-Майкл Коэнд үзүүлсэн үйлчилгээндээ удирдлагууд хожим нь харамссан гэж эмийн компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна-
Дональд Трампын засаг захиргаанд нууцаар ойр байх боломж олгох амлалтын шанд олон улсын эмийн “Novartis” корпораци АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэнд сар бүр 1,2 сая доллар төлдөг байжээ хэмээн Novartis – ийн албан ёсны төлөөлөгч Эрик Элтофф лхагва гарагт телевизийн АВС компанид мэдэгдсэнийг ТАСС уламжлав.
Түүний хэлснээр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Трамп тангараг өргөсний дараахан өмгөөлөгч корпорацийн удирдлагад өөрийн үйлчилгээг санал болгосон ажээ. “Тэр шинэ захиргаанд ойр байх боломж амласан. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг анхаараарай,ердийн тоглогчид урьдын чиг үүргээ гүйцэтгэхээ больсон” гэж Элтофф тайлбарлав.
Дээр дурдсан хэмжээний сар бүрийн мөнгийг 2016 оны аравдугаар сард Коэний үүсгэн байгуулсан “Essential Consultants” пүүсийн дансанд шилжүүлдэг байсан. Төлбөрийг 2017 оны хоёрдугаар сараас хийж эхэлсэн. Мөн оны гуравдугаар сард “Novartis”–ийн төлөөлөгчид Трампын өмгөөлөгчтэй анхны зөвлөгөө авах уулзалтыг хийсэн бөгөөд тэдний урам хугарчээ. “Novartis”-ийн хүсэн хүлээж байсан эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлогод хамаатай үйлчилгээг” Коэн үзүүлж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтийг корпораци хийсэн байна.
“Ийнхүү цаашид түүнтэй (Коэнтай – ТАСС – ын тайлбар) хамтран ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн” хэмээн корпорацийн төлөөлөгч мэдэгдэв. Тэрээр Коэнд мөнгө шилжүүлж байсантай холбогдуулан 2016 онд АНУ-д болсон сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийн ажилтнуудын асуултад “Novartis” хариулт өгөхөд хүрсэн гэж мэдээлэв.
Дөрөвдүгээр сарын эхээр хууль хамгаалах байгууллагын ажилтнууд Коэнээс хэдэн арван хайрцаг бичиг цаас, гар утас, хатуу диск зэрэг цахим хэрэгсэл хураан авчээ. “Washington Post” сонины мэдээлснээр Коэнийг сонгуулийн өмнөх Трампын кампанит ажилтай холбоотой банк залилан мэхэлсэн, луйвар хийсэн, санхүүгийн зөрчил гаргасан хэрэгт сэжиглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Хураагдсан материалын дунд өмгөөлөгчийн Трамптай харилцаж байсан захидлууд, порно жүжигчин асан Стефани Клиффордод дуугүй байх ёстойнх нь төлөө төлбөр хийсэн баримт сэлт зэрэг байгаа ажээ. Тэрхүү жүжигчин урьд өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчтэй янаг амрагийн дотно харилцаатай байснаа нотолсон юм байна.
Энэ оны нэгдүгээр сардThe Wall Street Journal-д холбогдох нийтлэл гарсны дараа Трамп, Клиффорд нарын гэр бүлээс гадуурх харилцааны тухай дуулиан дэгдсэн билээ. Сонины газрын мэдээлснээр, Америкийн Ерөнхийлөгчтэй янаг амрагийн харилцаатай байсан мэдээллээ нууцалж хадгалахын тулд порно жүжигчин асанд 2016 оны арваннэгдүгээр сард сонгууль болохоос нэг сарын өмнө Майкл Коэн 130 мянган доллар төлжээ. Гэхдээ ийм мөнгө төлсөн тухай мэдэхгүй гэдгээ Трамп өмнө нь мэдэгдэж байсан.
Эх сурвалж: www.polit.mn