Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлтийг 1.5 их наядаар тооцсон

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлтийг 1.5 их наядаар тооцсон

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлтийг 1.5 их наядаар тооцсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх оны төсвийн төсөөлөлд зарлагыг 10 их наяд гэж төлөвлөсөн байгаа. Харин орлогыг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-2019 оны төсвийн орлогыг 2018 оны одоо батлагдсан байгаа тоотой харьцуулбал 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Эдийн засгийн өсөлтөөрөө энэ орлогыг төвлөрүүлнэ. Мэдээж, эрдэс баялагийн үнэ өндөр байгаа нь орлогыг төвлөрүүлэхэд нөлөөлнө гэж тооцсон. Эрдэс баялагийн үнийн өсөлтөөс нийт 370 тэрбум төгрөг орж ирнэ гэж үзэж байна. Харин 1.5 их наяд төгрөгийн орлогыг эдийн засгийн өсөлтөөс орж ирнэ гэж төлөвлөсөн. 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, орлогыг бүрдүүлэхийн төлөө Засгийн газрын зүгээс чармайж ажиллана. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно.

-Орлогыг хэр бодитой төсөөлсөн бэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо бодитой бус төсөөлснөөс болж төсвийн алдагдалд ордог гэх шүүмжлэлийг гишүүд хэлж байсан?

-Энэ бол өмнө нь гарч байсан алдаа. Орлогоо төсөөлөхдөө нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд тооцчихдог. Гэтэл эргээд гүйцэтгэлийг нь харахаар яг л нэг их наяд төгрөгөөр орлого тасардаг. Тавьсан зардлууд нь санхүүжсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм алдаа их гарсан. 2014 оноос төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, Монгол улсын өр нэмэгдэж ирсэн. Одоо төсвийн орлогоо нэлээн бодитой тооцох бодлого баримталж байна. Эдийн засагтаа зөв бодлого явуулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, үндэслэх түүндээ тохирсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр авч үзвэл бодлого буруудаж, нөхцөл байдлаасаа дор авч үзвэл мөн л бодлого буруу эргэдэг. Тиймээс аль болох бодит нөхцөл байдалдаа тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна.

-2020-2021 оны төсвийн хүрээний төсөөллөөр зэсийн үнэ болон уул уурхайгаас бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөг байхаар тооцолж байгаа вэ?

-Алт зэсийн үнийг хэдэн төгрөгөөр авах талаар Монгол улсын төсвийн тухай хуульд маш тодорхой заагаад өгсөн. Үнэлгээг олон байгууллага хийдэг. Энэ жил зэс ийм үнэтэй байгаа учраас ирэх жил тийм үнэтэй байна гэх мэтээр үнэлгээ тооцоог хийж явдаг. Манай хуулиар ОУВС-ийн аргачлалаар тооцоо хийж явдаг юм. Тэр аргачлалаар зэсийн үнийг 7200 ам.доллар байна гэж тооцоолж байна. Алтны үнийг нэг унци нь 1375 ам.доллар байна гэж тооцоолсон.

-Жил бүр төсөв дээр гадаад өрийн зээлийн хүүнд  ихээхэн мөнгө төсөвлөгдөж, энэ нь төсвийн зарлага нэмэгдэх нь гол дарамт болдог. Ирэх онуудад төлөх гадаадын өрийн зээлийн хүүгийн төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаадаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 2018 онд нийтдээ 1.4 их наяд төгрөг төлнө. Бид өнөдөр хүүтэй зээл гаргахаа зогсоож, зарим зээлүүдээ буцааж авах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч байгаа. Ингэснээр 2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөрт 860 тэрбум төгрөгийг төлөхөөр болгож буулгасан. Энэ нь 2018 оноос 600 орчим тэрбум төгрөгөөр буурна.

-Цаашдаа гадаад зээлийн хүүгийн дарамтыг багасгах чиглэлд ямар ажлууд хийгдэх бэ?

-2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөр буурч байгаа ч бид үүнд сэтгэл ханахгүй  байгаа. Цаашдаа үе шаттайгаар буулгах үйл ажиллагааг явуулна. Анхнаасаа өндөр хүүтэйгээр авчихсан бондууд байна. Тухайлбал, Мазаалай бондыг 10.875 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ төрлийн зээлийн хүүг буулгах чиглэлээр гэрээ, хэлцэл хийх гэхээр анхнаасаа хатуу нөхцөл заагаад өгчихсөн байна. Энэ мэт шалтгаанаар тодорхой хаалтууд байгаа хэдий ч бид бондуудын хүүг буулгах чиглэлд анхаарч ажиллаж байгаа.

-Ирэх онд “Эрдэнэт” үйлдвэрээс авах татварын хэмжээ өөрчлөгдөх үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувь төрийн мэдэлд авах асуудлаар УИХ шийдвэр гаргасан. Энэ дагуу Засгийн  газар шийдвэрээ гаргаад явж байгаа. Үндсэн хуулийн цэц дээр бас  шийдвэр гарсан. Тийм учраас бид улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмч юм гэсэн үүднээс тооцооллыг нь суулгаж өгөх юм. 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт 175 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байгаа.

-Төсвийн зарлагыг бууруулах чиглэл төсвийн хүрээний мэдэгдэл ямар зорилтууд тавигдсан бол?

-Төсвийн зарлагыг бууруулах чиглэлд бид реформ хийхээр ажиллаж байгаа. Төсвийн орлогод төвлөрч буй  төгрөгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд  барьж ажиллаж байна. 2019 оны төсвийг боловсруулах ажлыг бид 2018 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн. Хөдөө орон нутгуудаар явж ажиллаж байна. Аймгуудын санхүүжилт дээр нухацтай ажиллахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна төсвөөс гарч байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд цахим технологийг түлхүү ашиглах бодлого барьж байна.

-2019 оны төсөвт тодотгол хийхгүй байх боломж бий юу. Тодорхой байдлаар төсөвт тодотгол хийх боломжтой гэж гишүүд байна?

-Сангийн сайдын хувьд төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурь маань хэвээр байгаа. Төсвийн тусгай шаардлагууд биелсэн тохиолдолд төсвөө тодотгодог. Төсвийн орлого бууж байгаа тохиолдолд  тодотгох учиртай. Орлого нэмэгдэж  байгаа тохиолдолд төсвөө тодотгохгүйгээр, тодорхой зохицуулалтуудыг хийж болдог. Одоогоор улсын  төсвийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа.

-Хэрвээ хүүхдийн  мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг УИХ гаргавал төсөвт тодотгол хийх үү?

-УИХ дахь МАН-ын бүлэг дээр хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар байр сууриа нэгтгэсэн байгаа.

                Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж