Нийслэл ирэх өвөлд эртнээс бэлтгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Нийслэл ирэх өвөлд эртнээс бэлтгэж эхэллээ

Нийслэл ирэх өвөлд эртнээс бэлтгэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын эхэнд өнгөрсөн оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, шуурхай зохицуулалт хийсэн талаар болон цаашид анхаарч авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар Захирагчийн ажлын албанаас танилцуулаа. “Өнгөрсөн онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны дүнд 2017-2018 оны халаалтын улиралд инженерийн шугам сүлжээнд гэмтэл гараагүй” гэдгийг УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн танилцуулгынхаа эхэнд дурьдсан.

Мөн тэрбээр “2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 1231 арга хэмжээ төлөвлөсөн байснаас 100 хувийн биелүүлж ажилласан. “Амгалан ДС” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-иуд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа 3 түгээх болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан 9200 гаруй барилга, 2453 аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллалаа. Түүнчлэн 45 ширхэг нам даралтын зуухны 56 ширхэг барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжинд холбосон. Өвөлжилтийн үед гарсан гэмтэл, саатлыг түргэн шуурхай илрүүлэн устгаж, зохицуулалтыг хийж ажилласан” гэлээ.

Ирэх халаалтын улиралд БЗД-ийн 4, 5, 22 дугаар хороо Их засаг сургуулийн орчимд 16 ширхэг, Маахуур толгойн орчимд 25 ширхэг, БЗД-ийн цогцолбор сургууль орчимд 12 ширхэг нийт 53 хааалтын зуухыг “Амгалан” ДС-ын сүлжээнд, СХД-ийн 22-р хороо 0151 дүгээр цэргийн анги орчимд 15, ХУД-ийн 7, 8 дугаар хороо, 60 дугаар сургууль 118 дугаар сургууль зэрэг 68 ширхэг нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, агаарын бохирдлыг бууруулах бодит арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Танилцуулгын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд холбогдох албан тушаалтнуудад 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, байгууламжийн урсгал засварын ажил болон халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлыг төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгүүлэн дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хотын даргын зүгээс сургууль, цэцэрлэгийг засвар үйлчилгээтэй холбоотой бүх ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгахад онцгой анхаарч ажиллахыг даалгаад “Ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг бид өнөөдөр хэлэлцэж байна. Хэдий хаврын сар дуусаагүй ч гэсэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс базааж, завсар үйлчилгээг цаг хугацаанд нь төлөвлөсөн графикийн дагуу хийж гүйцэтгэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг наадмын өмнө хэлэлцэнэ. Нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд болон холбогдох байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж