Айлчлалаар юу амжуулав?

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Айлчлалаар юу амжуулав?

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг, гэргий Ким Юн Үг нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал Улаанбаатарын цагаар өнөөдөр 09.30 цагт эхэллээ. Байгалийн баялгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон орны сонирхлын зөрчлийг үүсгэж байгаа Тавантолгойн ордыг хамтран ашиглах гадаадын консерциумыг сонгон шалгаруулах эгзэгтэй мөчид БНСУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийж буй нь дотоодын төдийгүй гадаадынхны сонирхлыг өөрийн эрхгүй өдөөсөөр.

Айлчлалын хөтөлбөрт тусгасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтаар эрхэмсэг Ерөнхийлөгч нар уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тусгаснаар хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбар дахь эдийн засаг, шинжлэх ухаан-технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулах хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг дэмжих болж байна. Мөн санамж бичгийн хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хороог хоёр яамны түвшинд байгуулахаар боллоо. Энэ нь Монгол Улсын хувьд байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлоод байх бус дотооддоо боловсруулах үйлдвэр барьж байгуулах, боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллахаар хамтдаа замд гарлаа. Түүнчлэн Засгийн газраас дэвшүүлсэн “100 мянган айл” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын тал хамтран ажиллах болж байна.

Эрүүл мэндийн салбарт мөн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсаас 300 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Түүгээр бүсийн оношлогооны төв байгуулна.

Айлчлалаар баталгаажуулсан гурав дахь томоохон асуудал нь хоёр улсын иргэдийг харилцан зорчиход визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх болж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 29 мянга гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч буй гэх мэдээлэл бий. Тэднээс 12 мянга гаруй нь гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол 2200 нь тус улсын их, дээд сургуульд суралцдаг. Визний нөхцөл хатуугаас ирж, очиход бэрхшээлтэй тулдаг. Тодруулж хэлбэл, одоогоор хоёр орны дипломат, албан паспорттой иргэд 30 хоног визгүй, энгийн иргэд 90 хоногийн визтэй харилцан зорчдог “хууль” үйлчилж буй юм.

Харин тус улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хувьд анхаарах асуудал олон байгаагийн дотор давын өмнө Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалыг нь тухайн байгууллагаас төлдөг болгох нь чухал байгаа юм. Тиймээс визний нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг аажмаар шийдвэрлэх бололтой.

Нөгөө талаас ажил хөдөлмөр эрхлэх болон сурахаар одох монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг харгалзан Улаанбаатар хотоос-Сөүл рүү нисэх агаарын хөлгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал ч энэ үеэр хөндөгдсөн болохыг БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм. Тиймээс тун удахгүй хоёр улсын нийслэлийг холбосон агаарын хөлгүүдийн нислэг олон болох нь ээ.

Монгол Улс ардчиллыг сонгоод  21 жил болж буй ч энэ оны долдугаар сарын 1-нээс эхэлж дэлхийн ардчиллын нийгэмлэгийг удирдах хүндтэй үүргийг Литва улсаас хүлээж авсан билээ. Энэхүү эрхэм хүндтэй үүрэгт БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг хүндэтгэлтэй хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар  ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр санаачлага гаргасан байна. Энэ хүрээнд Азидаа ардчиллыг дэлгэрүүлэхэд хоёр орны Ерөнхийлөгч нар хамтран ажиллахаар боллоо.
Айлчлал маргааш өндөрлөнө.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж