“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 19-ний өдөр Төв талбайд зохион байгуулагдах билээ. Сонирхогчийн болон мэргэжлийн тамирчдын дунд болдог тус тэмцээний талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны нийтийн биеийн тамир хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Түвшинбаяртай ярилцлаа.
–“Улаанбаатар марафон” тэмцээн эхлэхэд долоон хоногийн хугацаа үлдлээ. Бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?
–Жил бүрийн тавдугаар сард сонирхогчийн болон мэргэжлийн тамирчдын хүлээдэг тэмцээний нэг бол “Улаанбаатар марафон” тэмцээн байдаг. Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгүүд бэлтгэл ажилдаа ороод хангагдаж байна. Марафон эхлэхэд долоон хоногийн хугацаа үлдсэн бол бүртгэл хаахад таван өдрийн хугацаа үлдлээ. Бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар хийж байна. Энэ жил оролцох гадаадын иргэдийн Шангрилад бүртгэж байгаа. 5 км-ын зайн гүйлтэнд оролцогчдын бүртгэлийг нийслэлийн Биеийн тамир, спортын хороонд авч байна. 1.5 км буюу гэр бүл, 10км, 21 км, 42 км-ын гүйлтийн бүртгэлийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт бүртгэж байна. Одоогоор онлайн бүртгэлд 20 мянган хүн бүртгүүлжээ. Энэ жилийн эрчимтэй хийж байна.
–Энэ жил олон орны тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ. Хичнээн орны гүйгчид оролцох вэ?
-Өнгөрсөн онд 35 800 иргэн онлайн бүртгэлд бүртгүүлж гүйсэн. Энэ жилийн хувьд бүртгэлийг 35 мянгад хүргээд зогсоох шийдвэртэй ажиллаж байна. Учир нь Улаанбаатарын хотын ачаалалыг харгалзан үзэж, энэ тоог өсгөхгүй байх санал гаргасан. Иргэд онлайн бүртгэлд хамрагдсан хэрнээ заавал энгэрийн дугаараа авч баталгаажуулах ёстой. Мөн аж, ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээлттэй байгаа. Одоогоор ивээн тэтгэгч байгууллагаар Шангрила, Хербалайп, Экос ус, Red Bull, 361, CLWN байгууллагууд болон Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын Үндэсний нэгдсэн холбоо, GCR Mongolia зэрэг байгууллагууд оролцохоор болсон. Гадаадын олон орны тамирчид болон сонирхогчид гүйнэ. Энэ удаа Тайванаас 300 гаруй сонирхогч оролцохоор бүртгүүлсэн. Жил бүр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гадаадын тамирчид урилгаар оролцдог. Энэ жил Кени, Этиоп, Япон, БНСУ, БНХАУ-ын тамирчдад урилга өгөөд байна. Мөн манай шилдэг тамирчид болон Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа, Отгонбаяр, Шинэцэцэг нарын элит тамирчид өрсөлдөнө. Мэргэжлийн тамирчдаас гадна сонирхогч гүйгчид жил ирэх тусам идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн жил 5 км-т гүйсэн бол энэ жил 10 км-т гүйх тамирчид олон болжээ. Энэ тэмцээнд оролцохын тулд оролцогчид бүтэн жилийн турш бэлтгэдэг болсон байна. Марафоны гол зорилго бол оролцох нь нэр төрийн хэрэг байдаг бол барианд орох нь бүр ч нэр төрийн хэрэг байдаг. Харин үүнд оролцоно гэдэг бол марафоны үндсэн агуулга явж байдаг. Хараагүй болон тэргэнцэртэй иргэдийн ангилал бий. Мөн гэр бүлийн 1.5 км-ын уралдаан байгаа.
–Олон улсын зэрэглэл өндөртэй ямар орны тамирчдад урилга өгөөд байна вэ?
-Өнгөрсөн жил гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй олон шилдэг тамирчид оролцсон. Кени, Японы тамирчид Улаанбаатарт ирсэн. Энэ жилийн хувьд мөн дэлхийд чансаа өндөр Кени, Этиоп орны шилдэг тамирчдад урилга өгөөд байгаа. Одоогоор “Sotokoto safaricom”, “Cheplaskei marathon”, “Кass marathon” зэрэг марафонд өндөр амжилт үзүүлж байсан Кенийн хоёр тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Өндөр зэрэглэлтэй хичнээн тамирчин оролцох болсон эцсийн мэдээлэл ирэх долоо хоногт тодорно.
–Тавдугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар марафон” болохтой холбогдуулан хотын төвийн автомашингүй өдөр болно. Замын чиглэлийг тайлбарлаж өгөхгүй юу?
-Улаанбаатар марафон олон улсын томоохон хотуудад болдог марафоны жишгээр явагдаж байгаа. Тухайн өдөр хотын төвийн зам хаагдаж, автомашингүй өдөр болно. Гараа, бариа Сүхбаатарын талбайд болно. Гүйгчид Төв шуудан, нэгдүгээр сургууль, шөнийн гудамж, Авилгатай тэмцэх газрын баруун талаас эргээд “Монос” шүдний төв, 5 сургууль, Сансарын E-mart, зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, Багшийн дээд, 103 яаралтай тусламжийн төв, Элчингийн гудамж, Шангрила, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, Төв шуудан гэсэн маршрутаар 10, 21, 42 км-ын зайд оролцогчид гүйнэ. Бусад төрөлд оролцогчид дээрх чиглэлээр явна. Энэ дашрамд хэлэхэд бид улс орны марафон зохион байгуулах үйл явцтай танилцаж байна. Иргэд маань гараанаасаа их болгоомжтой гарахыг сануулж байгаа. Бие биенийгээ хүндлээд гараагаа эмх цэгцтэй хийх хэрэгтэй гэж зөвлөж байна. Эрүүл мэндийн үзлэг тухайн өдөр явагдана. Мөн усны цэг шөнийн гудамж, тавдугаар сургуулийн урд, сансарын Emart-н уулзвар, арслантай гүүрийн наана гэсэн байрлалд байна.
–“Улаанбаатар марафон” олон хүний оролцоотой болно. Бэлтгэл ажлын хүрээнд шүүгч нарт сургалт болсон гэсэн?
-Жил ирэх тусам “Улаанбаатар марафон” тэлж, оролцогчид олон болоод ирлээ. Монголын хэт холын марафон гүйгчдийн холбоо, хөнгөн атлетикийн дасгалжуулагч, шүүгчид, биеийн тамирын сургуулийн оюутнуудыг хамруулан шүүгчдийн сургалтыг зохион байгуулсан. Гараа, барианд шүүгчид хэрхэн ажиллах сургалтыг өгч, сертификат олгосон. 100 гаруй шүүгчид ажиллана.
“Улаанбаатар марафон” гүйлтийн бүртгэлийн хураамж ямар үнэтэй байх вэ?
–Бид дээр хэлсэн. Энэ жилийн оролцогчдыг 35 мянгад хүргээд хаана. Одоогоор 20 мянган хүн бүртгүүлээд байна. Бүртгэлийг марафон болохоор гурав хоногийн өмнө хаана. 10, 21, 42 км-ын гүйлтэнд оролцогчид 25 мянган төгрөгийн хураамж төлнө. Гадаадын иргэд 25 ам.доллараар бүртгүүлнэ. 1.5, 5 км-т оролцогчид 2000 төгрөгөөр энгэрийн дугаараа авна. Бусад төрөлд оролцогчид малгай, фудболк, үүргэвч, чип багтсан. “Улаанбаатар марафон” тавдугаар сарын 19-ний 09.00 цагт гарааг хийнэ. Цаг агаар 14 хэм дулаан байна. Энэ нь Монголын тамирчдын хувьд их боломжийн нөхцөл байдал болно. Тухайн өдөр бороо орохгүй гэсэн мэдээлэл байгаа ч иргэд хувцаслалтын хувьд анхаарах хэрэгтэй. 10 км-ээс дээш зайд оролцох оролцогчдод чип олгож байгаа. Уралдааны дараа цагийн амжилт бүртгэгдсэнгүй гэсэн гомдол гардаг. Тиймээс гараанаас гарахдаа зөв гараарай. Энэ жилийн марафонд хотын дарга оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Өмнөх жилүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байсан. Мөн ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан С.Ганбаатар марафонд нэгдсэн. Жил бүр олны танил хүмүүс олноор оролцдог.