Гандангийн гэр хорооллыг газарт оруулаач

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Гандангийн гэр хорооллыг газарт оруулаач

Гандангийн гэр хорооллыг газарт оруулаач

Гандангийн дэнж сэжиг хүрэм газар болоод удаж байгаа ч жуулчны компаниуд нь гадаадаас ирсэн аялагчдаа дагуулаад Гандантэгчинлэн хийдийг л зорьдог.

Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт газар цөөн тул жуулчны компаниудыг ч буруутгах аргагүй.  Гэтэл  Жанрайсаг бурхныг тойрон орших гэр хорооллынх нь хашаа хороо навсайсан, байшин барилга нь нурж унах дөхсөн. Айл бүрийнх нь хашаа шинээр 00 ухуулах газаргүй болтлоо хөрсний бохирдолд идэгдсэн. Өнгө үзэмж нь ийн гундсан, өмхий үнэртэй газраар жуулчдыг дагуулж явж, Гандантэгчинлэн хийдийг үзүүлж байхад дэлхийд Улаанбаатар хот өмхий нийслэлээрээ дуудуулахгүй гээд ч яалтай билээ.

Уг нь хотын үе, үеийн удирдлагууд Гандангийн дэнжийг орчин үеийн хороолол болгон хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, ажил эхлүүлдэг. Харамсалтай нь, оршин суугчдынх нь шуналаас болж, үргэлж гацаанд ордог гэж хэлж болно. Хашааны эзэд нь газраа зах зээлийн үнээс хэд дахин нугалж, төрд “шахах”-ыг хүсдэг тул төлөвлөлт гаргаад ч явдаггүй ажлын нэг болсон юм.

Хамгийн сүүлд өнөөгийн хотын удирдлага “Гандан аялал жуулчлал” төсөл хэрэгжүүлэхээр болсноо танилцуулж байв. Гадаадаас ирсэн жуулчид Гандантэгчинлэн хийдтэй танилцахаас Монголд хийх аяллаа эхлүүлдэг тул ажил хэрэг болчихвол аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч давхар тустай.  

Төслийн хүрээнд Гандангийн дэнжийн 1.9 га талбайд уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууц, шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болгохоор төлөвлөсөн юм.

Зарим ажил эхэлж, инженерийн дэд бүтэц татах ажлын зураг гарсан ч иргэд газраа чөлөөлөх тал дээр ажил удах шинжтэй болжээ.

Тэр дундаа Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд орших гэр хорооллын газрыг чөлөөлөхгүйгээр хөрсний, агаарын бохирдлыг шийдэх боломжгүй.  Төлөвлөлтөөр тус газарт хоёр давхар амины орон сууц барих ёстой. Инженерийн дэд бүтцийг төр өөрийн зардлаар татаж өгнө. Гэвч газрын эзэн нь газраа хэт өндөр үнэлэх болсноор ажил хэрэгжихэд амаргүй болжээ. 

Хот төлөвлөлтийн ажил иргэдийн санал, санаачилга, дэмжлэггүйгээр хэрэгжихэд амаргүй. Хэчнээн ч сайн төслийг хотын удирдлагууд санаачлаад явдаггүй. Төр төмөр нүүрээ гаргаж, хүчээр ажил эхлүүлбэл хүний эрх зөрчсөн хэрэгт унагаж, бусад улс төрийн намууд нь улстөржүүлэх нь бий.

Харин иргэд дэмжээд газраа чөлөөлбөл хоёр гуравхан жилийн дотор л балгас шиг байсан гэр хороолол барилгаждаг. Баянбүрд, зуун айл орчмын барилгажилтаас үүнийг харж болно. Дээр нь газраа байраар сольсон иргэд өнөөдөр ая тухтай орчинд амьдарч байна.

Уг нь хэсэгхэн хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг дээгүүрт тавигдах ёстой. Иймээс Гандангийн дэнжийг газарт оруулж, барилгажуулах ажлыг эрчимжүүлэхэд төр тууштай байж, иргэд дэмжихгүй бол дахиад арван жил өнгөрсөн ч өнөөдрийнхөөрөө үлдэж мэдэхээр байна. Ганданг газарт оруулахад анхаараач.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж