“Цаазаас дор” шийтгэлийг экс Ерөнхий сайд нарт өгөх ёстой байж

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

“Цаазаас дор” шийтгэлийг экс Ерөнхий сайд нарт өгөх ёстой байж

“Цаазаас дор” шийтгэлийг экс Ерөнхий сайд нарт өгөх ёстой байж

Шүүх хурал өндөрлөж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллахаар болов. Аль нэгийг нь суллах нь гэж таамаглаж байсан ч “намчирхан талцах” хандлага харагдаж мэдэхээр байсан тул “хосоор нь” гаргалаа ч гэж “хэлэлцэж” амжив. Энэ бол Ялалтын баярын маргаашийн үд дундын шинэ мэдээ байлаа. Харин үдээс хойш нь буцаагаад хорихоор болов. Итгэхийн аргагүй хэрэг явдал болж гаслах багадаж байсан ч их шүүхийн өмнө хүчин мөхөстөнө. Харин их шүүхийн өмнө прокурорын гомдол том байдгийг мэдсэнгүй.

Албан мэдээнд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас “Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад: С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг 1 сараар сунгасан болно” гэж мэдээллээ. Ингээд хэдхэн цагийн дараа буцаад торны цаана орох нь тэр.

Магадгүй энэ шийдвэр өнөөдөр ч дахин өөрчлөгдөх магадлал өндөр байна. Энд ямар гээчийн үл үзэгдэх гар дохиж, дээрх хүмүүсийн нэр хүнд, сэтгэл санааг хүртэл хохироож, албан бус “цааз”-ын ялаар шийтгээд байна вэ. Нөгөөтэйгүүр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад олон шинэлэг арга барил дуулдаж байсан. Дэлхий нийтийн хэмжээнд хүртлээ анхаарал татаж байгаа, хоёр Ерөнхий сайд аснаа хорьж байгаа энэ кэйс дээр тэр реформоо ашиглаж яагаад болохгүй гэж. 

Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг. Бүр 80 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, “Эрх чөлөө хязгаарлах ял” гэж шинэ төрөл бий бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилготой, цахим хяналт, электрон гав хэлбэртэй байхаар тусгасан байдаг. Тэгээд ч энэ хэлбэрээр шийтгэгдсэн этгээд “улстөрчдийн хүсээд байгаачлан” нийтийн албанд сонгогдох, томилогдох, тодорхой төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрмөсөн хасах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эрх эзэмших эрхийг хүчингүй болгох, тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх юм байна билээ. Манай практикт жолооны эрх хасахаас өөрөөр “эрх хасах” арга хэмжээг төдийлөн хэрэгжүүлдэггүй.

Дээрх хуулийг хэлэлцэх үед уг гав хамгийн хямд нь Тайванийнх 522 мянган төгрөг, үнэтэй нь АНУ-ынх нэг сая 620 мянган төгрөгийн үнэтэй. Харин хятад гав 954 мянган төгрөгийн үнэтэй. Төсөвт дарамт учруулах нь, ялтан өөрөө “аятайхан гав авч зүүгээд гэртээ суугаад байж болох нь” гэхчлэн шоолцгоож байв.

Тийм ээ, яагаад болохгүй гэж. Энэ бол олон улсын хэмжээнд ашиглаж л байгаа туршлага. Гэхдээ “өнөөдөр”, “энэ цаг үед” С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг “хориход байлгах” гэдэг дүр зураг, энэ баримтжуулсан мөчлөг, улс төрийн тохиролцоонд, заавал хараар үлдээх зорилтот түүх цадигт нь ч маш чухал байгаа бололтой юм. Тиймээс “суллалаа, хорилоо, суллалаа” технологийн цаана тохироо яваад байна гэсэн хардлага батжих гээд байна.

Тэгвэл энэ хооронд юу болсон юм бэ гэвэл ердөө л УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэргийн талаар телевизийн нэвтрүүлэгт ярихдаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг яагаад уг хэрэгтэй холбоотой материалтай танилцсан бол хууль зөрчиж л авч танилцана” гэсэн. Ц.Нямдорж сайд болохоор нууцын зэрэглэлээс гарсан материалтай л танилцсан гэдэг.  Одоо хүртэл маргаан тасраагүй, хэн нь туйлын үнэн яриад байгаа нь нэн ойлгомжгүй. Ёстой л “Захиалагчийг нь эхлээд олох ёстой”, “Үгүй, гүйцэтгэгчийг нь эхлээд олдог” гэдэг шиг нь зөрчил мөд арилах шинжгүй. Харин одоо “Шүүхийн шийдвэрээр суллалаа”. “Үгүй, шүүхийн шийдвэрт гомдож байна” гээд өдөрт нь буцааж хорих үүнийгээ дараагийн шатны шүүхэд нь гомдол гаргаж дахин шийдвэрлүүлж болдог гээд Эрүүгийн хуулийн заалт уншиж өгөх жишээтэй.

Бас нэг зүйл нь “Тагнуулын ерөнхий газарт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж очсон явдал. Байцаалт өгөх нь гэж зарим нь хардаад, тус байгууллагын “удирдлагыг сольдог эрх мэдлийн хүн яалаа гэж тэнд байцаалт өгч явдаг юм бэ” гэж цэцэрхээд, өөрөөс нь сонсохнээ “Хууль хүндэтгэж” явсан нь тэр юм билээ.

Ийм л үйл явдал болсон. Дээрх үйл явдлаас болж л өдөрт нь буцааж хорьдоггүй юм бол дотооддоо том шалтгаан харагдахгүй байна. Арай гадаад шалтгаан байгаа юм биш биз. “SOMO” гэгч Голландын ТББ-ын “Рио Тинто”-г татвараас зугтсанд санаа зовинож нэгэн тайланг дэлгэсэн байдаг.

Уг тайланд дурдсан тооцоо судалгаа нь “Туркойз Хилл”-ийн татваргүй бүсэд байгуулсан Movele (Люксембург дэх) болон Oyu Tolgoi Netherlands BV (Голланд дахь) зэрэг компанийн 2011-2016 оны санхүүгийн дүнд үндэслэн боловсруулагдсан гэх бөгөөд тус компаниар дамжин төслийн бүх санхүүжилт, зээл олгогдож байгаа ч тус хоёр компани зөвхөн цаасан дээр байдаг, ямар ч ажилтангүй нэгж болохыг анхааруулсан байдаг. SOMO (The Centre for Research on Multinational Corporations) буюу Үндэстэн дамнасан корпорациудыг судлах төвийн Голланд дахь салбар нь “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийн толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” нь Канадын Засгийн газарт ойролцоогоор 470 сая ам.доллар, Монголын талд 230 сая ам.долларын татварын алдагдал үүсгэсэн гэж анх мэдээлсэн. Үүний дараа яг ийм гэм зэмийг одоо хоригдож байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт тулгаад байсан юм. Эх сурвалжийн хэлснээр энэхүү ТББ-ын  ард польш хүмүүс байдаг гэх мэдээлэл ч бий. Энэ нь БНХАУ-ын талаас Оюутолгойн бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явц, цаашдын ирээдүй, эрчим хүчний эх үүсвэр, ашиглалтын зардлыг хэмнэх зэрэгт “санаа тавих” нь идэвжсэнтэй зэрэг өрнөснийг харахад дотоодын гэхээсээ гадаад нөлөө илүүтэй байсан юм биш биз гэж хардахад ч нөлөөлсөн юм. Хэрэв тийм бол яг Оюутолгой төслийн тухайд, яг Хятадын талын төрийн томчуудтай “холбоотой” ажиллаж байдаг гол хүмүүс үнэн хэрэгтээ 461дүгээр ангийн “гадаа” үлдсэн юм шүү дээ. Тиймээс “ар худрагаар нь хутга дүрэх хүмүүсээ” хянахын оронд дэлхийн гигант хөрөнгө оруулагчдын бооцооны ширээн дээр public байгаа хүмүүсээ шоронд хориод, private хүмүүсээ хараанаасаа алдсан байж мэдэх юм. Зохион байгуулалттайгаар шүү.

Ямартай ч энэ өдөр ямар нэг тохироо “төгс” хийгдээгүйгээс “прокурорын гомдол” төрж түүнийг онц яаралтайгаар шийдсэн учраас хэдхэн цагийн дотор шүүхийн шийдвэр өөрчлөгдлөө гэх нэг таамаг байна. Эсвэл дотоодоос эсвэл гадаадаас “хар гар” удирдаж STOP команд авсан байж болзошгүй. Үүнд Хятадын “Оюутолгойд санаа тавигчид” уу, эсвэл Европын зарим орноор дамжсан, магадгүй хатуу санкцт хүлээтэй байгаа орнуудаас “хэл ирэв” үү. Ингэж хардахаар дээд түвшинд, улсынхаа шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн шившигтэй шийдвэр гаргалаа. Харин энэ шийдвэр үүдэн хоймрын зайд өрнөх прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайд хоорондын зөрчлийн оч биш байгаасай гэж найдъя. Хэрэв тийм бол шүүхийн шийдвэрт, прокурорын байгууллагын хараат бус байдал гэгчид цаашид итгэхэд бэрх болох нь. Цаазалснаас дор “цаазгүй ялтай” оронд ингэж тарчихлсан экс Ерөнхий сайдууд аль, аль намын урдаа барьдаг улстөрчид. Тэд хэзээ нэгэн цагт торны цаанаас гарвал ямар гээчийн нийгэм байгуулалцсанаа, хэсэгхэн хугацаанд удирдаж явснаа хараад юу гэж ярилцахыг, хэрхэн “наминчлах”-ыг төсөөлөхөд их сонихон, бас эмгэнэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж