Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лигийн (NHL)-н 2017-2018 оны плэй-оффын тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө хагас шигшээд буюу бүсийн аваргын төлөө өрсөлдөх сүүлийн багийн нэр тодорлоо. Плэй-оффын 2-р шатанд учраа таарсан Нэшвилл Предаторс болон Виннипег Жетс багуудын цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолт Теннеси мужийн Нэшвилл хотын “Брижстоун арена” ордонд болсон байна. Тус тоглолтонд зочин баг Виннипег Жетс баг талбайн эздийг 5-1 харьцаатай хожиж ялалт байгуулснаар плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан байна.
Хоёр багийн шийдвэрлэх 7 дахь тоглолтонд зочин багаас М.Шайфли, П.Стастни нар тус бүр 2 гоол оруулсан бол Т.Мейрс 1 гоол оруулж багаа ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин талбайн эздээс тоглолтын 1-р үед повер-плэй буюу хүний илүүтэй тоглолтоос Пи.Ки.Сюббан талбайн төвөөс хүчтэй цохилтоор гоол оруулсан. Ийнхүү цуврал 7 тоглолтонд Виннипег Жетс баг ялалт байгуулснаар стэнлийн цомын хагас шигшээд лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багтай тоглоно.
NHL-н стэнлийн цомын төлөөх өрсөлдөөний хагас шигшээд Дорнод бүсээс вашингтон Капиталс , Тампа Бэй Лайтнинг, Өрнөд бүсээс Виннипег Жетс болон Вегас Голден Найтс багууд шалгарч үлдээд байна.
Б.БЯМБАБАЯР