Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзана

Хуучирсан мэдээ: 2018.05.11-нд нийтлэгдсэн

Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзана

Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт ирэх зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапур улсад зохион байгуулагдах болсныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Помпей мэдэгдлээ. Энэ бол түүний БНАСАУ-д айлчлалын нэг зорилго байсан юм. 

Тодруулбал, тэрбээр удтал яригдаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны түүхэн уулзалтын товыг эцэслэн шийдэх даалгавартай Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео орон нутгийн цагаар Даваа гарагийн шөнө Пхеньян хотын зүг хөлгийн жолоо залсан юм.

Тухайлан хэнтэй уулзах талаараа тодорхой мэдээлэлгүй газраас хөөрсөн М.Помпео сүүлийн 17 сарын турш яригдаж буй асуудлын явцад анхаарал хандуулна хэмээн дурдсан нь Хойд Солонгос улсад хоригдож буй Солонгос гаралтай Америкийн гурван иргэнийг суллах талаар байжээ.

Төрийн нарийн бичгийн албанд томилогдоод төдийлөн удаагүй М.Помпей айлчлалд мордохын өмнө сэтгүүлч нарт өгсөн яриандаа “Би БНАСАУ-ыг зөв зүйл хийнэ гэж найдаж байна. Бид тэдгээр гурван иргэнийг суллах саналыг жил хагасын хугацаанд тавьсаар ирсэн. Энэ асуудлын талаар дахин яриа өрнүүлэх болно. Хэрэв тэдний зүгээс зөвшөөрсөн хариу өгвөл хоёр улсын харилцаанд сайны дохио хэмээн тооцогдох болно” хэмээн дурджээ.

М.Помпей бүтэн өдрийн туршид хийсэн уртхан уулзалтуудын дүнд Америкийн хүсэл сонирхлын дагуу гадаад бодлогын ялалт байгуулж, өөрийн орны гурван иргэнээ суллуулах шийдвэрийг гаргуулж чадсан нь дэлхийн анхаарлыг татсан халуухан сэдвийн нэг болж буй нь энэ билээ.

Айлчлалын товч хураангуй

Айлчлалын үеэр М.Помпейг БНАСАУ-ын Намын төв хорооны дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд бөгөөд хоёр Солонгосын харилцааг хариуцсан албаны дарга Ри Су Ён нар угтаж авсан байна. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпей Хойд Солонгост буусан даруйдаа ноён Ким Ён Чолтой дэлхий нийтийн чих тавин хүлээж буй Ким болон Трамп нарын уулзалтын талаар цаг гаруй хэлэлцсэн юм.

Энэхүү уулзалтын үеэр Намын төв хорооны дарга Ким Ён Чол хэлэхдээ: “Та хаврын урь орж, Хойд болон Өмнөд Солонгосын хоорондын таатай харилцаа бүрдээд буй сайхан үеэр Пхеньянд зочлон ирж байна. Манай улс цөмийн зэвсгээсээ татгалзах ажлаа сайтар боловсруулсан гэдгээ дуулгахын ялдамд энэ нь ямар нэгэн гадны нөлөө бүхий хориг арга хэмжээний үр дүн биш юм. АНУ эл асуудал дээр сэтгэл хангалуун байгаа хэмээн найдаж байна” хэмээжээ.

Түүний хариуд Америкийн төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ: “Хэдэн арван жилийн туршид бид өрсөлдөгчид байж ирлээ. Энэхүү зөрчил дайсагналыг арилгах чиглэлд цаашдаа хамтран ажиллаж, танай улсад ард иргэддээ илүү сайхан нөхцөлийг олгох боломжийг бүрдүүлж чадна гэж найдаж байна. Цаашид биднийг олон сорил хүлээж байгаа. Таны ахалдаг хоёр солонгосын харилцааны алба манай хоёр улсын удирдагчдийг уулзалтыг зохион байгуулах ажилд гайхалтай хамтрагч болон ажилласанд талархаж байна” гэсэн байна.

Ким Ён Чолтой уулзсан уулзалтын дараа үд дундад Америкийн төрийн нарийн бичгийн дарга М.Помпей Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай 90 минутийн туршид Д.Трамптай хийх уулзалтын талаар санал солилцсоны сацуу давхар зорилгоо биелүүлсэн нь АНУ-ын иргэд Ким Дон Чул, Ким Хак-сон, Тони Ким хэмээх хочтой Ким Сан Дук нарт өршөөл үзүүлэх зорилгоо гүйцэлдүүлэв.  

Тэд хэн байв?

Ким Хак-сон болон Тони Ким нар нь хоёул Пхеньяний цорын ганц хувийн сургууль болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд ажлын журмаар түр хугацаанд ирээд байсан бөгөөд Хойд Солонгосын төрийн дэглэмийн эсрэг дайсагнасан үйлдэл өдөөсөн гэх хэргээр 2017 оны дөрөв ба тавдугаар сард баривчлагджээ.

Дэлгэрүүлвэл, Хятад улсын Янжи хотын их сургуульд нягтлан бодох ухааны багшаар ажилладаг 59 настай Тони Ким Хойд Солонгост лекц унших зорилготой ирээд, буцах үедээ нисэх буудал дээрээс баривчлагдсан бол үүнээс хэдэн долоо хоногийн дараа хөдөө аж ахуйн талаар туршлага хуваалцахаар ирсэн багш Ким Хак-сонийг баривчилсан байна.

Харин 65 настай Ким Дон Чул нь 2015 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын захиалгаар тагнуул хийж байсан нь илчлэгдсэний улмаас 10 жилийн ялаар шийтгэгдэж, чанга дэглэмтэй шоронд хоригдож байсан байна. Түүнийг хоригдож байх хугацаанд буюу 2016 оны гуравдугаар сард CNN агентлаг орчуулагчийн хамтаар түүнээс ярилцлага авах завшаан тохиож байжээ. Ярилцлагынхаа үеэр тэрбээр Өмнөд Солонгос улстай хуйвалдаж, Хойд Солонгосын цэргийн нууцтай холбоотой мэдээлэл хулгайлахыг завдсандаа уучлал эрж байсан юм.

Хойд Солонгосын албаны хүмүүс өршөөгдөгсдийг суллахдаа “Энэ шийдвэрийг гаргах хүнд байлаа. Цаашид тэднийг алдаагаа давтуулахгүй байх тал дээр та бүгд анхаарч ажиллана биз ээ” хэмээх үгийг АНУ-ын эрх баригчдад дайсан байна.

Хойд Солонгосын цагаар оройн 19 цагийн үед тэднийг суллаж, нутаг нэгтнүүдийн хяналтад албан ёсоор шилжүүлсэн байна.

Айлчлал нь өндөрлөж буй М.Помпей хэвлэлд өгсөн яриандаа: “Энэ бол гайхалтай сэтгэл хөдлөм мөч. Тэднийг биеийн байдал нь сайн харагдаж байгаад санаа минь амарч байна. Ким Жон Ун уулзалтад зориулж найрсаг харилцаа бий болгохыг хичээж байгааг хувийнхаа зүгээс мэдэрлээ” гэдгийг дурдаад өршөөгдөгсдийн түүнд хамгийн түрүүнд хэлсэн үгийг хувийн орон зайд нь үлдээсэн нь зүйтэй хэмээн сэтгүүлчдэд дэлгэхээс татгалзжээ.

Угтан авалт

Эргэн ирж буй иргэдээ Ерөнхийлөгч Д.Трамп тэргүүн хатагтайн хамтаар угтан авав. Ерөнхийлөгч Трампийн хошигносноор энэ бол үүрийн 3 цагаар телевизийн хандалтын рекордийг эвдсэн үйл явдал байж чадсан. Д.Трамп хэлэхдээ “Төлөвлөсөн уулзалтыг маань угтуулан манай улсын иргэдэд өршөөл үзүүлж суллах шийдвэр гаргасан БНАСАУ-ын удирдагч үнэхээр улс орноо бодит ертөнц рүү аваачихын тулд ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсч буй бололтой. Энэ бол үнэхээр том амжилт. Манай хоёр улсын харилцаа хэзээ ч ийм хэмжээний ахиц дэвшилд хүрч байсангүй. Заримдаа гайхалтай зүйлс тохиолддог. Энэ л бидний итгэж найддаг зүйл юм” хэмээн дурдав.

Түүнчлэн, Ерөнхийлөгч Д.Трамп, эх орондоо ирээд төд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Хойд Солонгост аялж явахдаа хоригдсон анхны Америкийн иргэн болох Отто Уармбирийн гэр бүлд гүнээ хүндэтгэл үзүүлж байгаагаа уламжлахаа мартсангүй. 

Тэрбээр улсынхаа ерөнхийлөгчийн хувиар харийн шоронгоос суллагдсан иргэдтэйгээ уулзалт хийх, түүний дараа Мэрилэнд дэх эмнэлэгт өршөөгдөгсдөд шаардлагатай оношлогоо эмчилгээ хийх төлөвлөгөөтэй байсан байна.

Эх орондоо эргэн ирсэн Америкийн иргэд “Зүүд мэт санагдаж байна. Бид үнэхээр, үнэхээр их баяртай байна” хэмээн сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.

Тавигдсан протокол шаардлагын улмаас эх орондоо шөнийн 03 цагт газардсан өршөөгдөгсдийн ар гэрээс нэг ч хүн тосож аваагүй байна. Албаны хүмүүсийн CNN агентлагт өгсөн мэдээллээр өршөөгдөгсөд гэр бүл дээрээ очихоос өмнө тагнуулын албаны асуулга ярилцлагад орох ёстой байдаг байна.

Юутай ч АНУ Хойд Солонгост хоригдоод байсан нийт дөрвөн иргэнээ /Отто Уармбирийг оролцуулвал/ ийнхүү эргүүлэн нутагтаа авч чадлаа.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж