Эрдэнэт-Овоотын төмөр эдийн засагт маш тустай

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Эрдэнэт-Овоотын төмөр эдийн засагт маш тустай

Эрдэнэт-Овоотын төмөр эдийн засагт маш тустай

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэнтэй Монгол, Орос, Хятад улсын  төрийн тэргүүн нарын тохиролцсон эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр тохирсон 32 төслийн эдийн засгийн үндэслэлийг судлах ажлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил судалгааны хороо, Монгол улсын ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэн, ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн их сургуулийн эрдэмтдийн баг хамтран гүйцэтгэж байна. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улс Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих асуудлын талаар ярилцлаа.


-Эдийн засгийн коридорын үр өгөөжийг судлах багийнхан хэзээ бүрдэж, өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулсан бэ?

-Эдийн засгийн коридорын санааг 2014 оноос манай улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргаж ярьсан байдаг юм. 2015 онд Уфагийн уулзалтаар энэ тухай мөн хөндсөн. Харин 2016 оны Ташкентад болсон уулзалтаар 32 төсөл хөтөлбөрийг боловсруулснаа гурван тал танилцуулсан. Үүнд хил дамнасан худалдаа, тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй, байгаль орчин, соёлын гээд өргөн хүрээний төслүүд хамрагдсанаас 24 нь тээврийн төв коридорын асуудал байгаа. Улс төрийн хүрээнд ингээд шийдвэр гаргачихлаа. Тэгвэл энэхүү коридорыг байгуулах эдийн засгийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийгдээгүй байсан. Иймээс Монгол Улсын ШУА, МУИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил судалгааны хороо, ӨвөрМонголын их сургууль, ОХУ-ын ШУА-ий Сибирийн салбарын Буриадын Шинжлэх ухааны төв болон бусад их дээд сургуулиудын эрдэмтэдийг оролцуулсан “Think Thank” төвийг байгуулж 2015 онд эхлэн жил бүр зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Тухайлбал, “Think Thank” төвийн эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтыг 2015 онд Улаанбаатар хотод, 2016 онд Хөх хотод, 2017 онд Улаан-Үд хотод зохион байгуулсан. 2018 оны уулзалт энэ намар Улаанбаатар хотноо болно. Энэ уулзалтаар юу хөндөж ярьдаг вэ гэхээр эдийн засгийн коридорыг яаж байгуулах вэ, гурван улсад ямар ашигтай вэ, тэр дундаа зам тээвэр, дэд бүтцийн төв коридорыг байгуулахад юу, юуг анхаарах вэ гэх мэт маш өргөн хүрээнд хэлэлцдэг. Гурван талаас илтгэл тавьж хэлэлцүүлдэг. Үүнтэй уялдаад гурван улсын зам тээврийн төв коридорын дамжин өнгөрүүлэх хүчин чадлын өнөөгийн байдалд үнэлэлт өгөх, цаашид өргөжүүлэх, тэлэх боломжийг судлах судалгааны баг байгуулагдаад өнгөрсөн 2017 онд багагүй ажил хийсэн.

-Зам тээврийн судалгааны баг өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар тайлан, дүгнэлт гаргаад байна вэ?

-Бидний судалгаа бол ямар нэгэн улс төрийн сонирхолгүй, цэвэр эдийн засгийн талаас нь судалсан гэдгийг онцлон хэлмээр байна. Судлаад үзэхээр эдийн засгийн коридор байгуулах эдийн засгийн ач холбогдол өндөр байна. Транзит тээврийн тухай бид олон жил ярьж байна. 2016 онд Монгол улсын газар нутаг дээгүүр жилд 2,3 сая тонн транзит ачаа дамжин өнгөрч, Улаанбаатар төмөр замаар нийт 19,1 сая тонн ачаа тээвэрлэгдсэн байдаг. Үүнийг нэмэгдүүлэх боломж байгааг судалсан. Ойлголтын зөрүү их байдаг нь судалгааны явцад харагдсан. Хятадын тал болохоор манай авто зам болон төмөр замын тээх, нэвтрүүлэх чадвар муу гэсэн ойлголттой байдаг юм байна. Судлаад үзэхээр энэ нь тийм биш байсан. Ийм учраас Орос-Хятадын гадаад худалдааны 58 хувь нь Манжуур, Забайкальскийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, оросын ачаа 1200 км замыг туулж байж Бээжин, Тьянжинд хүрч байна. Үүнийг Монголын нутгаар дайруулбал цаг хугацаа, мөнгө хөрөнгийн маш их хэмнэлт гарах тооцоо байна.

Оросуудын хувьд ч энэ талын ойлголт муу. “Манай юмыг тээвэрлээд авч яваа болохоор үр ашгийн хувьд Хятадын тал мэднэ” гэсэн ойлголттой юм билээ. Иймд Монголын газар нутаг дээгүүр дамжин өнгөрч байгаа төмөр замын коридорыг өргөтгөх, замын суурь дэд бүтцийг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Монгол болон Орос улсын талаас бие даасан төрийн байгууллага байгуулах шаардлагатай. Хятадын тал ӨМӨЗО-нд бүх эрх мэдлийг нь өгөөд төрийн байгууллагаа байгуулаад өгчихсөн байна.

 -УБТЗ 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан. Үүний дагуу энэ жил багагүй ажил хийж байгаа гэж сонссон?

-УБТЗ-ын хувьд 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. ОХУ-ын тал манай төмөр замын 50 хувийг эзэмшдэг шүү дээ. Иймээс хоёр тал дүрмийн сангаа 250 сая ам.доллараар нэмэгдүүлээд багагүй ажил хийж байгаа юм билээ. Зөрлөгүүдийг хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, зүтгүүр болон вагон худалдан авах зэрэг ажлуудыг хийсэн байна. Үүнээс улбаалаад тээх, нэвтрүүлэх чадвар нь нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил УБТЗ орчим 20 сая тонн ачаа тээвэрлэсэн. Үүний 3 сая тонн орчим нь транзит тээвэр.

Өөр нэг асуудал бол Улаанбаатар руу орох, гарах төмөр замын багалзуур юм. Хонхор, Эмээлт зөрлөг дээр их өндөрлөг учир зүтгүүрийн түлшний зарцуулалт нэмэгддэг, гацаа их үүсдэг юм байна. Үүнээс гарах арга зам бол Богд хан төмөр зам. Энэ төслийн ТЭЗҮ хийгдсэн, санхүү нь шийдэгдээгүй байгаа. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл дамжин өнгөрөх тээврийг шуурхай нэвтрүүлэх боломжтой. Мөн төмөр зам нь авто зам, агаарын тээвэртэйгээ хэрхэн хорших вэ гэдэг чухал. Төмөр замаар ирсэн ачааг газраар болон агаараар хурдан, шуурхай тээвэрлэх шаардлагатай шүү дээ. Энэ талын судалгаа хийх хэрэгтэй. Гэтэл энд нэг асуудал гарсан. Эрээн хотын татвар гэж байдаг юм байна. Эрээнээр хотоор дамжин өнгөрч байгаа нийт ачааны үнийн дүнд 1,5 хувийн татвар ногдуулдаг. Энэ их өндөр тоо. Манай нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт энэ нэлээд саад болж байна. Үүнийг Засгийн газрын шугамаар ярилцаж шийдвэрлэх ёстой.

-Гурван улсын ажлын хэсэг эхний тайлангаа Засгийн газартаа өргөн барьсан. Гол дүгнэлт нь юу байв?

-Монгол, Орос, Хятад гурван улс эдийн засгийн коридорыг байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Эдийн засгийн коридор Монголын нутгаар дайран өнгөрөхөд энэ бүс нутагт манай улсын худалдаа, үйлдвэрлэл, хот байгуулалт, эдийн засгийн зах зээлийн 80 орчим хувь нь төвлөрөөд байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Энэ долоон аймагт ашигт малтмалын үндсэн том ордууд байрлаж байна. Эдийн засгийн коридорын төмөр болон авто замын сүлжээг өргөтгөснөөр Орос, Хятадын гадаад худалдааны тээврийн өртгийг хямдарна. Оросын ашигт малтмалын түүхий эд Хятадын зах зээл рүү гарахад илүү дөт, илүү хямд болно. Хятадын хувьд ч өөрийн үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эдээ хямдаар авах боломжтой. Дамжин өнгөрөх тээврээс Монгол Улс ч ашиг олно.

-Улсад мөнгө байхгүй, харин уурхайд мөнгө байгаа учир хувийн хөрөнгө оруулалттай төмөр замуудыг түрүүлж явуулна гэж сайд Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Хичнээн замын төсөл манай талаас яригдаж байгаа вэ?

-Монголын газар нутаг дээр баригдах долоон төмөр зам бий. Үүнд 10 тэрбум ам.доллар шаардлагатай. Монгол Улсын нутагт төмөр зам барих өртөг харьцангуй хямд байдаг. УБТЗ, МТЗ эдгээр төслүүдийг хэрэгжүүлнэ. Эрдэнэт-Овоот, Богд хаан, Таван толгой-Гашуун сухайт, Таван толгой-Сайншанд, Хөөт-Бичигт, Чойбалсан-Эрээнцав, Зүүнбаян-Ханги-Мандал зэрэг долоон төмөр замын ТЭЗҮ гарчихсан байгаа. Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.

-Эдгээр төслүүдийг хөдөлгөхөд манай талаас ямар санаачилга дутаж байна гэж боддог вэ?

-Манай гурван улсын хувьд улс төрийн шийдэл гарчихсан. Харин одоо эдийн засгийн шийдэл гаргах хэрэгтэй. Ер нь бол төмөр замаа хурдан бариад, баялгаа хурдан гаргая гэж яарч болохгүй л дээ. Нэмүү өртөг шингээх үйлдвэр барьж байгуулахыг хамгийн түрүүнд зорих ёстой. Үйлдвэр, уурхайнуудын хооронд төмөр зам барих нь маш ашигтай. Гэхдээ улс нэгдсэн бодлогоор явах ёстой. Ер нь тусгай зөвшөөрлийг олгохдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэр барихад нь давуу эрх олгох боломжтой. Тэгэхгүй бол түүхийгээр нь зөөгөөд байхаар байгаль орчин сүйдэж, ард түмний амьдрал өөдөлдөггүй нь өнгөрсөн 27 жилд харагдлаа шүү дээ.

-Эрдэнэт-Овоотын төмөр замын ажил л урагштай явж байх шиг байна. Энэ замын эдийн засгийн ач холбогдол юу вэ?

-Эрдэнэт-Овоотын төмөр замыг УБТЗ ихэд дэмжиж, зарим санал санаачилгыг гаргаж байгаа. Овоотын орд нь 255 сая коксжих нүүрсний нөөцтэй. Энэ нүүрсийг Владивостокын боомтоор дамжуулан гурав дахь зах зээлд гаргах, эсвэл Эрээн боомтоор Хятадын зах зээлд гаргах гээд хэд хэдэн хувилбар байгаа. Тодорхой хувийг нь төмөрлөгийн үйлдвэрт ашиглаж ч болно. Энэ төмөр замаар жилд 20 хүртэл сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн тооцоо байна. Эрдэнэт-Овоотын төмөр зам 547 км үргэлжилнэ. Энэ төмөр замыг тавьснаар Тува дахь Улуг хэмийн орд хөдөлгөөнд орно. Тэнд 2,5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй ордууд бий. Иймээс оросуудад ч ашигтай. Яагаад ашигтай вэ гэхээр Тува маань хойгуураа Саяны нуруугаар хүрээлдэг. Саяны нурууг нүхэлж, дундуур нь төмөр зам тавина гэдэг маш өндөр зардалтай. Иймд Тувагийн төмөр замын ажил түр зогсчихсон байгаа. Арц суурь-Овоот-Эрдэнэтийн төмөр зам баригдвал оросууд Тувагийн нүүрсийг хямд зардлаар зөөх боломжтой болно. Энэ төмөр замын зураг төслийг Хятадын зураг төслийн нэгдүгээр хүрээлэн гүйцэтгэж байгаа юм билээ. Овоотын ордын ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Иймээс энэ төмөр замыг гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд шийдчих юм бол Хятадад коксжих нүүрс асар их хэрэгтэй байна. Эрдэнэт-Овоотын төмөр замын өртөөг дагаад хүн амын шинэ сууршилт бий болно. Энэ бол эдийн засагт маш тустай.

-Энэ зам тавигдсанаар Тувагийн нүүрс манайтай өрсөлдөнө гэсэн ойлголт иргэдийн дунд байна?

-Судалгаа хийж байхад олон улсын практик ийм л юм билээ. Тэр нь юу вэ гэхээр тухайн улс төмөр зам, эсвэл боомтоо барьчихдаг. Тэр төмөр замаар хэний ачаа тээвэрлэгдэх нь чухал биш. Ачаа бүрээс мөнгө авах нь чухал. Өөрөөр хэлбэл, хүний тоглох талбайг нь бэлдэх гэсэн үг юм. Өрсөлдөөн гэдэг бол нэг бол чанар, нэг бол үнэ байдаг. Тээвэрлэлтийн замын урт Тувагаас Эрээн, Сүхбаатарын боомтуудад хүрэх зам Овоотоос Эрээн, Сүхбаатарын боомтуудад хүрэх замын урт нь өөр өөр байна. Тэгэхээр манай нүүрстэй өрсөлдөх үү?

-Уул уурхайн үр өгөөжийг яаж бодит байдал дээр наах вэ. Уул уурхай дагасан эсэргүүцэл намжихгүй байна шүү дээ?

-Тогтвортой хөгжил чухалд тооцогдож байна. Байгалийн баялгийг олборлоод, үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулж нэмүү өртөг шингээн, энэ нь хүний орлогод хүний хөгжил, амьжиргаанд хэр нөлөөлж байна вэ гэдэг чухал. Эдийн засгийн үр өгөөж энэ гурван зүйл дээр тогтдог. Гэтэл манайд яаж байна вэ гэхээр уул уурхайн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй түүхийгээр нь экспортлож байгаа учраас хувь хүнд орлого, ашиг нь наалдахгүй байгаа юм. Бид олборлохын сацуу өөрсдөө үйлдвэрлээд, үр ашгийг нь хүртээд явах юм бол илүү сайхан амьдарна, тогтвортой хөгжлийн үзэл санаа хангагдана.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж