“Манлай баатар” жүжгээрээ “Гэгээн муза”-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

“Манлай баатар” жүжгээрээ “Гэгээн муза”-д өрсөлдөж байна

“Манлай баатар” жүжгээрээ “Гэгээн муза”-д өрсөлдөж байна

“Гэгээн муза” 14 дэх удаагийн олон улсын театрын шалгаруулалт ирэх ням гаригт /2018.05.13/ болно. Энэ удаагийн наадам уламжлал ёсоор драм, дуулалт, хүүхдийн жүжгийн төрлүүдэд шилдгүүдээ тодруулна. Тус наадамд орон нутгаас Архангай, Сүхбаатар, Төв, Баянхонгор, Орхон, Булган, Дорнод зэрэг аймгийн драмын театрын бүтээлүүд өрсөлдөж байгаа билээ.

Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Манлай баатар” дуулалт жүжиг, “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ энэ удаагийн наадамд өрсөлдөж байна.  

Өнөөдөр “Манлай баатар” дуулалт жүжиг Драмны театрын тайзнаа 19.00 цагаас тоглох юм байна. Улаанбаатар хотод түр саатаад буй Дорнод аймгийн театрын дарга Л.Наранхүүтэй цөөн хором ярилцлаа.

-“Манлай баатар” дуулалт жүжгийг анх хэзээ тайзнаа тоглосон бэ? Энэ удаа драмын театрын тайзнаа тоглох болжээ? 

-2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Манлай баатар” дуулалт жүжгийн нээлтийг аймгийнхаа театрт хийж байсан. Тухайн үед таван өдөр тоглож байлаа. Энэ удаа “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж буй жүжгээ өнөөдөр театрын тайзнаа тоглох гэж байна. Монголын тусгаар тогтнолын төлөө манлайлан тэмцэгч, улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Дамдинсүрэнгийн амьдрал, үйл хэргийг мөнхжүүлэх, алдаршуулах мөн эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор тайзнаа шинээр тавигдсан. Зохиолыг Б.Цэрэннадмид бичиж, ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, редактороор Ш.Гүрбазар ажилласан. Жүжгийн ерөнхий зураачаар Ч.Санжаасүрэн, туслах найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор В.Боролдой ажилласан байгаа. Манлай баатар Дамдинсүрэнгийн дүрд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар тоглож, бусад дүрүүдийг Дорнод аймгийн уран бүтээлчид бүтээсэн. Дорнод нутгийн ард түмний бахархал болсон энэ хүний тухай баатарлаг үүлсийг тайзны бүтээл болгож, үзэгч түмэндээ өргөн бариад байна.

-Дорнод аймгийн театрын уран бүтээлчид жилдээ хичнээн төрлийн жүжгийг шинээр тавьж байна вэ? Мөн орон нутгийн уран бүтээлчдээс томоохон бүтээл дээр ажилладаг театрын нэг бол танай театр шүү дээ?

-Театрын уран бүтээлчид жилд 3-4 шинэ жүжгийг тавьдаг. Хүүхдийн уран бүтээл дээр мөн ажиллана. 2014 онд Йоханн Штраусын “Сарьсан багваайхай” дэлхийн сонгодог дуурийг тавьсан. Тухайн үед дэлхийн сонгодог бүтээлийг анх удаа орон нутгийн уран бүтээлчид тавьж байснаараа их онцлог болсон.

-Танай театрын уран бүтээлчид “Гэгээн муза” наадмаас ганзага хоосон буцдаггүй гэж байсан? 

-Театрын уран бүтээлчид “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж, зарим бүтээлүүд тэргүүн шагналыг хүртэж байсан. 2014 оны наадамд “Ван хүний үр” дуулалт жүжиг зургаан номинацид нэр дэвшсэнээс шилдэг эрэгтэй, эмэгтэй шагналыг авсан. Халхын их соён гэгээрүүлэгч, аж төрөх ухааны номлогч, эх нутаг, газар шорооныхоо төлөө тэмцэгч Жу ван То вангийн амьдрал, тэмцлийг харуулсан бүтээлийг Д.Төрбат бичиж, Б.Магалжав найруулж байсан. Мөн жүжигчин Б.Гантуяа “хүндэт муза”-ийн эзэн болсон. Энэ удаа “Манлай баатар” дуулалт жүжиг, мөн ‘Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ өрсөлдөж байна. Дорнод аймгийн драмын театр орон нутгийн ууган театр гэж явдаг. 2018 онд түүхт 70 жилийн ой тохиож байна. Тиймээс ойн хүрээнд хийгдэх олон ажлууд байгаа. Театрын уран бүтээлчид Сүхбаатар, Хэнтий аймгийн театрын уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлийг байнга хийдэг. 2016 онд 120 уран бүтээлчид оролцсон ‘Нарны орон’ хамтарсан уран бүтээлийг Дорнод, Сүхбаатар аймагт тоглосноос гадна Улаанбаатарын үзэгчдийн хүртээл болгосон. Мөн энэ онд Хэнтий, Сүхбаатар аймгийн бүжигчидтэй хамтран уран бүтээлийн тоглолтыг хийлээ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж