Ирэх онд 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Ирэх онд 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ

Ирэх онд 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байна. Ирэх онд нийт 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнээс 900 сая ам.доллар нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой аж. Үлдсэн хөрөнгө оруулалт нь бусад салбарт хийгдэнэ гэж тооцоолжээ. 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувь байна, 2020 онд 6 хувь өснө гэж төсөөлжээ. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Боловсруулсан нүүрс гаргах юм бол тонн тутамд ашиг олно, төмөр замаа яагаад тавихгүй байгаа юм бэ. Төмөр замтай болчихвол хэдэн сая тонн нүүрс гаргах боломжтой. Өнөөдөр гурван айл тутмын нэг нь ядуу амьдарч байна. Эдийн засгийн өсөлт чинь иргэдэд мэдрэгдэхгүй байна. Эдийн засгийн өсөлт гарч байгаа ч илүү өсгөх боломж бий. Өнөөдөр 100 мянган хүн ажилгүй байна. Одоо баялаг бүтээгчдийг яаж дэмжих вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бодлогын алдаатай байдлыг засах гэж их оролдож байна. Нэг их наяд төгрөг хэвлээд тараачихсан. Тэр тараасан мөнгийг танил талтай нь авдаг байсныг зогсоосон. Эдийн засгийн зөв бодлого, түүхий эдийн үнийн өсөлт нийлээд эдийн засгийн өсөлтийг авч ирсэн. Ирэх 2020 онд эдийн засгийн өсөлт буурна. Эдийн засгийн зөв бодлого бол нөхцөл байдлаа зөв тооцоолохоос эхэлдэг. Тиймээс 2020 онд 6,1 хувийн өсөлт гарна гэж тооцож байгаа.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж бичсэн байна. Энэ ямар үндэслэлээр орж ирэх мөнгө вэ? Ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх юм бол эдийн засаг чинь маш хурдан сэргэнэ. Гэтэл 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэдгээ Монголбанкны бүртгэл тооцоотой хольчихсон юм биш үү. Эдийн засгийн өсөлт буурна гэсэн төсөөллийг ойлгохгүй байна. Түүхий эдийн үнэ өсч байхад яагаад 2020,2021 онуудад эдийн засгийн өсөлт буурна гэж төсөөлсөн бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Нийт 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнээс 900 сая ам.доллар нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой. Үлдсэн хөрөнгө оруулалт нь бусад салбарт орж ирнэ. 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувь байна, 2020 онд 6 хувь өснө гэж тооцож байгаа. Бодит байдлаа мэдсээр байж худлаа ярьдаг, улстөрждөг байдлыг бид засах гэж хичээж байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж