Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.05.11/ Улаанбаатар хотод эхэллээ. Монгол Улсад гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд БНХАУ, БНАСАУ, Афганистан, Иран, Япон, Энэтхэг, Казахстан, Узбекистан зэрэг 14 орны тамирчид өрсөлдөнө. Азидаа 25 дахь удаагаа болж буй энэ тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байгаа аж.
Өнөөдөр Азийн самбо бөхийн холбооны конгрессын хурал “Баянгол” зочид буудалд зохион байгуулагдаж байгаа аж. Хуралд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 14 орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Тэмцээн маргааш /2018.05.12/“Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж, ням гаригт өндөрлөнө.
Самбо бөхийн өндөр хөгжилтэй орны тоонд манай улс ордог. Монголын самбочид ДАШТ-ийг зохиож ирсэн жил буюу 1973 оноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байна. Өнөөдөр Монголоос самбо бөхийн дэлхийн 37 аварга төржээ. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 57 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль аваад байна.
Энэ жил Монголд болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хамрах хүрээ, тамирчдын чанар чансаагаар өндөрт тооцогдож байгаа аж.