Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын явцтай нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд өчигдөр танилцлаа. Тус газар нь авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм. Өнгөрсөн сарын 9-ний өдөр авто замын ан цав, хагарлыг засварлах туршилтын ажлыг Баянзүрх дүүрэг, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө чиглэлийн авто замд мастикаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тухайн газраа эргэж үзлэг хийхэд эвдрэлгүй, үр дүнтэй байсан.

Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байлаа. Битумын дэгдэмхий элементүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан юм. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул битумд нэвчиж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шаардлага гардаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судалсны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мастик нь дээрх бүх хүндрэлтэй талуудыг шийдвэрлэсэн төдийгүй бэхжилтээ авсны дараа резинлэг шинж чанартай болж тээврийн хэрэгслийн дугуйнд наалддаггүй нь олон давуу талыг агуулж байгаа юм. Тухайлбал авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаах шаардлагагүй ба замын хэвтээ тэмдэглэгээг бохирдуулахгүй зэрэг давуу талууд байна.

Одоогийн байдлаар нийт 18000у/м авто замын ан цав, хагарлыг мастикаар засварлаж ажилласан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж