ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан Улаан-Үд хотноо Орос, Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж байна.
‘Буриад Улс, Монголын Хөрөнгө оруулалтын боломжууд’ сэдэвт уг уулзалтад Монголоос МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн хүрэлцэн иржээ. ОХУ-аас 80 гаруй компанийн төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн бизнесмэнүүд хоёр өдрийн туршид хамтран ажиллах чиглэл, арга замуудаа хэлэлцэх юм. Өнөөдөр өглөө эхэлсэн бизнес уулзалтыг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга И.Н.Зураев нээж үг хэллээ. Монголын төлөөлөгчдийг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монголын хөрөнгө оруулалтын боломжийн талаар хөрш орнуудын бизнес эрхлэгчдэд танилцуулав.
Бизнес уулзалтад Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн зөвлөх О.Эрдэнэчимэг, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд нар оролцож, зөвлөх Ц.Ганболд Монгол дахь Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулалтын орчин, давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Энэхүү бизнес уулзалт нь аугаа их ялалтын 73 жилийн ойтой давхцаж нээгдэж байгаагаараа онцлог бөгөөд өчигдөр манай төлөөлөгчид Улаан-Үд хотноо зохион байгуулсан Ялалтын баярын парадыг үзэж сонирхлоо. Н.Оюундарь тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов хүлээн авч уулзаж Буриад-Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад Буриадын Засгийн газрын хоёр орлогч дарга, Эдийн засгийн болон Аж үйлдвэр, худалдааны сайд нар байлцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ