
Боливарийн бунханд цэцэг өргөсний дараа Каракас хотын гол гудамжинд цэргийн жагсаал болсныг олон мянган иргэд сонирхжээ. Жагсаалд зэвсэгт хүчин, сайн дурын бэлтгэл зэвсэгт иргэд оролцсон байна. Энэ үеэр ОХУ-аас худалдан авсан “Сухой-30” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцуудын эскадрилууд нисэн өнгөрч байв. Чавес “эх орны эцэг болсон Симон Боливар нэгдмэл Венесуэл улс бий боллоо гэж хэлж билээ. Одоо бид жирийн иргэд, зэвсэгт хүчнийхэн нэгдэн Венесуэлийн тусгаар тогтнолыг баталгаажуулан хамгаалж байна” гэж цэргийн жагсаалыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэжээ. “Венесуэл улс цаашид “янкуудын” ер нь хэний ч хараат колони орон болохгүй, 200 жилийн дараа манай жинхэнэ тусгаар тогтнол эхэлж байна” гэж АНУ-аас тус бүс нутагт явуулж буй бодлогын эсрэг байдгаа харуулан илэрхийлсэн байна. Тэрбээр “Боливарийн ариун дурсгал, эх орноо чөлөөлсөн бидний эцэг өвгөд, социалист эх орон, боливарын хувьсгалын төлөө “Социалист эх орон, эсвэл үхэл” гэсэн уриагаа цуурайтуулъа гэжээ.
Цэргийн жагсаалын үеэр тамирчид, нутгийн уугуул индиан иргэд, африк-венесуэл гарлын иргэдийн төлөөлөгчид үндэсний онцлог дуу хөгжим, бүжиг тоглон сонирхуулжээ. Үдээс хойш болох тусгаар тогтнолын 200 жилийн ойд зориулсан Үндэсний Ассамблейн тусгай хуралдаанд Аргентины ерөнхийлөгч Кристина Кирчнер оролцож, гол илтгэгч нь болох юм байна.
1810 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Венесуэлийн үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл анхны үр дүнд хүрч, анхны бие даасан түр засгийн газраа эмхлэн байгуулж байсан түүхтэй. Тухайн үед наполеаны цэргүүд Испанийн хаан Фернандо VII хаан ширээнээс нь түлхэн буулгасан үе байв.