2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Бангкок дахь НҮБ-ын хурлын төвд фашизмын эсрэг эвслийн Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 73 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. ОХУ-ын ЭСЯ-ны санаачилгаар зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яам Бангкок дахь БНХАУ болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамдтай хамтран оролцов.
Үзэсгэлэнг нээж НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Хонжу Хам, ОХУ-ын Элчин сайд К.Барский, БНХАУ-ын Элчин сайд Лю Зян, БНКазУ-ын Элчин сайд Р.Есбулатова нар хийгээд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн үг хэлэв. Элчин сайд Т.Төгсбилгүүн хэлсэн үгэндээ Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайны жилүүдэд Ялалтыг ойртуулахад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр болон 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн Улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн байлдаж, Дэлхийн хоёрдугаар дайныг хамтдаа төгсгөсөн тухай ярив. Үзэсгэлэнгийн нээлтэнд Бангкок дахь дипломат корпус болон Тайландын олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид өргөнөөр оролцсон болно.
Аугаа их эх орны дайны жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн тусламж, дэмжлэгийг харуулсан түүхэн гэрэл зургуудыг судлаач Равдангийн Баяр өөрийн хувийн цуглуулгаасаа хуваалцсан болно.
Эх сурвалж: ГХЯ