаагийн илрэл. Шүүмжлэлийг хүлээж авч, алдаа оноогоо засаад явах нь зүйтэй. Ардчилсан нам фракцгүй болсон гэж байгаа бол сайн л байна. Улс төрийн нам өөрөө үзэл болоо илэрхийлэх нам гэдэг утгаараа алдаагаа засч, оносноо дэмжээд л явна шүү дээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Ч Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлтийг 1.5 их наядаар тооцсон
-Ирэх оны төсвийн төсөөлөлд зарлагыг 10 их наяд гэж төлөвлөсөн байгаа. Харин орлогыг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-2019 оны төсвийн орлогыг 2018 оны одоо батлагдсан байгаа тоотой харьцуулбал 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Эдийн засгийн өсөлтөөрөө энэ орлогыг төвлөрүүлнэ. Мэдээж, эрдэс баялагийн үнэ өндөр байгаа нь орлогыг төвлөрүүлэхэд нөлөөлнө гэж тооцсон. Эрдэс баялагийн үнийн өсөлтөөс нийт 370 тэрбум төгрөг орж ирнэ гэж үзэж байна. Харин 1.5 их наяд төгрөгийн орлогыг эдийн засгийн өсөлтөөс орж ирнэ гэж төлөвлөсөн. 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, орлогыг бүрдүүлэхийн төлөө Засгийн газрын зүгээс чармайж ажиллана. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно.
-Орлогыг хэр бодитой төсөөлсөн бэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо бодитой бус төсөөлснөөс болж төсвийн алдагдалд ордог гэх шүүмжлэлийг гишүүд хэлж байсан?
-Энэ бол өмнө нь гарч байсан алдаа. Орлогоо төсөөлөхдөө нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд тооцчихдог. Гэтэл эргээд гүйцэтгэлийг нь харахаар яг л нэг их наяд төгрөгөөр орлого тасардаг. Тавьсан зардлууд нь санхүүжсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм алдаа их гарсан. 2014 оноос төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, Монгол улсын өр нэмэгдэж ирсэн. Одоо төсвийн орлогоо нэлээн бодитой тооцох бодлого баримталж байна. Эдийн засагтаа зөв бодлого явуулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, үндэслэх түүндээ тохирсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр авч үзвэл бодлого буруудаж, нөхцөл байдлаасаа дор авч үзвэл мөн л бодлого буруу эргэдэг. Тиймээс аль болох бодит нөхцөл байдалдаа тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу