"Миний туршлагыг үндэслэн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн байх"

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

"Миний туршлагыг үндэслэн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн байх"

"Миний туршлагыг үндэслэн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн байх"

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Сүүлийн үед юу хийж байна вэ. Улс төр болон намын үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Ардчилсан намд шинэчлэл хэмээх идэвхтэй үйл ажиллагаанууд өрнөж байна. Намын гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. Хувь хүнийхээ хувьд өв соёл, түүх, ёс заншлын чиглэлээр судалгаа бүтээл уншиж, судалж байна.

-2016 оны сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан нам дотор шинэчлэлийн үйл явц үргэлжилж байна. Намынхаа шинэчлэлийг хэр дэмжиж байна вэ?

-Намынхаа нийт гишүүдээс санал авч, бүх түвшний намын удирдлагуудаа сонгосон. Өмнө нь цөөхөн хүний хүрээнд, фракциудын хүрээллээс намын удирдлагаа сонгодог байсан бол одоо намын гишүүн бүрээс санал авч, шийдэж байгаа нь ахиц, дэвшил шинэчлэл юм. Намын даргад нэр дэвшигч, Ерөнхийлөгчид нэр дэвшигч, намын залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагаа бүх гишүүдээсээ санал авч шийднэ гэдэг бол бусад намаасаа ялгарах шинэчлэл. Түүнээс гадна бодлогын зөвлөлүүдийг байгуулж, салбар бүрт идэвхтэй санал дүгнэлт гаргаж байна. Залуучуудаа маш сайн дэмжиж, тэдний санаачилсан бодлогыг дэмжиж, хамтарч ажиллах чиглэлээр шинэ дэвшлүүд гарч ирж байгаа нь намд шинэчлэл сайн хийгдэж байгаагийн илрэл байх.

-Ардчилсан намын шинэчлэлийг нэг хүний, тэр дундаа хоёр фракцын нам боллоо гэх шүүмжлэл бас олон нийтийн дунд явж байна. Та үүнийг юу гэж дүгнэж байна?

-Шүүмжлэлийг сонсч л байна. Гэхдээ аливаа шинэчлэл ногоон гэрлээр явна гэж байхгүй. Шүүмжлэл байгаа нь өөрөө амьд байгаагийн илрэл. Шүүмжлэлийг хүлээж авч, алдаа оноогоо засаад явах нь зүйтэй. Ардчилсан нам фракцгүй болсон гэж байгаа бол сайн л байна. Улс төрийн нам өөрөө үзэл болоо илэрхийлэх нам гэдэг утгаараа алдаагаа засч, оносноо дэмжээд л явна шүү дээ.

-Та өнгөрсөн дөрвөн жил парламентын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн. Одоогийн парламент, Засгийн газрын явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд энэ парламент, Засгийн газар эргэж, буцсан шийдвэр гаргасан гээд шүүмжлэлтэй хандах зүйл ч байна. Мөн дэмжихээр зүйлүүд ч бас байна. Би Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа батлуулахаар зорьж байсан Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан зэргийг харж байхад дэмжмээр зүйлүүд харагдаж байна.  УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал үе үеийн парламентад яригддаг байсан. Харин энэ удаагийн парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байдлаар хариуцлагын асуудал ярьж байгаа нь буруу. Заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр гишүүдийн хариуцлагын асуудлыг зохицуулах боломж бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн өөр хүний өмнөөс санал өгдөг байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ард түмнийг төлөөлж сонгогдсон хүний хувьд ёс зүйтэйгээр ажиллах ёстой. Гэхдээ УИХ-ын процедурыг өөрчилмөөр зүйлс харагдаад байгаа юм. Бусад улс оронд УИХ-ын санал хураах цаг, хэлэлцүүлгийн цаг тус тусдаа байдаг. Хэлэлцүүлгийн цагт заавал ирц шаардлагагүй. Харин санал хураалт өгөхдөө бүх гишүүд нь өөрсдөө картаа авч ирээд саналаа өгдөг. Тэгэхээр ийм байдлаар санал хураалт явуулах нь хууль чанартай, хүн бүр өөрийн биеэр санал өгөх шаардлага хангах боломжтой. Үүнийг УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явах боломжтой. Мөн хариуцлагын асуудлыг тодорхой тусгаж өгөх ёстой. Тухайн гишүүний цалин хасах, сонгогчдод нь мэдээлдэг байх зэрэг зохицуулалт хийх боломжтой. Мөн энэ парламентын үед Улс төрийн намын тухай хууль болон санхүүжилтийн асуудал хүчтэй яригдаж байх шиг байна.  Би үүнийг бас олзуурхаж байна. Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлыг маш сайн нарийвчилсан олон улсын жишиг байдаг. Тиймээс улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, бусад орны туршлагыг судлах чиглэлээр нухацтай ажиллах хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг бас нэлээн шуурхай хэлэлцэж байгаа?

-Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Гэхдээ зарим заалтуудыг нь харж байхад заавал Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй зүйлүүд харагдаад байна. Хэрэв нэмэлт, өөрчлөлт хийх гэж байгаа бол Гавьяат хууль Б.Чимид багшийн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийн хүрээнд хийх ёстой. Энэ журмаар ямар тохиолдолд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах вэ гэдгийг маш тодорхой заасан. Тиймээс энэ журмын хүрээнд ажиллах байх.

-Өнгөрсөн оны намар таныг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Гэвч УИХ-д оруулсан саналаа Ерөнхийлөгч татаж авсан. Одоо Цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Таныг бас нэр дэвшүүлнэ гэсэн яриа гарсан байна?

-Үндсэн хууль бол ард түмэн, төр хоёрын хооронд хийсэн гэрээ гэж ярьдаг. Ард түмний эрх, хүний эрхийг хангах нөгөө талд нь төрийн үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагыг маань үндэслэн Ерөнхийлөгч дэвшүүлсэн байх гэж ойлгож байгаа. Миний хувьд 1989 оноос эхлэн ардчилсан хувьсгалд оролцсон, 1990 оноос хойш хүний эрхийн чиглэлээр олон судалгаа, үнэлгээ, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд ажилласан. Гавьяат хуульч Б.Чимид багшийн удирдлага дор ч ажиллаж байлаа. Сүүлийн 27 жил ардчилал, хүний эрхийн чиглэлээр хууль боловсруулах чиглэлээр илүү их ажиллаж байсан. Нэг ч удаа бизнес хийж байсангүй. Дандаа л хүний эрхийг баталгаажуулах чиглэлийн хуулийн хэрэгжилт, боловсруулалт дээр ажилласан байна. Мөн төрийн хариуцлагатай байдал болох УИХ-ын гишүүдийн  ёс зүйн асуудал, УИХ-ын нээлттэй байдал, сонгогчдын мэдээлэл авах эрхийг нээж, хаалттай байсан парламентыг нээлттэй санал хураалттай болгох чиглэлээр ажиллаж байлаа. Авлигын эсрэг хуулийн ажлын хэсэг, олон нийтийн зөвлөлд одоог хүртэл ажиллаж байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн болоод ард түмнийхээ нүд чих болж ажиллах ёстой Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулж, дүрэм журмыг нь боловсруулж ажилласан. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо энэ парламентад хамгийн хэрэгтэй болсон байна. УИХ-ын гишүүн биш байхдаа олон улсын туршлага, судалгаан дээр үндэслэн олон дүгнэлтүүд гаргаж байсан. УИХ-ын гишүүн болоод нам, Засгийн газар, УИХ дотор ямар алдаа, оноо байна вэ гэдэг дээр маш сайн туршлага судалсан. Тэгэхээр аль аль тал дээр туршлага хуримтлуулсан учраас  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилбол энэ хариуцлагатай албыг шударгаар хашиж чадна гэж бодож Ерөнхийлөгчийн тавьсан саналыг зөвшөөрч байсан.

-Дахиад таны нэрийг Ерөнхийлөгч өргөн баривал та яах вэ?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал шүү дээ. Ерөнхийлөгчийн саналыг л хүндэтгэн үзнэ.

-Таныг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэх үеэр Халх голын эдэлбэр газартай холбоотой гэх яриа олон нийтийн сүлжээгээр их явсан?

– Тийм гүтгэлгийн зүйл явж л байсан. Сонгуулийн үеэр цэцэд нэр дэвших үеэр намайг харлуулан томилуулахгүй байх ашиг сонирхол хэн нэгэнд байсан юм байлгүй. Аливаа гүтгэлгийн ард дандаа хэсэг хүний явцуу эрх ашиг л нуугдаж байдаг.Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалтгаад гүтгэлэг болох нь тогтоогдож, гүтгэсэн хүнд нь хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Халх голыг гадныханд зарсан байна гэх мэдээлэл гарсны дагуу АТГ, ТЕГ, прокурор, цагдаагийн байгууллага шалгаж гүтгэлэг гэдгийг нь тогтоосон. Ер нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй мэт байдаг. Хариуцах эзэн нь тодорхой биш учраас нэг мэдэхэд уул уурхайн лиценз олгогдсон байдаг. Жишээлбэл, Дорнод аймгийн газар нутгийн 44 хувьд нь уул уурхайн лиценз олгогдсон. Хөдөө аж ахуйн үүц газар гэж хадгалж ирсэн Халх голын хөндий газрын тосны лицензэд олгогдсон. 1960 оноос хойш Халх голд эрчимжсэн хөдөө ахуйг хөгжүүлнэ гээд 50 мянган махны чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй, 20 мянган махны чиглэлийн хонины аж ахуй, малын тэжээл болон бусад таримал тариалах аж ахуй зэргийг байгуулахаар төлөвлөөд, үе үеийн эрдэмтдийн хийсэн судалгаа, үйл ажиллагаанууд хийгдсэн байдаг. Гэтэл Хятадын Петрочайна Дачин Тамсаг гэдэг компанид уул уурхайн  лиценз олгосон. Үүнээс Буйр-22 гэдэг талбайн 800 мянга гаруй га газар 2013 онд хайгуулын лиценз нь түр буцаагдсан байсан. Харамсалтай нь энэ газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор дахиад 2014 онд зарлагдсан байсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн үүц болгоно гэж бодож байсан газраа уул уурхайд өгөх үү. Эсвэл хөдөө аж ахуйн зориулалтаар нь авч үлдэх үү гэдэг асуудал тулгарсан. Тухайн үед улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн боломж нь Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байсан. Тэгтэл “Чөлөөт бүсэд гадны ажилчид ихээр орж ирж ажиллах юм байна” гэсэн яриа хардлагыг нутгийн иргэдийн дунд гаргасан.  Угтаа бол уул уурхайн  ажилд гадныхан л их орж ирж ашиг нь ч бас гадагшаа л гарч байна шүү дээ.  2015 онд Газрын тухай хуульд орж ирсэн шинэ зохицуулалтаар Халх гол хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгож 500 мянган га газрыг уул уурхайд биш хөдөө аж ахуйн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч тамгалсан. Өөрөөр хэлбэл Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулж буй бусад газар шиг байгаль орчны доройтол хөрсний талхагдлаас хамгаалагдсан гэсэн үг. Улсын тусгай хэрэгцээний газар болсон учраас одоо энд гадны иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж