Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

70 мянгын даажигнал

Эх орны хишгийн 70 мян­гын дэвтэр тараалтын ажил  эхлээд зургаа хонож байгаа ч иргэдийн дараалал их байна. 70 мянгын талаар иргэдээс ир­сэн гомдлын да­гуу сурвалж­лахаар өчигдөр Сүхбаа­тар дүүргийн ес­дүгээр хо­роог зорилоо. Хо­­роо­ны ша­таар доош урууд­сан олны бухимдал биднийг угтсан юм. Цайны цаг болоогүй бай­хад хаал­гаа барьчихаад биднийг оруулахгүй байна хэмээн иргэд гомдоллож байв. Тэдний дунд хорооны ажилтнууд удаан үйлчилж байна, бичиг баримтын зөр­чил гаргаж яв­­дал чирэгдэл учрууллаа гэх хүмүүс ч бай­сан юм. Да­раалалд зогсч бай­гаа хү­мүүсийн зарим нь хэдэн өдөр дараалалд зогсч буй тухайгаа ярьж байв.

“БИ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БИШ”

Биднийг ийнхүү ярилцаж зогстол “Би Монгол Улсын ир­гэн биш юм байна” хэ­мээн нэгэн эмэгтэй ихэд бу­­хим­дангуй гарч ирэв. Түүн­­тэй уулзаж юу болсныг тодрууллаа. Тэрбээр одоо­гийн амьдарч байгаа хая­ганд шилжиж ирээд таван жил болж байгаа аж. Гэтэл “Хүний хөгжлийн сангийн” дэвтэр тараалтын нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй байсан байна. Яагаад нэр нь байхгүй байгааг асуутал хорооны ажилтан “Бидний буруу биш. Дүүргийн Иргэний бүртгэлээс лавлагаа аваад ир” хэмээжээ. Тэрбээр “Сон­гуулиа энэ хаяг дээрээ өгөөд болоод байсан байж одоо болохоор яахаараа ми­ний нэрийг хасдаг юм бэ. Манайхны нэр бай­на. Харин миний нэр л алга. Ямартаа ч дүү­­рэг рүү явахаас. Тэнд очи­хоор мөнгө өгч лавлагаа авдаг гэсэн” хэмээн бухимдав. Бас нэг залуу лавлагаатай хол­боотой жишээ дурдав. Хоёр хоногийн өмнө дэвтрээ ава­хаар ээж нь иржээ. Бас л өрхийн бүртгэлээс ха­сагд­сан байжээ. Тэр үед лавлагааг хороон дээрээсээ 300 төгрөг төлж байж авсан байна. Тэрбээр “Лавлагааг 200 төгрөгөөр авч байгаа юм билээ. Энд хэн нэгэн бизнес хийж байгаа юм шиг байна” гэв.

ХОЁР НӨХӨР & НЭГ ЭХНЭР 

Нэг хашаанд байдаг хоёр айлын ам бүлийг нэг өрх хэ­мээн бүртгэжээ. Гэхдээ нэг­нийнх нь эхнэрийн нэрийг бас л гээсэн байв. Хоёр гэрийн эзэн, гурван хүүхэд, нэг эхнэр хэмээн бүртгүүлсэн иргэн буруу бүртгэсэн тухайг хорооны ажилтан хэлэхэд “Та нар л анхнаасаа ингэж бүртгүүлээ биз. Энэ хая­ган дээр амьдардаг гэ­сэн лавлагаа хийлгэж ир” гэ­жээ. Тэрбээр лавлагаагаа бас л 200 төгрөгөөр авсан. “Хэдэн өдөр ажлаа алдаж байна” гэсээр нэгэн хүн на­майг чиглэн ирсэн юм. Нэг өрхийн хоёр хүний нэгийг нь Баянзүрх, нөгөөг нь Сүх­баатар дүүрэгт оршин суудаг хэмээн бүртгэсэн байна. Энэ бүхнийг өөрсдөөрөө даа­жиг­налаа хэмээн үзэж байгаагаа ч иргэд нуусангүй.
Энэ мэт 70 мянгын дэв­тэр тараалтыг тойрсон асуудал олон байгаа аж. Сүхбаатар дүүргийн есдү­гээр хорооны Засаг дарга Н.Ганцацралаас дэвтэр та­раал­тын талаар тод­руул­сан юм.  

-Иргэдийн нэр оршин суугаа хаяган дээрээ байхгүй байна гэх гомдол их байна. Энэ юутай холбоотой вэ?

-Иргэдийн нэрсийн жаг­саал­тыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн.  Ийм асуудал үүссэн иргэдийн нэр хорооны бүртгэлд байгаа юу гэвэл байна. Хорооноос 70 мянгыг олгох талаар  он гарснаас хойш хоёр ч удаа, бичиг баримтын тулгалт хий­­сэн. Хаяган дээрээ бай­гаа бүх өрхүүдээр орсон. Хо­рооны зүгээс мөнгө тараах ажил бэлэн болсон. Харин дэвтэр бичилт эхлэхээс өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэрс ирүүлсэн.  Тэр нэрэн дээр байхгүй хү­мүү­сийг заавал Иргэний бүрт­гэлийн ерөнхий газар руу явуул гэсэн үүрэг өгсөн. Ир­гэд үүнийг хороо иргэдээ мэдэхгүй байна гэж ойлгоод байх шиг байна. Бид нэр нь байхгүй хүмүүсийг өгсөн үүр­гийн дагуу дүүрэг рүү явуулж байна.

-Тэгэхээр Улсын бүрт­гэлтийн газрын буруугаас болж, иргэдэд чирэгдэл учирч байна гэсэн үг үү?

-Ямар нэгэн бичиг ба­римтын зөрчилтэй л болоод тэндээс нэрийг нь хассан байх. Түүнээс биш хорооны зүгээс иргэдийн нэрийг хас­сан юм байхгүй гэв.
Үүнтэй холбогдуулан  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Баатарсайханаас дараах тайлбарыг авлаа. Тэрбээр “Улсын бүрт­гэлийн ерөнхий газраас холбогдох нэрсээ өгөх ёс­той газруудад явуулсан. Сүүл­чийнхийг нь өнгөрөгч пүрэв гарагт дахин тодотгол хийж шинэчлээд өгсөн байгаа. Нэр нь байхгүй хүмүүс харьяа дүүргийнхээ улсын бүрт­гэлийн тасаг дээр очоод хаягандаа байгаа эсэхийгээ тодруулж тодорхойлолт авч байна. Улсын бүртгэлийн газ­раас нэр гаргаж ха­ламж үйлчилгээний газарт өгч байгаа. Халамж үйлчил­гээний газар цааш нь анхан шатны нэгжүүд рүү дам­жуулах ажлыг хийж байгаа” гэв. Иргэдийн нэрс байхгүй байгаа нь хэний буруу вэ гэсэн асуултад “Хүн дав­хардуулалгүй мөнгө өгөх ёс­той. Тиймээс хаягандаа байгаа үгүйг нягталж байгаа асуудал. Түүнээс хаягандаа байгаа хүмүүсийг явуулаад явдал чирэгдэл учруулсан асуудал байхгүй байх гэж бодож байна. Манай зүгээс энэ гомдлуудыг багасгах үүд­нээс хороо, дүүргүүд дээр холбогдох хүмүүсийг нь  ажиллуулж байна. Хаана, ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсч байгааг судлаж байгаа” гэв.
Нөгөө талаас иргэдийн бичиг баримтын зөрчил их байгаа нь тэдний хэнэггүй байдалтай холбоотой аж. Одоо 30 хүрч байна гэх нэгэн эрэгтэй иргэний үнэмлэхээ сунгуулаагүй байгаа та­лаа­раа ярьж хорооны ажилт­нуудыг бухимдуулж байлаа. Дараалалд зогссон олны дунд хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ мэдэхгүй яваа хүмүүс ч тааралдаж байсан. Иргэдийн зүгээс “Би­дэнд зориулж зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Аль өглөөнөөс хойш зоссон ч тулгалтаа хийлгээгүйгээс бу­цах явдал их байна” гэв.  Мөн хувийн хэрэг шаардаж байгаа нь хэцүү байна гэсэн юм. Хоёрдугаар сард 70 мянган төгрөг олгохдоо өрх бүрт хувийн хэрэг нээсэн аж. Хувийн хэрэгт өрхийн ам бүлийг бүгдийг нь хамруулах ёстой. Иргэд нэрээ шүүгээд хувийн хэргээ авч бичилтээ хийлгэх учиртай гэнэ. Хэрэв өрхийн хэн нэгнийх нь бичилт дутуу байвал 70 мянгыг  олгохгүй болох шинэчлэгдсэн программ хийгдэж байгаа аж. Өнгөрөгч даваа гаригт хуралдсан Нийслэлийн удир­дах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр захи­рамж гаргаж, лавлагааны 200 төгрөгийг хураахыг бо­лиулсан байна. Өчигдрөөс энэ захирамжийг хэрэгжүүлж эхэлжээ.

Ж.Тагтаа
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж