Номын хуримаа хийхээр Австри Улсаас ирээд байгаа сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Todko Samson-ийг “Шинэ нэр” буланд урьж, ярилцлаа. Тэрбээр тавдугаар сарын 13-нд өөрийн дөрвөн номын хуримыг хийх гэж байгаа юм. Мөн энэ үеэр зохиолч маань “Тархиа бүлээн байгаа дээр” лекц уншина.
Төгссөн сургууль:
СУИС-ийн РТМУС-ийн сэтгүүлзүйн бакалавр /2006/
БНХАУ-ын Тариалангийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр /2011/
Одоо эрхэлж буй ажил: Чөлөөт уран бүтээлч
Сошиал хуудас: Todko Samson
-Сэтгүүлч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллалгүй байж байгаад саяхан зохиол бичих болсон гэсэн. Зохиол бичих болсон үеэс тань яриагаа эхэлье?
-Хэсэг нөхдийн хамт сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч бүтэлгүйтсэн. Одоо Австри Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа. Эх орондоо ирээд 10-аад хонож байна. Миний хувьд 2015 оноос зохиол, шүлэг бичиж эхэлсэн. Хүний нутагт байх үед бие өвдөж, эмнэлэгт хэвтэж байхдаа зохиол, шүлэг бичиж, бичсэн зүйлээ сошиалд тавьсан нь нэлээд олон хүнд хүрч, тэндээс зохиол, шүлэг бичих урам орсон.
-Та өөрийгөө Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн шавь гэдэг юм билээ. Та хоёр хэрхэн холбогдож байв. Багш тань таныг хэр “тоодог” вэ?
-Би 2006 оноос эхлэн энэ хүний хажууд байсан. Багштайгаа хамт олон хоногоор аялж байсан. Өвөрмонголын олон мужуудаар хоёулахнаа явсан. Мөн 2008 онд багшийнхаа 21 шүлгээс бүрдсэн “Ижийтэйгээ байхад” аудио цомгийг өөрөө найруулан гаргаж байлаа. Хүний нутагт жаргал, зовлон мэдэрснийхээ дараа өөрийн бичсэн зүйлээсээ багш руу явуулсан. Ингээд багшийн шүүлтээр “Үүлэн тайзтай бийрэн жүжиг” гарсан юм. Тэр цагаас хойш багш, шавийн харьцаа улам зузаарсан. Багш маань яаж бичихийг заадаггүй. Болж байна, болохгүй байна ч гэдэггүй. Харин “Унш, бич” гэдэг.
-Таны бичлэгийн өнгө аяс их өвөрмөц юм билээ?
-Монголчууд уншаагүй арга техникээр бичихийг оролдсон. Харин надтай ижил бичлэгтэй орчуулгын зохиолыг монголчууд уншиж байсан. Европт ийм бичлэг түгээмэл байдаг. Тиймээс хүмүүст хэрхэн хүрэхийг хэлж мэдэхгүй юм.
-Дөрвөн номын тань талаар ярья. “Гурван жилийн тоос” ном өнөөдөр /2018.5.11/ хэвлэгдэнэ. Бусад ном нь хэрхэн бүтсэн, ямар учир, агуулгатай ном бэ?
-“Гурван жилийн тоос” нь одоогоор гаргасан отгон ном маань. Австри Улсад амьдарсан гурван жилийн хугацаан дахь жаргал, зовлон бүх зүйлээ энэ номд багтаасан. Шүлэг, найргийн эмхтгэл. Хамгийн анх “Үүлэн тайзтай бийрэн жүжиг” хэмээх шүлгийн ном гаргаж байсан. Өөрөө гаднын оронд байсан ч Монголд номоо хэвлүүлсэн. Хоёр удаа хэвлэгдээд ном дууссан. Үүний дараа “Хүн чулууны бичээс” хэмээх шүлгийн түүвэр гарсан. Энэ ном бас дууссан. Дараа нь “Чамд хэн итгэх юм бэ?” гурамсан цуврал романы тэргүүн дэвтэр “Вангийн нулимс” ном гарсан. Эдгээр дөрвөн номынхоо нээлтийг ням гаригт хийх гэж байна.
-Номын хуримын дараа ямар ажилд ханцуй шамлан орох вэ?
-Дараа долоо хоногт буюу тавдугаар сарын 19, 20-нд Эрдэнэт, Дарханд номын өдөрлөгөө хийнэ. Долдугаар сард “Чамд хэн итгэх юм бэ?” романы хоёрдугаар дэвтэр “Харь хэлээр яригсад”-ыг хэвлүүлнэ. Харин гурав дахь хэсэг “Сөрөг”-ийг ирэх жил хэвлүүлнэ. Эхний дэвтрийг анагаахын шинжлэх ухааны үүсэлтэй, эсийн судалгаа дээр суурилж бичсэн. Болсон үйл явдлыг нийтэд дэлгэснээрээ онцлог. Эдгээр гурван дэвтэр нь бүгд урьд нь болж байсан ч нийтэд дэлгэгдээгүй үйл явдлыг дүрсэлдэг.
-“Чамд хэн итгэх юм бэ?” роман нэрнээсээ эхлээд тун сонирхолтой санагдсан. Романы талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Уншихад итгэхийн аргагүй үйл явдал гардаг. Мөн уншсан хүнд “Яана даа, ийм зүйл болоод байгаа юм уу” гэсэн бодол төрнө. Энэ зохиол герман, англи, франц, итали, орос хэл дээр орчуулагдаж байгаа. Бодит явдалд, баримтад суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, адал явдалт зөгнөлт зохиол. Ерөнхийдөө баримтат зүйлийг ирээдүй цагт төгсгөж байгаа болохоор зөгнөлт зохиолд тооцогдож байгаа. Бүрэн хэмжээний роман.
-Сонирхолтой байна. Романд багтсан өөр сонирхолтой үйл явдлаас сонирхуулаач?
-Сүүлийн үед хүүхэд ихээр алга болж байгаа. Бид хүүхэд алга болоход хүний наймааг бэлгийн мөлжлөгт өртсөн байх, эд эрхтэнг нь зарсан байх л гэж таамагладаг. Гэтэл чухам яагаад хүүхдийн хулгай гардаг, үүний ард юу байдгийг тодруулан бичиж байгаа. Үүний ард огт өөр зүйл байдаг юм. Зүүн Азийн Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхийн улсуудад 400-аад жил хөгжсөн асар нарийн үйл ажиллагаа, сүлжээ. Зөвхөн гэмт хэрэгтнүүд үүнд оролцоод, тэд үйлдээд байдаг юм биш. Политик төвшний хүн үүнийг удирдан зохион байгуулж байдаг. Харин гэмт хэрэгтнүүд үүнийг гүйцэтгэдэг.
-Эхний дэвтэр хэвлэгдээд нэлээд дуулиан тарьсан гэсэн үү?
-Тийм ээ, “Нийгмийг цочроолоо, хүний нэр хүндэд халдлаа. Худалдаанаас тат” гэсэн мэдэгдэл ирж байсан. Энэ дэвтэр дээр дурдсан үйл явдалтай дүйцэхүйц сонирхолтой, адал явдалтай. Анагаах ухааны салбарт хүүхэд, хүний бие, амьтан, ургамалд эмийн туршилт, анагаахын туршилтыг яаж хийж байгааг, өвчнийг яаж зохиомлоор дэгдээж байгааг дүрсэлдэг. Ядуу буурай оронд ямар нэгэн өвчний зохиомол дэгдэлт асар их байдаг. Үүнийг харуулсан зохиолууд юм.
Сонирхуулахад, би номоо 2015 онд бичсэн. Одоогоор номд орсон гурван зүйл биеллээ олоод байгаа. Жишээ нь, ДЭМБ-ын индэр дээрээс Монгол 2004 онд Улаан бурхан өвчингүй гээд зарласан мөртлөө 2016 онд яагаад улаанбурхан дахин дахин дэгдээд байсан нь сонирхолтой. Зохиолд вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхэд улаанбурханы дэгдэлтэд өртөөд олон хүүхдийн амь нас эрсдэж байгаа тухай өгүүлсэн юм. Гэтэл жилийн дараа Монголд ийм зүйл болсон. Мөн 2018 оны хоёрдугаар, гуравдугаар сард Монгол орны зүүн урд бүсээс шүлхийн халдлага орж ирж, дэгдэнэ гэж миний номд тодорхой өгүүлсэн байдаг юм. Түүнчлэн сэтгүүлч, олон нийтэд ханддаг хүний эрх зөрчигдөж, амь насанд нь хохирол учирч байгаа талаар гардаг. Энэ ч бас биеллээ олсон. Монголд тухайн үедээ шуураад намддаг. Тэднийг бүгд мэдэж байгаа ч дурдах хэрэггүй байх.
-Итгэмээргүй, хачирхалтай сонсогдож байна. Баримтад суурилж бичсэн нь бидний яриаг аврах байх?
-Би зөнч биш. Тиймээс бүх зүйл дээр судалгаа явуулсан. Судалгаа явуулахад болох зүйл нь тодорхой байсан. Тодорхой байсан зүйл цагийн аясаар биеллээ олсон. Зохиолыг бичихдээ өргөн хүрээнд асар их судалгаа явуулж, далайцтай хийсэн. Судалгааг интернетээс хайж судалдаггүй. Европт байхдаа Онцгой байдал, мал эмнэлэг, тагнуул, цагдаа, эрүүл мэндийн газар гээд бүх л газартай утсаар холбогдож, судалгааны материалыг нь гуйж аваад уншиж, судалгаа явуулсан. Хамгийн наад захын жишээ авахад, шүлхий гарахад ямар арга хэмжээ авдаг, устгал, ариутгалыг хэрхэн хийдгийг судалсан. Үүний ард тагнуул, онцгой гээд олон газар ажиллаж халдалт уу, дэгдэлт үү гэдгийг тогтоодог юм билээ.
-Шүлхий гэснээс, Монголын 13 аймаг 44 суманд шүлхий гарлаа. Энэ нь таныхаар халдлага байжээ?
-Зохиолд тэгэж гардаг. Би муу ёр зөгнөж бичээгүй. Судалгаагаар нийгэмд зайлшгүй болох зүйл байсан болоод л ийм зүйл болсон юм.
-Хувийн амьдралаа сонирхуулж болох уу?
-Австри Улсад амьдарч, ажил хийж байгаа. Одоо эх орондоо ирээд байгаа ч цаашид хаана амьдрахаа шийдээгүй байна. Би “тэнэх” дуртай хүн. Багадаа лам болоод, дараа нь цэрэгт яваад, түүний дараа Хятад, Австри явсан байдаг юм. Миний залуу нас ийм байдлаар тогтвор суурьшилгүй өнгөрсөн байдаг. Цаашид хаана суурьшиж, хувийн амьдрал хэрхэн өрнөхийг сайн мэдэхгүй байна.
-Харин таны хэтийн төлөвлөгөөг сонирхъё?
-Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах талаар бодсон зүйл бий. Харин энэ бичдэг зүйл бол зогсохгүй юм билээ. Бичиж л байвал тайтгардаг.
Холбоотой мэдээ